BREXIT-ийн асуудлаарх яриа хэлэлцээ эхэллээ

Мэдээ

Даваа гарагт BREXIT-ийн асуудал хариуцсан Их Британийн сайд Дэвид Дэвис Европын Холбооны төлөөлөгч Мишель Барньетэй уулзаж, хоёрдугаар шатны яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлсэн байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх яриа хэлэлцээрийн үеэр талууд Их Британи дахь Европын Холбооны гишүүн орнуудын иргэдийн эрх болон Их Британийн талаас Европын Холбоонд төлөх санхүүгийн өр төлбөрийн асуудлыг голчлон хэлэлцэнэ. Үүний дараа буюу пүрэв гарагт хэлэлцээний үйл явц илүү тодорхой болно гэж олон улсын улс төрийн ажиглагчид үзэж байгаа юм. "Энэ яриа хэлэлцээ чухал учраас бид цаашид илүү ахиц гаргах хэрэгтэй" гэж BREXIT-ийн асуудал хариуцсан Их Британийн төлөөлөгч Дэвид Дэвис мэдэгдсэн байна.

BREXIT-ийн асуудал хариуцсан Их Британийн сайд Дэвид Дэвис "Бид өнгөрсөн сард хэлэлцээг амжилттай эхлүүлсэн. Мишель Барньегийн хэлсэнчлэн бид одоо үйл явдлын өрнөл хэсэг рүү орж байна. Энэ яриа хэлэлцээ иргэдийн эрх, санхүүгийн асуудал, хэлэлцээний дараах нөхцөл байдал болон Умард Ирландын гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх болно. Бидний хувьд энэ хэлэлцээ маш чухал учраас бид ахиц гаргах хэрэгтэй. Үүний тулд асуудлуудыг хэлэлцэж, санал зөрүүтэй байдлаа нэгтгэн баталгаажуулах болно" хэмээн мэдэгджээ. BREXIT-ийн асуудал хариуцсан Европын Холбооны төлөөлөгч Мишель Барнье "Бид одоо л асуудлын өрнөл хэсэгт шилжиж байна. Тиймээс бид хэлэлцээнд ахиц гаргахын тулд өөрсдийн байр сууриа харьцуулах шаардлагатай. Та бүхний мэдэж байгаачлан, хэлэлцэгч талууд иргэдийн эрх, санхүүгийн өр төлбөрийн болон бусад шилжилтийн асуудлуудыг хэлэлцэнэ. Бидний чиглүүлэгчид Умард Ирландын асуудлаар улс төрийн яриа хэлэлцээ хийж, 50 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах болно" гэсэн байна.

Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон "Их Британийн Засгийн газар Европын Холбооны гишүүн орнуудын иргэдийн эрхийн асуудалд таатай санал тавьсан" гэж мэдэгджээ. Борис Жонсон "Дараагийн шатны яриа хэлэлцээ эхэлж байгаад миний бие таатай байна. Та бүхний мэдэж байгаачлан, Их Британийн Засгийн газар иргэдийн эрхийн асуудалд шударга, нухацтай хандаж, таатай саналыг тавьсан. Учир нь энэ бол манай улсад байгаа Европын 3.2 сая орчим иргэний эрхийн асуудал. Тийм учраас би үүнийг таатай санал гэж үзэж байгаа. Талууд энэ саналд зохих ёсоор хандана гэдэгт миний бие найдаж байна" гэж онцолсон байна.





САНАЛ БОЛГОХ