Засаглалын институцээр хөөцөлдөж байна

Ярилцлага

Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхийг хэвээр хадгалах нь зөв

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хуульч, судлаач Р.Очирбалтай ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Зөвлөлдөх санал асуулгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан. Санал асуулгын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсад 2017 оны хоёрдугаар сард анх удаа Зөвлөлдөх санал асуулга хэмээх ойлголт гарч ирсэн. Зөвлөлдөх санал асуулгын гол зорилго нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн зохих байгууллагаас түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах, уг асуудалд иргэд ямар байр сууринаас хандаж байгааг сонсох, тэдний шийдвэрийг тусгахад оршдог. Манай улсад энэхүү шинэ ойлголт бий болоод ердөө гурван сар болж байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр хэрэглэсэн нь оновчтой алхам гэж үзэхгүй байна. Ихэнх судлаачид Зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр хэрэглэх нь зохимжгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэсэн ч УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон бусад ажлын хэсгийн гишүүд Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд ард түмнээс санал авсан нь зөв алхам гэж тайбарлаж байна. Угтаа Үндсэн хуулийг Зөвлөлдөх санал асуулгын туршилтын талбар болголоо. Хамгийн гол нь, эхлээд нутагшуулж, иргэдэд ойлголт өгч, туршлага суулгаж, санал асуулгад оролцох соёл бүрдсэн тохиолдолд хэрэглэж болохыг үгүйсгэхгүй.

-Улс төрийн ашиг сонирхлоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэдгийг улстөрчид хэлж байна. Энэ өөрчлөлтийг хийснээр ямар давуу тал үүсэх вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүхий л шатанд ард түмний оролцоог хангах зарчимтай. Гэтэл энэ зарчмыг хязгаарлаж, Зөвлөлдөх санал асуулгыг явуулсан. Асуулгад оролцсон хүмүүс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн хуулийн заалттай. Тиймээс улс төрийн сонирхлоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ашиг сонирхол явж байхыг үгүйсгэхгүй. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Гэтэл зарим нь Үндсэн хуулийн болон эрх зүйн мэдлэг, ухамсар, туршлагагүй хүмүүс байна билээ. Ажлын хэсгийнхэн тэдгээр хүмүүст мэдээлэл хүргэж, сурталчилгаа явуулсан гэж ярилаа. Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр сууринаас сурталчилвал үр дүн нь ямар гарах нь тодорхой. Энэ мэт дутагдалтай зүйл олон байгаа. Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх нь зөв гэсэн үр дүн гарсан. Тиймээс есдүгээр сарын 10 хүртэл ард түмний дунд хэлэлцүүлж, санал авна. Шаардлагатай тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал авах, эсэхийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийдвэрлэдэг. Гэхдээ МАН хууль тогтоох байгууллагад дийлэнх олонх байгаа үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хангалттай нөхцөл байдал бүрдээд байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү. Зайлшгүй шаардлагатай заалтуудыг өөрчилж чадаж байна уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь зөвхөн төрийн институцын асуудлыг хөндөж байгааг шүүмжлэн хэлэлцэх хүмүүс олон байна. Дэлхийн улс орнуудад түгээмэл болсон, Үндсэн хуулийн шинэтгэлийн чухал бүрэлдэхүүн болсон хүний эрхийн асуудлыг яагаад ярихгүй байна вэ. Зөвхөн засаглалын институцээр л оролдож байгаа болохоос биш, иргэдэд чиглэсэн олон зүйл заалтыг орхигдуулж байна. Жишээлбэл, дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа улс орнууд түүнчлэн байгаль орчин, экологийн сүйрэлд өртөж хор хохирлыг нь бодитоор мэдэрсэн улс орнууд байдаг. Тэд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа нэн тэргүүнд ирээдүй хойчийн эрхийг үеийн үед хамгаалах, байгалийн баялаг болон түүхэн дурсгалт өв соёлыг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх төрийн үүргийг хуулчлан баталгаажуулж байна. Гэтэл манайд зөвхөн засаглалын түвшинд л өөрчлөлт ярьж байна. Хүний эрхийг Үндсэн хуулиар хуульчлан баталгаажуулах нь төрийн аливаа дур зоргыг хязгаарлах үр дүнтэй арга болдог. Үндсэн хуулийн нэмэлтийн хүрээнд Цэцийн хяналтыг өргөжүүлэх асуудлыг бүхэлд нь орхигдуулсан.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хангалттай нөхцөл байдал бүрдээд байна
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гол сэдвүүдийн нэг нь яах аргагүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Засгийн газарт давуу эрх олгох. Манайх шиг засаглалтай улсад ямар байвал зохимжтой юм бол?

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах тухай асуудал нийгэмд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж байна. Шинэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь нийгэмд хүлээлт үүсгэж байгаагаас харахад эх баригч намаас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах тал дээр нэлээд анхаарч ажиллах нь ойлгомжтой боллоо. Гурван том хязгаарлалт буюу хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан. Манайх шиг парламентийн засаглалтай улсад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах нь зөв гэж үзэж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн институц хоёр толгойтой засаглалыг бий болгосон нь яах аргагүй үнэн. Харин Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэвээр хадгалагдана.

-Ерөнхийлөгч хоёр улсад суугаа Элчин сайдыг эргүүлэн татах гэж байна. Мөн хөрөнгө оруулалт багасна гэсэн яриа ч гарлаа. Цаашид Засгийн газар яаж ажиллах бол?

-Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт багасна эсвэл, зарим улс оронтой харилцах харилцаанд зарим хүндрэл үүснэ гэх мэт яриа гарсан. Миний бодлоор бас мөрийн хөтөлбөрөөс нь харахад ч тэр гадаад бодлогын харилцаанд томоохон өөрчлөлт орохгүй болов уу. Харин бүрэн эрхийг нь Үндсэн хуулиар хязгаарлах асуудал ярьж байгаа учраас үүнээс өмнө олон асуудлыг шийдэх байх. Есдүгээр сараас хойш Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал улс төрийн том маргаан, мэтгэлцээн дэгдээх нь дамжиггүй. Тиймээс Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн томилгоо маш чухал ач холбогдолтой. Улс төрийн гэхээс илүү чадвартай багаар бүрдүүлэх хэрэгтэй. УИХ-д нэг нам дийлэнх олонхийн суудал авсан үеэд хууль тогтоох эрх мэдлийг нэг бодлогоор хэрэгжүүлэх боломжтой, сөрөг хүчний дуу хоолой сул байгаа энэ үед шинэ Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхээ идэвхтэй хэрэгжүүлэх байх гэж таамаглаж байна. Уг нь Ерөнхийлөгч нам бус байж, төрийн байгуулагууд хоорондоо маргалдаж, мэтгэлцвэл эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ эвтэй байлгахаас илүү сөрөг хүчнийг төлөөлж, талцалд хүргэх бодлого баримтлахыг үгүйсгэхгүй.
САНАЛ БОЛГОХ