23714
Тархины цус харвалт залуусыг ч айлгах болжээ
Эрүүл мэнд
Харвалтыг эмчлэх шинэ арга нэвтрүүлжээ
“Хүү минь, чамтай хуучилмаар байвч өвөөд нь ярих тэнхэл алга даа” хэмээн сулхан дуугаар арай ядан хэлэх өндөр настан өдгөө 70 хүрч яваа. Тэрбээр тархинд нь цус харвасны улмаас П.Н.Шастины улсын III төв эмнэлэгт эмчлүүлж буй олон өвчтөний нэг. Харвалтын шалтгаан нь монголчуудын дунд элбэг тохиолдох зүрх судасны өвчнөөс улбаатай аж. Ингээд бид цааш явж, 50 орчим насны, магнайд нь хөлс бурзайж, их тамирдсан атлаа найрсаг загнах ахтай ярилцсан юм. “Ах нь долдугаар сарын 10-нд гэртээ унтаад сэрэхэд баруун талын гар хөл мэдээ алдан бадайрч, нэг л сонин болчихсон байсан. Тэгэхээр нь түргэн дуудаж, удалгүй эмнэлэгт хүргүүлсэн. Хөтөл тосгоны эмч нар харвалт гэсэн онош тавин, анхны тусламж үзүүлж, 13-ын А маягтаар хот руу шуурхай шилжүүлсэн юм. Ингээд Гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн төвийн харвалтын тасагт ирж, оношилгоо хийлгээд хэвтэж эмчлүүлэхээр болсон. Энд ирэхэд даралт ихсэж, гар, хөл мэдээгүй, ямар ч тэнхээгүй болсон байсан ч эмч, сувилагч нарын ачаар сайжирсан” хэмээн гараа атгаж, хөлөө хөдөлгөн үзүүлэв.
Тархины цус харвалтын энэ тасагт олдмол болон удамшлын гаралтай зүрх судасны өвчтэй, цусны өндөр даралттай, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж цус нь өтгөрч бөглөрсөн зэрэг олон шалтгаанаас болж тархинд нь цус харвасан хүмүүс эмчлүүлнэ. Өвчтөнүүдийг харахад цээжиндээ дугуй мэдрэгч зүүсэн байв. Эдгээр нь орны баруун талд байрлах компьютертэй холбогдож, зүрх, судасны цохилт, даралт хэмжих зэрэг биеийн ерөнхий үйл ажиллагааг хянах зориулалттай. Учир нь эдгээр компьютер эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа хэвийн, эсэхийг хянах чухал үүрэг гүйцэтгэнэ. Эмч нарын хэлж буйгаар харваснаас хойш гурван цагийн дотор эмнэлэгт хандвал бөглөрсөн судсыг бүлэн хайлуулах эмчилгээ хийж, онгойлгодог байна. Гэхдээ үүнийг тусгай заалттайгаар хийдэг. Өнөөдрийн байдлаар энэ эмчилгээг 50 гаруй хүнд хийжээ.
Дуу чимээнээс хол, агаарын солилцоо сайтай, тайван орчинд байх нь эмчилгээний нэг хэсэг учир өвчтөнүүдийг сахиургүй, ямар ч өрөө тасалгаагүй нэг том зааланд хэвтүүлжээ. Тасаг 20 ортой бөгөөд сувилагч нар нь заалны төв хэсэгт байрлан, өвчтөнүүдийн биеийн байдлыг 24 цагийн турш хянах чухал үүрэг гүйцэтгэнэ. Тус тасаг жилийн аль ч улиралд байнгын ачаалалтай байдаг аж. Тухайлбал, зөвхөн тус эмнэлэгт жилд харвалтын дөрвөн мянга орчим тохиолдол шинээр бүртгэгддэг байна. Сүүлийн үеийн судалгаагаар 100 мянган хүнд 293 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр өвчтөнүүдийн 10-15 хувь нь эргээд хэвийн түвшинд очиж чаддаг бол гуравны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болдог байна. Түүнчлэн өвчлөгсдийн хамгийн залуу нь 16 болон 19 настай байсан бөгөөд залуусын дунд ихэвчлэн фитнессээр рэт их хичээллэх, уургийн бэлдмэл хэрэглэх, стресстэх, эмэгтэйчүүдийн хувьд жирэмснээс хамгаалах эм хэрэглэх зэргээс болж тархинд цус харвах тохиолдол гарч байгааг тасгийн эмч нар хэлж байлаа. Бидний амьдралын хэв маягаас шалтгаалан тархины цус харвалт залуужсаныг эндээс харж болно.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь зүрх судас, мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн ганц эмнэлэг учир хүний хөл тасардаггүй. Тус эмнэлэгт хандан эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь 40-50 болон түүнээс дээш насныхан. Ингээд бид Тархины цус харвалтын тасгийн зүүн талын цонхны хажууд хэвтэж буй 50 орчим насны эрэгтэйтэй уулзлаа. Тэрбээр тав хоногийн өмнө харваж, эмнэлэгт иржээ. Улсын эмнэлэг гэдэг утгаараа эмчилгээ нь төлбөргүй хэдий ч зарим эм, тариаг гаднаас авах шаардлага гардаг гэж өвчтөнүүд хэлж байв.
Монголд тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж байгаа тул дэлхийн Эрүүл мэндийн байгууллага 2008 онд манай улсыг харвалтын тархалт өндөр орны тоонд оруулжээ. Тус байгууллагын мэдээллээр жилд 15 сая хүн харвалтаар өвчилж байгаагаас таван сая нь нас барж, үлдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй болдог аж. Тархинд цус харвасан тохиолдолд компьютер томографи болон соронзон оношилгоо яаралтай хийж, харвалтын шинжийг тодруулдаг. Ингэснээр цус хомсрох болон тархины доторх цус харвалтын аль нь болохыг оношилж, тогтоодог байна. Цус хомрох гэдэг нь тархины аль нэг артерийн судас бөглөрсний улмаас тархины цочмог дутагдалд орохыг хэлдэг. Харин тархины цус харвалт гэдэг нь судас гэнэт хагарснаас, эсвэл судасны хананы нэвчүүлэх чанар ихэссэнээс тархинд цус хурахыг хэлдэг гэж тасгийн эрхлэгч Ж.Ариунаа эмч тайлбарлав.
Харвалт хэр хүнд, хөнгөн байгаагаас шалтгаалан тархины гавлыг нээх мэс засал болон цусны бүлэн хайлуулах эмчилгээ хийдэг. Мөн харвалтын үед физик эмчилгээг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш давхар хийдэг юм билээ. Тархины цус харвалтын тасгийн эмч, өвчтөнүүдтэй ярилцаж байхад 45 хоногийн дараа эмчилгээгээ дуусгаад эмнэлгээс гарч буй нэг хүнтэй таарав. Түүнийг эмч үзээд амьдралын зөв хэв маягтай болж, хооллолт, дасгал хөдөлгөөндөө анхаарч, тайван байхгүй бол дахин харвах магадлалтайг сануулан үргэлжлүүлэн хийх эмчилгээг бичиж өгөв. Тэрбээр их стресс, таргалалтаас болж харважээ. Харин одоо амьдралын зөв дадалтай, хоол хөдөлгөөнөө хослуулан эрүүл амьдрахын чухлыг ойлгосноо хэлж байв.
ЗГМ: ТОДРУУЛГА
Харвасан хүнд архи уулгаж болохгүй
Тархины цус харвалтын үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх талаар хүмүүс мэддэггүй. Тиймээс ийм үед ямар арга хэмжээ авах талаар П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Тархины харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа зөвлөж байна.
-Харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Манай эмнэлэг өнгөрсөн гурван жилийн хугацаанд 4300 харвалттай хүн эмчилсэн. Үүнээс архины хэтрүүлсэн хэрэглээнээс болж харвасан хүн их бий. Мөн эдгээр өвчтөнүүдийн 70-80 хувь нь даралт ихсэх өвчтэй бол үлдсэн хувь нь тамхи, архины хэрэглээ өндөртэй байсан. Цусны даралт ихтэй, чихрийн шижинтэй хүмүүс маш нарийн жижиг судастай байдаг учраас судас нь зарим газраа бөглөрч, хагардаг. Энэ тохиолдолд өөрт мэдэгдэхгүй ойр ойрхон харвалт өгдөг. Энэ төрлийн харвалт иргэдийн дунд их бий. Тиймээс харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хорт зуршлаа хаях, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, өөх тос, давсны хэмжээг багасгах, архи согтууруулах ундаанаас татгалзах зэрэг амьдралын зөв хэв маягт шилжих хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө цус харвалтаас урьдчилан сэргийлж чадна. Харин гэр бүлийн хэн нэгэн нь зүрх судасны өвчтэй, даралттай бол харвалтад өртөх магадлал өндөр.
-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Цус хомсрох харвалтын үед давхарлаж, таллаж, эсвэл огт харахгүй байх, гишгэж, явж чадахгүй болж тэнцвэр алдах, гар суларч барьсан зүйлээ алдах, ээрч тультрах, гацах зэргээр харвалтын шинж тэмдэг илэрдэг. Мөн шүдийг нь ярзайлгахад өрөөсөн талын хацар унжиж байдаг. Харин тархины эдийн цус харвалтын үед толгой маш хүчтэй өвдөх, огиж бөөлжих, ухаан алдах, биеийн нэг хэсэг нь сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудан эмнэлэгийн байгууллагад хандах хэрэгтэй.
-Анхны тусламж яаж үзүүлэх вэ?
-Иргэд маань харвасан хүнд дур мэдэн 100 грамм уучихвал зүгээр болчихдог гэх мэтээр архи согтууруулах ундаа хэрэглүүлдэг. Энэ бол маш буруу. Учир нь энэ нь судсан дах цусыг бүлэгнүүлж, улам өтгөрүүлдэг. Ингэснээр харвалтад сөргөөр нөлөөлж байна гэсэн үг юм. Хэл яриа, гар хөлөнд өөрчлөлт илэрч байвал цус хомсрох харвалт байх магадлал 72 хувь байдаг. Тиймээс энэ үед заавал гэрээр эмчлэх биш, эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Харин тархины эдийн цус харвалтын үед судас тасраад тархинд их хэмжээний цус хурдаг учраас биеийн саажсан хэсгийг дээд талд нь гаргаж, хажуугаар харуулан хэвтүүлж, аль болох бөөлжихөд нь саад учруулахгүй байх хэрэгтэй. Мөн хөдөлгөхгүй байх нь чухал. Энэ үед юм уулгаж болохгүй. Харин магнай болон толгойн ар талд хүйтэн жин тавьж болно.
-Түргэн дуудахад их удаж байж ирдэг. Энэ үед заавал түргэн тусламж хүлээх шаардлагатай юу?
-Энэ үед заавал хүлээх шаардлагагүй, аль болох гэртэйгээ ойр эмнэлэгт хандах хэрэгтэй. Өвчтөнийг тээвэрлэхдээ дээр хэлсэн зүйлүүдийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.
Зөвлөгөө
Цус харвалтаас сэргийлэх арга зам
Даралтаа өдөр бүр, шаардлагатай бол хэдэн ч удаа үзэж болно. Даралтны эмийг эмчийн заавраар өдөр бүр тогтмол, таслалгүй ууна. Цусны даралтыг 2 мм.Hg буулгахад харвалт 15, титэм судасны өвчлөл зургаан хувиар буурдаг гэж мэргэжлийн эмч нар хэлж байна.
Давсны хэрэглээг багасгах- Давсгүй цай ууж сурах, давсалсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Хоолны давсны хэрэглээг багасган өдөрт 2,4 грамм натри буюу зургаан грамм натри хлоридоос хэтрүүлэхгүй байх.
Согтууруулах ундааны хэрэглээг өдөрт архи 30 грамм, пиво 300-720 грамм, цэвэр виски 60 граммаас хэтрүүлэхгүй байх. Энэ тунгаас хэтрүүлэн уухад тархинд цус харвах магадлалыг эрс өндөрсгөдөг. Судас хагарч харвалт өгсөн тохиолдолд архи хэрэглэсэн өвчтөн маш түргэн хүндэрч үхэлд хүргэдэг. Тамхи судсыг бөглөж, архи судсыг хагалдаг байна.
Өөх тос хэрэглэхгүй байх- Бидний идэж байгаа ихэнх хүнсний зүйлд тос агуулагддаг. Ялангуяа малын өөх тос хүнд хортой.
Хөдөлгөөнийг эрхэмлэх- Хөдөлгөөн бага байх нь чихрийн шижин, даралт ихсэлт, холестрин ихсэлтийг үүсгэдэг. Хөдөлгөөний идэвхжлийг нэмэгдүүлэхэд өдөр бүр 30-45 минут дасгал хийх, гүйх, нэг цаг явган явах шаардлагатай.
Сэтгэл амгалан бол амьдрал тайван: Та үргэлж сайхан зүйл бод. Бусдыг, орчноо байгаагаар нь хүлээн зөвшөөр. Бусдад өршөөнгүй ханд, туслахыг хичээ, өөрийгөө хайрла. Ингэж чадвал та стрессгүй, эрүүл, чийрэг, амьдрал чинь баяр хөөрөөр бялхах болно. Стрессээ та гадагшаа тогтмол дуутайгаар гаргаж бай. Үүний тулд та толинд харж байгаад ярих эсвэл хашгирч болно.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй