Мөнгө цутгах боломж айсуй

Түүхий эд

Үнийн өсөлт ойртлоо, бид бэлэн үү

Үнэ унаснаар таваарын зах зээлээс үргэж одсон хөрөнгө оруулагчид эргэн ирж байна. Тэд олон улсын зах зээлд эрдсийн үнэ сэргэв үү, үгүй юү уул уурхайг ширтэж, түүхий эдийг сонирхож эхэллээ. Таваарын зах зээлд үнийн уналтаас улбаатай бараан сүүдэр арилж, гэрэл гэгээ татаж буй нь энэ. Хэдийгээр ёроолдоо тулсан уул уурхайн ханш, хөрөнгө оруулалт хормын төдийд цойлоогүй ч нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд дийлэнх түүхий эдийн ханш эргэн сэргэж эхлэв.

2014 оноос хойш уул уурхайн түүхий эдийн ханш дунджаар 60 хувиар буурсан. Харин 2016 оны сүүлийн улирлаас эхлэн алгуур боловч тогтвортой өсөж байна. Нэгэн цагт 10 мянган ам.долларыг шүргэж байсан зэсийн ханш 2016 оны нэгдүгээр сард Лондоны металлын биржид 4400 ам.долларт хүртлээ буурч, үнэ цэнээ хоёр дахин алдсан түүх бий. Гэвч энэ урамгүй үзүүлэлт өнгөрсөн оноор эцэслэж, шаргал металлын ханш ёроолын цэгээсээ 30 хувиар дээшилж, өдгөө 6000 ам.долларыг давах нь. 2016 оны нэгдүгээр сард сүүлийн 25 жилийн доод цэгт хүртлээ уруудаж байсан “Bloomberg”- ийн түүхий эдийн үнийн жишиг индекс он гарсаар 12 хувиар өсчээ. Цөөн хэдэн түүхий эдийг эс тооцвол таваарын зах зээл өөдрөг үзүүлэлтээр бэлэг барилаа.


2020 онд эрчээ авах үнийн өсөлтөд бэлдэх таатай үе тохиож байна
Энэ нь ч учиртай. Түүхий эдийн зах зээлд өсөлт, уналт ээлжилдэг нь бараг л хууль болсон. Үнийн уналт эргээд ханшийн өсөлтийн үндсэн шалтгаан болдог гэх энгийн гаргалаа бий. Түүхий эдийн үнэ уруудмагц түүнийг чиглэх хөрөнгө оруулалт буурч, зарим орд, уурхай үүдээ барьдаг. Үүнээс үүдээд түүхий эдийн нийлүүлэлт татрах нь дамжиггүй. Дээрээс нь сүүлийн хэдэн жилд дэлхий даяар түүхийн эдийн нөөц дундарч, ил орд, уурхайн тоо буурч байгаа. Гэтэл үнэ хямдарснаас таваарын эрэлт өсөөд байдаг. Нийлүүлэлт буурч, эрэлт өсөхөөр зах зээлийн жам ёсоор үнэ өсөх нь ойлгомжтой. Тиймээс ёроолын цэгт хүрсэн ханш эргээд өсөж эхэлсэн нь энэ.

Өнгөрсөн оны эцсээс эхэлсэн энэ өсөлтийг мөнгөний урсгал дагаж байна. Нэгэн цагт үнийн уналтын шуурганаас дайжсан хөрөнгө оруулагчид эргээд уул уурхайн салбарт мөнгө цутгаж эхэллээ. Зөвхөн хувийн хөрөнгө оруулалтаар гэхэд л энэ онд 5.5 тэрбум ам.доллар уул уурхайн салбарт хийхэд бэлэн байгаа аж.

Дэлхийн таваарын зах зээлийн томоохон нийлүүлэгч Австрали улс гэхэд уул уурхайг чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа нэмэхээр зэхэж байна. Тус улсын уул уурхайн компаниуд ирэх хоёр жилд хөрөнгө оруулалтаа 200 тэрбум австрали долларт хүргэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар үүний 25 тэрбум австрали доллар нь баталгаажсан бөгөөд дийлэнхийг нь төмрийн хүдэр, нүүрсний салбарт хийхээр төлөвлөжээ. Одоогийн мөнгөний урсгалаас ажвал дэлхийн нүүрс болон төмрийн хүдрийн хамгийн том экспортлогч ирэх жилүүдэд энэ зах зээлдээ улам ч ноёрхох нь.

Австрали улс 2019 он гэхэд жилд 270 сая тонн нүүрс тээвэрлэх том амбийц тээж, ажилдаа оржээ. Тиймээс ийм хэмжээний экспорт хийх зам тээвэр, дэд бүтцээ засаж, сайжруулаад эхэлсэн. Нүүрсний салбарын дэд бүтцээ өргөтгөхөд тус улс таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж сууна.

Өсөлтөд бэлдэж буй нь ганц Австрали биш юм. Монгол Улстай зэс, алтны зах зээлд өрсөлддөг Перу гэхэд энэ онд уул уурхайн 46 төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн хөрөнгө оруулалт 47 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгааг тус улсын Эрчим хүч, уул уурхайн сайд нь мэдэгдсэн. Энэ улсын уул уурхайн салбарын хамгийн том хөрөнгө оруулагч нь манай урд хөрш. Ирэх жилүүдэд Хятад, Канад, АН У-ын хөрөнгө оруулалт Перугийн уул уурхайг чиглэх нийт мөнгөний тэн хагасыг бүрдүүлнэ. Бидэнтэй зэрэгцэн оршдог Хятад улс Перугийн уул уурхайд 2017-2018 онд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.

Ийнхүү бидэнтэй түүхий эдийн зах зээлд өрсөлддөг хүчтэй тоглогчид хэдийнэ хөдлөөд эхэлжээ. Тэд ирэх жилүүдэд түүхий эдийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх сургаар зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөгөө гаргаад, ажилдаа оржээ. Гэтэл манайд дэлгээд харуулчих, дэлхийд сойчих том төсөл хэр олон байна вэ. Бүтээн байгуулалт нь эхэлж, эрчээ авсан нь “Оюутолгой”-гоос өөр төсөл байхгүй. Энэ хэдэн жил эргэж хургаж, талцаж, хэрэлдсээр Монголын эдийн засгийг сэвхийтэл босгоод ирэх төслүүдээ боомилж дөнгөсөн.

Дэлхийн коксжих нүүрсний аварга орд болох Тавантолгойн түүх энэ гашуун сургамжийн хамгийн тод жишээ. Нэг биш Засгийн газар энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэд хэдэн удаа сонгон шалгаруулалт зарлаад шийдэж чадсангүй. Энэ ордын ашиг шимийг хүртэх

монголчуудын хүсэл өнөөг хүртэл хоосон мөрөөдөл хэвээр үлдэв.

» Дэлхийн таваарын зах зээлийн томоохон нийлүүлэгч Австрали улс гэхэд уул уурхайг чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа нэмэхээр зэхэж байна.
» Ийнхүү бидэнтэй түүхий эдийн зах зээлд өрсөлддөг хүчтэй тоглогчид хэдийнэ хөдлөөд эхэлжээ.
» Энэ хэдэн жил эргэж хургаж, талцаж, хэрэлдсээр Монголын эдийн засгийг сэвхийтэл босгоод ирэх төслүүдээ боомилж дөнгөсөн.

Дэлхийн зах зээлд үзэгдээд өнгөрсөн 2011, 2012 оны үнийн өсөлтийг бид өөртөө нааж чадалгүй, гарынхаа салаагаар урсгачихсан нь үнэн. Хоёр хонохгүй хуулиа өөрчилж, хорь хонолгүй гэрээгээ цуцалснаас хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхол, Монголын эдийн засгийн гайхмаар өсөлт хөөс болон замхарсан юм. Монголын эрх баригчдын болчимгүй мэдэгдэл нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бужигнуулж, Монголоос болгоомжлоход хүргэсэн гашуун түүх саяхных.

Биднийг хэлснээсээ буцаж, хэдэнтээ хуулиа өөрчилж байх зуур уул уурхайн салбарын тоглогчид айсуй өсөлтөд бэлдээд завгүй байжээ. Өдгөө аажим атлаа тасралтгүй өсөж буй таваарын үнэ 2020 он гэхэд дээд цэгтээ хүрэхээр байна. Тайван цагт бэлтгэлээ хангасан Австрали, Перу тэргүүтэй улс өсөлтийн үед өгөөж хүртэх нь ойлгомжтой. Гэтэл газрын хэвлий доорх хэн ч атаархам их хэмжээний эрдэнэс, баялагтай Монгол Улс энэ тоглоомоос дахин хоосон хоцрох юм биш биз. Монгол одоо ч өргөн боломжийн өлгий нутаг хэвээр байгааг хөрөнгө оруулагчид хэлдэг. Ялангуяа, алсыг харж, хэтийг боддог хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс одоо ч таатай талбар хэвээр байгаа.

Үнэндээ түүхий эдийн ханш яльгүй өсөхөд манай улсын 10 орчим тэрбум ам.долларын эдийн засгийг сэвхийтэл босгоод ирнэ. Энэ оны эхний таван сард нүүрсний үнэ өссөнөөс үүдэн өнгөрсөн онд агшиж байсан манай эдийн засаг 4.2 хувиар тэлсэн. Өөрөөр хэлбэл, үл ялиг өсөлт манай эдийн засгийг өөд татахаар байна.

Гэтэл бид айсуй үнийн өсөлтөд бэлдэж байна уу. Угтаа 2020 онд эрчээ авах үнийн өсөлтөд бэлдэх хамгийн тохиромжтой цаг нь одоо тохиож байгаа юм. Монголын эдийн засгийг өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн өмнөх түүхээсээ сургамж авч, алдаагаа засахгүй бол үүлэн чөлөөний нар шиг үнийн өсөлт үзэгдээд л өнгөрнө. Дэлхийн зах зээлийг донсолгосон энэ өсөлтөөс монголчууд ашиг хүртэж чадалгүй хоцрох вий. Хамгийн гол нь өдрөөс өдөрт ахиж энэ өсөлтөд одооноос л бэлдэх нь чухал байна. Хэрэв бизнес, эдийн засгийг дэмжсэн, тогтвортой бөгөөд алсын хараатай бодлого баримтлахгүй бол монголчууд өрсөлдөөнөөс хоосон хоцорч мэдэхээр байна.


САНАЛ БОЛГОХ