Төр муу менежер гэдгийг хөршүүд ойлгож эхэлжээ

Нийтлэл

Хоёр хөршийн төр өөрийн өмчөө цэгцэлж, нэрийн хөрөнгөө эмхэлсээр

Хувьчлалын давалгаа хоёр хөршид өрнөөд удлаа. Хаяа залган оршдог хойд, өмнөд хөршийн төр өөрийн өмчөө цэгцэлж, нэрийн хөрөнгөө эмхэлсээр. Нэг талаас төр эд хөрөнгөө зарж, эрх мэдлээ хумьж буй мэт. Гэвч үүний цаана нүсэр бүтцээсээ салж, хэрэгцээгүй илүүдлээсээ ангижрах гэсэн давхар зорилго нуугдаж байдгийг хоёр хөршийн хувьчлалаас харж болохоор байна.

Цомхон төр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эдийн засгийн бодлогын нэг “хөзөр” байв. Энэ "хөзөр" Оросын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг газрын тосны ханш уруудаж, тус улсын эдийн засаг хүндэрсэн 2015 оноос санхүүгийн хүндрэлээ даван туулах арга болон хувирсан юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Орос улс яаралтай хувьчлах шаардлагатай төрийн өмчийн жагсаалт гаргаж, 1000 орчим компанийг бүрэн болон хэсэгчлэн хувьчилж, худалдахаар төлөвлөсөн байдаг. Үүнд нь дэлхийн алмаасны зах зээлийн тэргүүлэгчдийн нэг “Алроса”, газрын тос, байгалийн хийн аварга компани болох “Роснефть” гээд дэлхийн хэмжээний том компаниудыг багтаасан юм. Хойд хөрш төрийн өмчийн эзэмшил хувиа ийн борлуулаад, оронд нь нэг их наяд рубль буюу 12.5 тэрбум ам.долларын орлого олох тооцоо хүртэл гаргаад амжсан.

Өнгөрсөн онд 100 хувь Монголынх болсон уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” нь өмчөө цэгцэлж, төсвөө зузаатгах гэсэн ОХУ-ын төрийн бодлогын нэгээхэн хэсэг байв. Тиймээс хойд хөрш 40-өөд жил эзэмшсэн, “Эрдэнэт үйлдвэр”- ийн 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс” корпорацид худалдсан юм. Сүүлийн таван жил алгуур боловч тасралтгүй өрнөж буй хойд хөршийн өмч хувьчлал өдгөө эрчээ алдалгүй үргэлжилж байна. 2017-2019 оны хооронд тус улс төрийн өмчит хэд, хэдэн аж ахуйн нэгжээ хувьчилж, нийт 17 тэрбум рубль олохоор төлөвлөж сууна. Үүнд энэ улсын томоохон банкуудын нэг VTB багтаж байгаа аж. Тус банкны 60.9 хувийг эзэмшдэг ОХУ-ын Засгийн газар энэ удаад 10.9 хувийг хувьчлахаар төлөвлөж байгаа юм. Хэдийгээр банк тойрсон хувьчлал маргаан дагуулж байгаа ч энэ ажлыг тууштай үргэлжлүүлнэ гэдгээ Оросын албаныхан мэдэгджээ.

Ийнхүү хойд хөршид хувьчлалын салхи сэвэлзэж байх зуур өмнөд хөрш ч төрийн өмчөө цэгцлээд эхэлсэн. Тус улс үр ашиггүй, өрийн уурхай болсон компаниудаасаа татгалзаж байна. Урд хөршийн эрчтэй өсөлтийг хойш чангааж буй төрийн зарим компаниудыг шинэчилснээр эдийн засгаа дэмжинэ гэж Хятадын удирдагчид үзэж байгаа юм. Тиймээс аж үйлдвэрийн салбарын хэт үйлдвэрлэлийг бууруулж, төрийн өмчит компаниудын тоог цөөлөх зорилт дэвшүүлсэн. Эхний ээлжинд төрийн өмчит компаниудыг хамарсан өргөн хүрээний хяналт, шалгалтыг эрчимжүүлэв. Шалгалтаар авлига, хээл хахуулийн хэргүүдийг ар араас нь илчилж буйг уншигч та дуулсан байх.


Төрийн өмчит компаниудын шинэчлэлийг тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо эхлүүлсэн. Ер нь Хятадын төрийн өмчийн томоохон шинэчлэл эрчим хүчний салбарт өрнөхөөр байна. Тус салбарыг төрийн болон хувийн хос эзэмшилтэй болгож, үйл ажиллагаа нь шинэчилснээр бүтээмж дээшилнэ гэж үзэж байгаа аж.


Үүнээс гадна томоохон компаниудыг нэгтгэж эхлээд байна. БНХАУ-ын нүүрс олборлолтоороо тэргүүлэгч “Shenhua group”-ийг эрчим хүчний “China Guodian” корпорацитай нэгтгэх яриа хэлэлцээ үргэлжилж буй. Нүүрс олборлодог болон тус түүхий эдээр цахилгаан үйлдвэрлэдэг хоёр компани нэгдсэнээр урд хөршийн эрчим хүчний салбарын хамгийн хүчирхэг нэгдэл бий болох юм. Хоёр компанийн нийт хөрөнгийн хэмжээ 267 тэрбум ам.доллар буюу 1.82 их наяд юаниар хэмжигдэж байна.

Урд хөрш үр ашигтай л гэж үзвэл энэ мэт нэгдэн, нийлэх ажиллагааг дэмжсээр байх нь. Тодруулбал, БНХАУ-ын бодлого тодорхойлогчид нүүрсний болон цөмийн найман цахилгаан станцыг нэгтгэн гурав болгохоор төлөвлөөд байгаа ажээ. Эдгээр эрчим хүч нийлүүлэгчдийн нийт хөрөнгө 5.9 их наяд юаниар хэмжигдэж байна. Ийнхүү төрийн өмчийг шинэчилж, шаардлагатай компаниудыг нэгтгэн, нийлүүлэх замаар данхар бүтцээ цомхон болгохоор төлөвлөж байна.

Бидэнтэй зэрэгцэн оршдог их гүрнүүд төрийн өмчөө ийнхүү цэгцэлсээр. Улмаар илүү оновчтой, хэмнэлттэй төрийн бодлого руу чиглэж байна. БНХАУ болон ОХУ-ын өмч хувьчлал хэдэн жилийг дамнаж буй нь үнэн. Угаас өмчтэй холбогдсон шинэчлэл маргаан, эсэргүүцэл дагуулж байдаг. Гэхдээ хөрш орнууд өмчөө цэгцлэх оролдлогоо орхилгүй тууштай үргэлжлүүлж байна.

Уг нь манай улсад ч хувьчлах, нэгтгэх шаардлагатай төрийн өмч цөөнгүй. Төрийн гэх тодотголтой аж ахуйн нэгжүүдийн үр ашиггүй, үрэлгэн байдал хэрээс хэтэрсэн. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар эдгээр компанийн алдагдал 11.3 тэрбум төгрөгт хүрчээ. Ийн алдагдалтай ажиллаад зогсохгүй үлэмж хэмжээний өрөнд баригдсан байна. 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар төрийн өмчит компаниуд 38.6 тэрбум төгрөгийн татварын өртэй нь шалгалтаар тогтоогдсон юм. Тэр ч бүү хэл, төрийн өмчит зарим компани улсаас зээл авчихаад түүнийгээ тэглүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байгаа гэх мэдээлэл ч бий. Ингээд бодохоор улсын төсөвт ачаа болж буй эдгээр төрийн өмчийг нэн яаралтай шинэчилж, хувьчилмаар. Эс бөгөөс эдгээр аж ахуйн нэгж төр тун муу менежер гэдгийг алхам тутамдаа батлан, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй урсгасаар байх нь.

Гэтэл өрийн хүүдий, үр ашиггүй байдлын илэрхийлэл болсон төрийн өмчит компаниудын шинэчлэл өдгөө улам бүдгэрээд эхэллээ. Түүгээр зогсохгүй төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй төсөл бүрийг урагшлуулахын тулд тусгайлсан компани байгуулах шийдвэрийг ч Засгийн газар гаргаад байгаа. Монгол төрийг, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж буй төрийн өмчит компаниудын толгойг илсээр суух зуур төр улам данхайсаар. Энэ завсар харин хоёр хөрш маань өмч хувьчлалаа амжилттай хэрэгжүүлээд, цомхон атлаа ухаалаг төрийг цогцлоож чадах нь.
САНАЛ БОЛГОХ