СЗХ Монгол Улсын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалтыг батлав

Мэдээ

Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын түр жагсаалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо гаргаж баталлаа. Жагсаалтад дэлхийд тэргүүлэгч 26 биржийг багтаажээ. Мөн Монгол Улсын Хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасны бүртгэл бүхий харьяалах 24 улс орон бүхий жагсаалт гаргасан байна. Ингэснээр эдгээр биржүүд болон улс орнуудад бүртгэлтэй компаниуд Монгол Улсад давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих, мөн эдгээр улсад бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан Монгол Улсын Хадгаламжийн бичиг гаргах боломжтой болж байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ. Иймээс жагсаалтад багтсан биржүүдэд бүртгэлтэй компани үнэт цаасаа бүртгүүлэхэд тавигдах шаардлага, шалгуурыг шинэчлэн тогтоох шаардлага үүсэж байна.

Мөн боломжит хөнгөлөлт, чөлөөлөлтийг өөрийн дүрэм, журамд тусгах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг хангагдах нөхцөлийг бүрдүүлэх, давхар бүртгэлтэй компанийн тайлагнал, ил тод байдлыг хангах зохицуулалтыг бий болгохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Энэ удаад жагсаалтыг гаргахдаа хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, зохицуулалт, хууль эрх зүйн орчинд үнэлгээ, дүгнэлт өгдөг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MSCI, FTSE индексийн ангиллыг баримталжээ. Мөн үндэсний арилжаа эрхлэгч байгууллагын санал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадад бүртгэлтэй компаниудын улс болон биржийн харьяаллыг харгалзан үзсэн гэж мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ