“Говь” ХК 3.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Мэдээ

Монголын ноос, ноолуурын салбарын тэргүүлэгч “Говь” компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулж санхүүгийн тайлангийн үзүүлэлтээ хөрөнгө оруулагчдад мэдээллээ. 113.1 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй “Говь” хувьцаат компани 2017 оны II улиралд 34 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад есөн тэрбум төгрөгөөр өсжээ. Мөн II улиралд 3.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Орлогын дэлгэрэнгүй тайлангаас харвал тус компанийн үйл ажиллагаа ашигтай ажиллахад гадаад валютын ханшийн нөлөөлөл их байсан байна. Тухайлбал, 2016 оны II улиралд гадаад валютын ханшийн зөрүүнээс 149.6 сая төгрөгийг алдаж байсан бол 2017 онд 634.6 сая төгрөгийн ашиг олжээ. Үүнээс гадна " борлуулалт, маркетингийн зардал", "ерөнхий ба удирдлагын зардлууд" харилцан 3.9 болон 3.6 тэрбум төгрөг байсан нь ашигт ажиллагаанд нөлөөлсөн байна.

Тайлант хугацаанд аж ахуй нэгжийн орлогын албан татварт 2.8 тэрбум төгрөг төлсөн бөгөөд өнгөрөгч 2016 онд “Монголын шилдэг 10 татвар төлөгч”-ийн нэг болсон юм. “Говь” компанийн нэгж хувьцааг 14500 төгрөгөөр худалдан авч болохоор байна. Он гарснаас хойш тус компанийн хувьцааны ханш 10300-14500 болж өсөөд байгаа аж. Түүнчлэн тус компани 2015 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 126 төгрөг олгож, 126 хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд 96.2 сая төгрөгийг байршуулжээ.




САНАЛ БОЛГОХ