ОУВС: 2018 онд дэлхийн эдийн засаг 3.6 хувиар өсөх төлөвтэй байна

Мэдээ

Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн төлөвийн талаарх таамгаа шинэчлэн танилцууллаа. Энэ үеэр хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлснээр уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг багасгахад тустай гэдгийг тус сангийн төлөөлөгч онцоллоо. Тийм учраас цаашдаа тогтвортой өсөлтийг бий болгохын тулд эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал гэж үзэж байна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа юм. Хэдий тийм боловч уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эсэхээс Монголын эдийн засаг ихээхэн хамаарч байгаа гэдгийг үнэлгээний “Fitch” агентлаг мэдээлжээ.

Харин дэлхийн эдийн засгийн төлөвийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан таамгаа төдийлөн өөрчилсөнгүй. 2016 онд дэлхийн эдийн засаг 3.2 хувиар тэлсэн бол энэ жил нэмэгдэж, 3.5 хувь болох төлөвтэй байна. Харин ирэх онд 3.6 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа ажээ. Дэлхийн эдийн засаг АНУ, Их Британиас хэт хамаарах нь багасаж, БНХАУ, Япон, Евро бүс болон Канадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт томоохон нөлөө үзүүлж эхэлсэн гэж Олон Улсын Валютын Сан дүгнэжээ. Ялангуяа нарийвчилж харвал 2017, 2018 онуудад АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн тус бүр 2.1 хувиар өсөх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь өмнөх таамгаас сул болжээ. Учир нь АНУ санхүүгийн бодлогоо өмнө нь таамаглаж байснаас бага хэмжээгээр тэлнэ гэж тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын татвар бууруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх төлөвлөгөө нь бага нөлөө үзүүлнэ гэж тооцож байна.

Харин BREXIT-ийн хэлэлцээтэй холбоотойгоор Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөвийг бууруулж, 0.3 хувь болголоо. Харин БНХАУ-ын эдийн засаг өмнө нь таамаглаж байсантай адил 2017 онд 6.7 хувиар өснө гэж Олон Улсын Валютын Сан дүгнэлээ. 2018 онд өсөлт нь бага зэрэг суларч 6.4 хувь болно гэж мөн таамаглажээ. Мөн энэ онд Японы эдийн засаг 1.3 хувиар, Евро бүс 1.9 хувиар тэлнэ гэж Олон Улсын Валютын Сан дүгнэлээ.




САНАЛ БОЛГОХ