“Тахько” ХК 2017 оны II улиралд 541.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

Мэдээ

Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг “Тахько” хувьцаат компани 2017 оны II улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани 1.59 тэрбум төгрөгийн орлого олж, хугацааны эцэст 541.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Орлогын үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 хувиар өссөн бол ашгийн хэмжээ 3.4 дахин өсөлттэй гарлаа. Ашиг ийнхүү өсөхөд ерөнхий болон удирдлагын зардал 26 хувиар буурч, үйл ажиллагааны бус орлого 100 сая төгрөгөөр нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Түүнчлэн компанийн түрээс нь дуусаж буй “Мобиком”, “Ньюком Проперти” ХХК болон “Скайтел” зэрэг голлох түрээслэгчдээ цаашид хадгалж, түрээсийн хугацааг сунгахаар болсон нь таатай мэдээлэл болж байгаа тухай marketinfo.mn онцолж байна. Хамгийн сүүлд “Тахько” компани Монголын Хөрөнгийн биржид долоодугаар сарын 20-нд 30 ширхэг хувьцаагаа 569.9 мянган төгрөгт арилжсан байна. Харин ногдол ашгийн тухайд тус компани 2016 оны санхүүгийн цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг олгож, хувьцаа эзэмшигчдийн дансанд 115.7 сая төгрөгийг байршуулжээ.




САНАЛ БОЛГОХ