Жаред Кушнер: Дональд Трамп сайн уриа дэвшүүлж, ухаалаг кампанит ажил явуулснаар ялалт байгуулсан

Мэдээ

Дональд Трампын хүргэн Жаред Кушнер сонгуулийн кампанит ажлын үеэр ОХУ-ын албаныхантай зүй бус холбоо тогтоосон гэх мэдээллийг няцаалаа. Тэрбээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх асуудлаар Сенатын тагнуулын хорооны асуулгад оролцсон юм. Асуулга хоёр цаг 30 минутын турш үргэлжилсэн бөгөөд үүний дараа тэрбээр "Ерөнхийлөгч Дональд Трамп сайн уриа дэвшүүлж, ухаалаг кампанит ажил явуулснаар ялалт байгуулсан" гэж мэдэгджээ.

Уулзалтын өмнө тэрбээр албаныхантай уулзаж бичгээр мэдэгдэл хийгээд байсан байна. Сонгуулийн кампанит ажил болон засаг захиргааны шилжилтийн үед ОХУ-ын албаныхантай дөрвөн удаа холбоо тогтоосон гэдгээ баталгаажуулжээ. Хэдий тийм боловч энэ нь ОХУ-ын Засгийн газраас Дональд Трампыг ялалт байгуулахад туслалцаа үзүүлээгүй гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн ахлах Зөвлөх Жаред Кушнер "Сонгуулийн кампанит ажлын үеэр хэм хэмжээ зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдгээ миний бие баримтаар батлан харуулах болно. Өөрөөр хэлбэл, кампанит ажлын үеэр миний бие ОХУ-ын албаныхантай нууцаар тохиролцоогүй, тогтоосон хэм хэмжээ зөрчсөн зүйл байхгүй. Дональд Трампын хувьд ялалт байгуулсан шалтгаан нь зөв уриа дэвшүүлж, ухаалаг кампанит ажил явуулсан явдал юм. Түүнтэй болон АНУ-ын засаг захиргаанд ажиллаж, ажлын байр бий болгох, улсынхаа аюулгүй байдлыг хангах зэрэг сорилтуудтай нүүр тулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг" гэсэн байна.




САНАЛ БОЛГОХ