Өрсөлдөх чадвараа ахиулж яваа Дорноговь

Нийтлэл

-Их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна-

Аймгуудын өрсөлдөх чадварыг 180 үзүүлэлтээр хэмждэг болоод даруй таван жил болж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс энэхүү тайланг байнга бэлтгэж ирсэн. Тухайн орон нутгийн давуу болон сул талыг тодорхойлох уг судалгаагаар аймгуудыг хөгжлөөр нь эрэмбэлж байгаа. Ийм харьцуулсан судалгаа өмнө нь тэр болгон жил тутам гарч байсангүй. Тэгвэл сүүлийн таван жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварт оноо өгч, хоорондынх нь ялгаа, заагийг ийнхүү тогтоож эхэлсэн.

Энэ жил Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулж, урьд жилүүдэд авч байсан үнэлгээгээ дээшлүүлсэн. Тухайлбал, Дорноговь аймгийн хувьд засаглалын үр ашиг болон дэд бүтцийн үзүүлэлтээ сайжруулсан байна. Ингэснээр байр ухрах бус урагшилжээ. Ялангуяа засаглалын үр ашиг сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үнэлгээг 2016 онд авчээ. Аймаг бүрийн давуу болон сул талыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн шалгуураар хэмжиж байгаа.

Өрсөлдөх чадварын онооны хувьсал хамгийн ихтэй яваа Дорноговь 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүний үр дүнд орон нутаг өнгө засаж эхэлсэн байна. Иргэдийнх нь амьдрах орчин нөхцөл, ажил хөдөлмөр эрхлэх байдал ч тэр хэрээр сайжирна гэсэн үг. Улсын нэгдсэн төсвөөс татаас авдаггүй зургаан аймаг бий. Түүний нэг нь Дорноговь юм билээ. Монголын хамгийн урт төмөр замтай, аж үйлдвэр, гадаад худалдааны гол зангилаа болсон говийн аймаг иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахаар томоохон төслүүдийг бие даан хэрэгжүүлж байна. Эдгээрээс зарим нь ашиглалтад ороход тун дөхжээ.

Тодруулбал, “Мандах наран” 1000 айлын орон сууцны хорооллын эхний ээлж энэ намар ашиглалтад орох гэж байна. Аймгийн төвд шинээр сүндэрлэн босож буй 263 айлын орон сууцны барилгын ажлыг өнгөрсөн жил эхлүүлжээ. Байрны үнэ нь зах зээлийн ханшаас хоёр дахин хямд юм байна. Нэг м.кв нь 650 мянган төгрөг. Иргэдээ хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилгоор Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар уг хорооллыг барьж байгаа аж. Энэ намар гэхэд эхний ээлжийн орон сууц ашиглалтад бүрэн орж, 263 өрх тохилог байртай болох нь.

Дорноговь аймгийн төв Сайншанд хонхор газар байрладаг. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор өвлийн улиралд агаарын бохирдол хөндөгдөх болсон байна. Ийм үед гэр хорооллоо тэлэх бус орон сууцжуулах бодлого баримталж байгаа аж. Өрсөлдөх чадварын үндсэн үнэлгээ болох засаглалын үр ашгаар Дорноговь аймаг улсын хэмжээнд эхний гуравт орж буй. Засаглалын үр ашиг ийнхүү өндөр үнэлгээ авсан нь бизнесийн орчин сайжрах эхлэл юм. Энэ нь иргэдийн хувьд бизнес эрхлэх боломж, бололцоо илүү бүрдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, урьд нь гарч байсан хүнд суртал, саад бэрхшээлийг хумихад орон нутаг анхаарч эхэлсэн байна. Ингэснээр гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах давуу тал үүснэ.

“Аймгуудын өрсөлдөх чадварын 2016 тайлан”-д Дорноговь аймаг нийт оноогоор зургаадугаар байранд эрэмбэлэгдсэн. Өрсөлдөх чадвар сайтай аймгийн тоонд багтаж ирсэн тус аймагт жилдээ 500-600 айлын орон сууц ашиглалтад ордог байна. Гэвч шууд захиалга өгөөд орон сууцтай болж байгаа иргэд нийт хүн амынх нь багахан хувийг эзэлж байгаа юм. Тиймээс орон нутаг, Нутгийн зөвлөл хамтарч зорилтот орон сууцны хорооллыг ийнхүүр барихаар шийджээ. Үүнд орон нутгийн иргэд ам сайтай байна. 


“Мандах наран” хороолол нь нийгмийн зорилтот бүлгийг хямд орон сууцаар хангахад түлхүү чиглэж буй. Энэ нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгалаа олж, өдгөө бүтээн байгуулалтын ажил нь ид үргэлжилж байна. Тус хороололд хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийг илүү хамруулахаар зорьж байгаа аж. Харин хоёрдугаар ээлжийн 278 орон сууцны барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй явна. Тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг иж бүрэн тохижилттой хороолол орон нутагт туйлын ховор. Тэгвэл шинэ жишиг говийн аймаг тогтоох нь. Бүтээн байгуулалтын ажил зөвхөн орон сууцны хорооллоор ингээд зогсчихгүй бөгөөд цааш үргэлжлэх аж. 

Аймгийн төвд 3D кино театр, Усан спорт, сургалтын төвийн барилгын ажил одоо явагдаж байна. Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд Дорноговь аймагт их ажил ундарч байгаа нь энэ. Аймгийн төвд Хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн тун саяхан ашиглалтад орж, иргэдийн очих дуртай газрын нэг болж амжсан байна. Энэхүү хүрээлэнг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан муу мянган холбоот хошууны хөрөнгө оруулалтаар "Манхан говь" компани гүйцэтгэжээ. Торгоны замын их жингийн тэмээн хөсгийг энд баримал болгон буулгасан байна. Энэ нь босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам, төмөр зам дайран өнгөрдөг Дорноговь аймгийн дэд бүтцийн давуу талыг улам тодотгоно. 



САНАЛ БОЛГОХ