"Мора" Солонгосын зах зээлд гарна

Би үйлдвэрлэгч

“Мора” хүүхэлдэйн кинонд 200 гаруй сая төгрөг зарцуулсан

"Бидэнд зөвлөх хүн байгаагүй учраас алдаа, оноогоо өөрсдийн биеэр туулсан. Бүтээлээ бэлэн болгоод үзэхэд уйлмаар санагдсан" гэж Монголын анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног бүтээсэн "Том Амжилт" компанийн захирал Ж.Шижир ярив.


-Яагаад хүүхэлдэйн киноны зах зээлд хөл тавих болов?

-“Том амжилт” компани цахим хуудас, аппликэйшн, видео реклам хийдэг мэдээл- лийн технологийн чиглэлийн байгууллага. Бид зөвхөн захиалгын дагуу ажил хийлгүй өөрсдийн гэсэн контенттой болохыг зорьж, 3D анимэйшн хийсэн. миний хувьд багаасаа л хүүхэлдэйн кино хийе гэж мөрөөддөг байсан. монголд өмнө нь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийж байсан туршлага байхгүй, бидэнд зөвлөгөө өгөх хүн олдоогүй. Тиймээс бүгдийг нь өөрсдийн гараар, өөрсдийн бодлоор хийсэн гэж болно. эхлээд богино сургамжит өгүүллэгүүд хийж үзээд, дараа нь бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны төслөө эхэлсэн

-“Мора” хүүхэлдэйн киног бүтээхэд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Анх энэ төслийг эхлэхдээ зургаан сар, хамгийн ихдээ нэг жил болно гэж таамаглаж байсан. Гэтэл хоёр жилийг зарцууллаа. Бидэнд тоног төхөөрөмж, хүн хүч, санхүүгийн асуудал гээд маш олон саад, бэрхшээл тулгарсан. Тухайлбал, анимэйшн хийхэд олон зураг нийлүүлж, 3D болгож хөрвүүлдэг render farm гэдэг төхөөрөмж байдаг. Ийм төхөөрөмж Монголд нэг ч байгаагүй. Хүчин чадлаасаа хамаараад 100 ам.доллараас хэдэн мянган ам.долларын үнэтэй. Тиймээс манайх Хятадын Шиньжян мужаас өмнө нь хэрэглэж байсан хуучин төхөөрөмжийг хямд үнээр худалдаж авсан.

-Зохиолыг нь хэн бичсэн бэ. Юуны тухай өгүүлдэг вэ?
-Ямар ч муу хүн хичээвэл өөрчлөгдөж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг зорилоо. Бүх насныхан үзэхээр зориулж хийсэн. Зохиолыг нь нийтлэлч Аанхаа (Г.Анхбаяр) бичсэн. Өмнө нь цөөнгүй кино зохиол бичиж байсан, бас найз минь учраас санал тавьсан юм. Мөн жүжигчин Н.Ялалт, Д.Дэлгэрсайхан болон NTV, UBS телевизийн орчуулгын дуу оруулдаг хамгийн шилдэг жүжигчдийг оролцуулсан. Хамгийн гол нь зохиол маш сайн байх ёстой юм билээ. Зохиолыг зураач, графикч нартайгаа ярьж байгаад нөөц бололцоондоо тохируулах хэрэгтэй. Ямар хүчин чадалтай төхөөрөмжтэй, хэдэн хүн ажиллах вэ гэдгээс багагүй шалтгаална. Мөн нэг орчинд хамгийн ихдээ хэдэн модел хөдлөх боломжтойг харгалзах хэрэгтэй. Жишээ нь, Улсын их дэлгүүрийн урд талын гарцыг харуулах гэхэд маш олон автомашин, хүн дүрслэх шаардлагатай болсон. Тиймээс графикчидтайгаа ярилцаж байгаад зохиолын зарим хэсгийг хассан. Хэтэрхий олон дүртэй, ажиллагаа их шаардсан орчинтой бол график, дүрслэлийг нь хийж чадахгүй.

-“Мора” гэж ямар утгатай нэр вэ?
-Гол дүрийн роботыг Мора гэдэг. Морь гэдэг үгийг бага зэрэг өөрчилсөн зохиомол нэр л дээ. Хэрэв Чингис гэдэг ч юм уу нийтлэг нэр өгвөл зохиогчийн эрхийг нь авч чадахгүй байсан. Бид “Мора” гэдэг нэрний оюуны өмчийн патентыг авсан байгаа.

-“Мора”-д монгол ахуй, хөдөөний амьдралыг хэр их дүрслэн харуулсан бэ?
-Ер нь монгол хүүхэлдэйн кино гэхээр дүрүүд нь заавал дээлтэй байх шаардлагагүй. “Мора”-ийн үйл явдал Улаанбаатар хотод өрнөдөг. Зайсан, Улсын их дэлгүүр, гэр хорооллоос гадна Хөвсгөл далай гарна. Гаднын анимэйшн дээр тухайн орны хотуудыг харуулдаг. Бид ч гэсэн үүнийг зорьсон. Гэхдээ хэт туйлшралгүй дүрүүдийнхээ хувцаст үндэсний хээтэй чимэглэл оруулсан байгаа.

-Хүүхэлдэйн киног бүтээх дараалал нь ямар байдаг вэ?
-Бид бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног бүтээх үйл явцыг бүрэн зураглалаар нь харсан учраас бусдад зөвлөгөө өгөх туршлагатай болсон. Хүүхэлдэйн киноны зохиол бэлэн болмогц шууд дуу оруулах ёстой юм билээ. Үүний дараа үйл явдал бүрийн хар зургийг гаргана. Дүр бүрийн хөдөлгөөнийг орчинтой нь нэг бүрчлэн зурна. Түүнийг render farm-аар видео болгож, аудио дуу дэвсэж өгдөг. Яриа, орчны чимээтэй болбол графикчид илүү сайн төсөөлж чаддаг юм билээ. Дараа нь графикчид 3D Maya программ дээр дүрсээ байгуулдаг. Дүрийн хөдөлгөөнийг нарийн гаргахын тулд маш олон цэг байгуулж, заримдаа өөрсдийнхөө нүүрний хөдөлгөөнийг толинд харж, дуурайлгаж байсан.

-Гаднын туршлагаас санаа авсан зүйл бий юу?
-Холливудын том продакшнууд үйлдвэрийн дамжлагаар ажилладаг. Нэг нь зураг зурна, нөгөө нь графикийг нь хийх зэргээр ажлыг нь төрөлжүүлж өгсөн байдаг. Гэтэл энэ нь манай нөхцөлд тохироогүй. Нэг хүн зургаа зураад, тэр зургаа хөдөлгөөнд оруулах нь илүү хурдан, илүү үр дүнтэй юм билээ. Нэг дүрслэлийг олон хүн дамжуулж хийхээр хаана нь алдаа гарсныг олох хэцүү, хариуцах хүнгүй болдог сул тал ажиглагдсан. Холливудад хэдэн зуун хүн нийлж нэг анимэйшн бүтээдэг. Харин манайх 10 графикчтай учраас дамжлагаар ажиллах нь тохироогүй байх. Хүн хүчээ нэмье гэвэл дахиад санхүү, мөнгөний асуудал яригдана шүү дээ.

-Нэг цаг гучин минутын анимэйшн хийхэд хэр олон хар зураг гаргасан бэ?
-А4 хэмжээтэй бичгийн цаас дээр зургаан зураг багтдаг. Цаасаа дээш нь өрөөд тавихад тохой өндөр болсон. Эндээс ямар их хөдөлмөр орсон нь харагдах байх аа. -Бүтээлээ эцсийн хувилбараар нь үзэхэд ямар санагдсан бэ? -Уйлмаар санагдсан шүү. Бүтэн хоёр жилийн дотор олон давааг давлаа. Санхүүгээ босгохын тулд би орон сууцаа хямд үнээр зарсан. Өндөр үнэтэй оффиссоо арай хямд үнэтэйгээр сольсон. Энэ хугацаанд манай 10 графикчийн тав нь гэр бүл болж, бүгдээрээ хүүхэдтэй болсон гэхээр багагүй хугацаа л даа.

-“Мора” хүүхэлдэйн киноны баг хэдэн хүнтэй ажилласан бэ?
-Нэг эмэгтэй, есөн эрэгтэй графикч ажилласан. Манай компанийн дэргэдэх “Амжилт академи”-ийн есөн шилдэг төгсөгч багштайгаа нийлээд энэ төслийг хийсэн юм. Ер нь бүгд л өмнө нь анимэйшн хийж байгаагүй, туршлагагүй байсан л даа.

“Мора”-ийн клипийг 500 мянга гаруй хүн үзжээ

-Манайд нэг хэсэг хүүхэлдэйн кино хийхээ больсон байсан. Харин сүүлийн нэг, хоёр жилд үндэсний дүртэй хүүхэлдэйн кинонууд гарч эхлээд байна. Зэх зээлийг нь хэрхэн харж байна вэ?

-Хүүхэлдэйн киноны зах зээл бол маш том орон зай. Уран сайхны киног олон улсын зах зээлд гаргахад маш хэцүү, өндөр шалгууртай байдаг. Харин хүүхэлдэйн кинонд боломж бий. Бид бүтээгдэхүүнээ олон улсад гаргах зорилго тавьсан. Эхний хоёр, гурван бүтээл олон улсын зэх зээлд гарч чадахгүй л байх. Гэхдээ бид хэр хурдан сайжирч, олон улсын түвшинд үнэлэгдэх бүтээл гаргаж чадахаас шалтгаална. Одоогийн байдлаар “Мора” хүүхэлдэйн киног гаргахаар Солонгосын IРTV-ийн үйлчилгээ үзүүлдэг компанитай гэрээ хийсэн. Солонгост хэдэн хүн үзнэ, төдий чинээ мөнгө олно гэсэн үг л дээ. Бид цаашид ч хүүхэлдэйн кино хийхээр төлөвлөж байгаа. Наана нь дампуурчихгүй л бол. (инээв)


-Нийт хэдэн төгрөг зарцуулсан бэ. Зардлаа нөхөж чадах болов уу?
-Компанийн бусад үйл ажиллагааны зардлаас 200 сая гаруй төгрөг зарцуулсан. Бүх зардлаа нөхнө гэж амлаж чадахгүй ч итгэлтэй байгаа. Анхнаасаа ганцхан мөрөөдлөө биелүүлнэ гэж романтик төсөөллөөр хандаагүй л дээ. Бас тооцоо, судалгаа хийсэн. Бид цаашид бүтээлээ сайжруулж, улам үнэ цэнэтэй болгохыг зорьж байгаа. Хэсэг хугацааны дараа контентоо зараад илүү их орлого олдог болно гэж бодож байна. Холливуудын хүүхэлдэйн кинонууд 200 сая ам.доллар зарцуулаад тэрбумыг олдог шүү дээ. Манай компани үүнээс гадна фэйсбүүктэй төстэй сургалтын платформын төсөл дээр ажиллаж байгаа. Үүнийгээ ч олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөсөн.

-“Мора”-г үзсэн хүмүүс ямар шүүмжлэл хэлж байна вэ?
-Мэргэжлийн графикчид үзээд хэд хэдэн алдаа хэлсэн. Гэхдээ бид өөрсдөө юун дээр алдсан, яагаад алдаа гаргасан гэдгээ илүү сайн мэдэж байгаа.

-Монгол залуучуудын дижитал контент хийх, графикийн программ дээр ажиллах чадвар ямар түвшинд байна вэ?
-Муу, маш муу. Бусад орны залуусын чадварыг өндөр хөгжилтэй хот гэж төсөөлбөл манайхыг сумын хөгжилтэй зүйрлэж болохоор байна. Хамгийн анхны анимэйшн дэлхийн зах зээлд гараад 22 жил өнгөрч, ийм төрлийн контент хэдэн тэрбумаар үнэлэгдэж байна. Гэтэл манайх одоо л анхныхыг нь хийлээ шүү дээ. Уг нь монгол залуучууд хурдан сурдаг, асуудлыг богино хугацаанд шийдэх чадвар нь бусдаас илүү гэж би боддог. Даанч их сургуулиа төгсөөд ажлын байран дээр чадвар нь гологддог. Зөв сургаж чадвал дэлхийд өрсөлдөхүйц брэнд, дижитал контент гаргах хүний нөөц бол бий. Үүнийг сайн дэмжиж, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө олдохгүй байсан ч байгаа хүчин чадлаараа сайн менежмент хийх хэрэгтэй. Манайд залуучуудыг сургаад, нэгтээд, зохион байгуулах менежерүүд алга. Өөрөөр хэлбэл, суурь чадвартай хүмүүс байгаа ч лидерүүд алга. Үүнээс гадна залуучууд бүх зүйлийг нарийн тооцоолохоос илүү зоригтой, эрсдэлтэй алхам хийж байж том амжилт гаргана. Хөрөнгө оруулагч хайж, эсвэл төрөөс дэмжлэг гуйгаад байвал бүтэхгүй.


САНАЛ БОЛГОХ