Нэг грамм алт төгрөгийн үнэ цэнийг тодорхойлно

Нийтлэл

Алт цэвэршүүлэх үйлдвэрийн судалгааны ажил үргэлжилж байна

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас “Монгол алт” аяныг эхлүүллээ. Алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. Гурван сарын хугацаанд хэрэгжих аяны нээлт өчигдөр боллоо. Монгол банкинд энэ оны долдугаар сарын байдлаар 8.94 тонн алт иргэд, аж ахуйн нэгжүүд тушаагаад байна. Лондоны үнэт металлын захын үнээр алтаа тушаах боломж өнгөрсөн оны эцсээс бүрдсэн. Төв банк нэг грамм алтыг 100.1 мянган төгрөгөөр худалдан авч байна.

Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу алтыг төв банкиндаа худалдах, алт худалдан авах үйл ажиллагааны талаарх сургалт, сурталчилгааг олон нийтийн дунд эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн алтны салбарт баримталж буй бодлого, хууль, журмыг танилцуулах юм. Монголбанк өнгөрсөн долоо хоногт иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 720 кг алт худалдан авчээ. Алтны тушаалт найм, есдүгээр сард илүү идэвхждэг. Энэ сараас эхэлж буй аяныг хэрэгжүүлэхэд арилжааны банкууд хамтран оролцох аж.

Монгол Улсын валютын нөөц дотоодын импортын гурван сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд алтны тушаалт жин дардаг. Тиймээс “Монгол алт” аяныг санаачилжээ. Өнгөрсөн хугацаанд алт тушаалт байнга нэмэгдэж ирсэн. Гэвч алтыг хил гаалиар хууль бусаар гаргах тохиолдол гарсаар байгаа аж. Засгийн газар “Алт-2” хөтөлбөрийг энэ оны эхээр хэрэгжүүлэхээр баталсан. Экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа алтны үйлдвэрлэлийг ирэх жилүүдэд эрчимжүүлэхээр эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгасан. Энэ нь алтны үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй болохыг илтгэнэ.

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд цэвэршүүлэх үйлдвэрийн судалгааны ажил үргэлжилж байна. Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд Швейцар улсад алтаа цэвэршүүлж байна. Ингэж цэвэршүүлэхэд алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг. Дотоодод олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85 хувийн агуулгатай. Үүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Монголбанк 2017- 2020 онд жилд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт дэвшүүлсэн. Жилд худалдан авах алтны хэмжээ өсөх тусам цэвэршүүлэхэд гардаг зардал өснө гэсэн үг. Тиймээс дээрх үйлдвэрийн судалгааны ажлыг эхлүүлсэн.

» Төв банк нэг грамм алтыг 100.1 мянган төгрөгөөр худалдан авч байна.
» Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд Швейцар улсад алтаа цэвэршүүлж байна.
» 1990 он хүртэл дөрвөн алт олборлогч жилдээ 700 кг алт олборлож байсан бол өнгөрсөн онд алтны тушаалт 18.5 тоннд хүрсэн.
Уул уурхайн үйлдвэрлэлийн 9.6 хувийг бүрдүүлж ирсэн алтны салбар ирэх гурван жилийн хугацаанд эрчимтэй тэлэхээр байна. “Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хувьд Монголбанкинд алтаа тушааснаар цөөнгүй давуу тал бий болно. Тухайлбал, алт худалдан авах үнэ өндөр. Төлбөр тооцоог өдөрт нь шилжүүлж байгаа” хэмээн төв банк мэдээллээ. Монголд алтны худалдаачид алтыг авахдаа гол төлөв “цэн”-гээр үнийг тогтоодог бол Монголбанк граммаар тогтоож буй. Валютын нөөцийг зузаалахад дэм болж буй тус салбарт 110 гаруй алт олборлогч аж ахуйн нэгж, 160 орчим бичил уурхайчин алтны худалдаанд оролцож байна. 1990 он хүртэл дөрвөн алт олборлогч жилдээ 700 кг алт олборлож байсан бол өнгөрсөн онд алт тушаалт 18.5 тоннд хүрсэн.

Монголбанк орон нутагт алт худалдан авахаар ажиллаж байна. Зөвхөн Үнэт металлын сорьцын хяналтын газраар сорьц тогтоосон алтыг төв банк худалдан авч байгаа. Худалдан авах алтны жинд дээд, доод хязгаар гэж байхгүй. Алтны төлбөр шилжүүлэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж алтны үнийн дүнгээс 2.5 хувийг суутгадаг байна. Хэрэв та алт тушаах бол иргэний үнэмлэх, арилжааны банкны данстай байх шаардлагатай аж. Алтыг техникийн салбарт өдгөө түлхүү хэрэглэх боловч нийт хэрэглээний 70 шахам хувийг гоёл чимэглэлийн үйлдвэрт зарцуулж байна.
САНАЛ БОЛГОХ