Анхаарлаас холдсон сонгуулийн зардлын тайлан

Нийтлэл

Анхаарлаас холдуулах гэсэн башир арга байхыг үгүйсгэхгүй

“Улс төрийн нам нь нийгмийн олон ургальч үзэл, олон талт байдлын төлөөлөл, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, улс төрийн оролцоо, төлөөллийг шийдвэр гаргах түвшинд хангах институт юм” хэмээн онолын хувьд тодорхойлсон байдаг. Гэтэл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын үйл ажиллагаа, “үзэл баримтлал”- аас нь харахад намууд эрх мэдэл, албан тушаалд хүрэх, хөрөнгө мөнгөө нэмэгдүүлэх, хувийн амьдралаа дээшлүүлэх хэрэгсэл болон хувирчээ. Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн хүчин төрийн өндөр албан тушаалыг төсөв захиран зарцуулах хэмжээгээр нь дэнсэлж, хандив нэрийн дор “худалдаж” байгаа нь улс төрийн намын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг гажуудуулахад хүргэж байгааг олон жишээнээс харж болно.


Уг нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод, үйл ажиллагааг нь тунгалаг болгож чадвал дээрх алдааг даруй засах боломжтой гэдгийг өнгөрсөн хугацаанд олонтаа хөндсөн ч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм. Манай улс төрийн намуудын амьдрал сонгуулийн ба сон гуулийн бус гэсэн хоёр улиралтай. Сонгуулийн улирлын санхүүжилтийн зардал, тайланг сонгуулийн тухай, сонгуулийн бус улирлын санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг. Тэгвэл сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид санал хураалт болсноос 30 хоногт багтаан зард лын тайлан гаргаж, сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай. Хуульд заасан хугацаа өчигдөр дуусаж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигч санхүүжилтийн зардлын тайлангаа ирүүлсэн гэдгийг сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.

Нэр дэвшигчид болон намуудын сонгуулийн санхүү жилтийн зардлын тайланд Үндэсний аудитын газар хяналт тавьж, дүнг ирэх аравдугаар сарын 24-нөөс өмнө олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байгаа юм. гэхдээ нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хан- див өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлах хуультай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид болон намуудын зардлын дэлгэрэнгүй тайлантай танилцах боломжгүй юм.

Угтаа бол дэлхийн ихэнх оронд сонгуулийн санхүү- жилтийн мэдээллийг явцын дунд олон нийтэд ил болгодог аж. Тухайлбал, АНУ, Австрали, Канад, Герман тэргүүтэй оронд сонгуулийн сурталчилгааны хугацаанд долоо хоног бүрээр санхүүжилтийн мэдээллийг олон нийтэд мэдээлж, сон гогчдод сонголтоо хийхэд нь тус болдог байна. АНУ-д улс төрийн намын санхүүжилтийн мэдээллийг олж авахад маш хялбар байдаг. Холбооны сонгуулийн хороо нь мэдээлэл авахыг хүссэн хүн болгонд нээлттэй газрыг Вашингтон хотод байгуулжээ. Уншихад ойлгомжтой тайлан мэдээг интернэтээр харж болохоос гадна санхүүгийн баримтууд 24 цагийн дотор уг сайт дээр тавигддаг байна. Холбооны сонгуулийн хороо нь улирал тутамд мэдээллийн хэрэгсэл, олон түмэнд зориулагдсан баялаг тоо баримт бүхий тайланг эрхлэн гаргадаг. Тайланд багтсан зардлын мэдээлэл нь нарийвчлал сайтай, түүнд хяналт тавьж, мөнгө хаашаа юунд зарцуулж байгааг сонгогчид нь үзэх боломжтой байдаг аж. Тухайлбал, нэг ширхэг зурагт хуудас хэвлүүлсэн байхад ямар компаниас хэзээ, хэдэн ам.доллар зарж авсныг нь гүйлгээний дугаараар нь олж үзэж болдгийг судлаач Д.Энхцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Гэтэл манай улсад сонгууль бүрийн дараа нэг нь тайлан авсан, нөгөө нь тайлан өгсөн болоод л өнгөрдөг үйл явц өрнөсөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн санал хураалт дууссанаас даруй дөрвөн сарын дараа зардлын тайланг ил болгож байгаа нь олон нийтийн анхаарлаас холдуулах гэсэн башир арга байхыг үгүйсгэхгүй байна. иймд улс төрийн намуудад орж, гарч буй мөнгөний урсгалыг зохицуулах маш тодорхой хууль, журам гаргаж, чанд мөрдүүлэх шаардлага манай улсад байна. намуудын санхүүжилтийг ил тод болгож чадвал улс төрийн хүрээнд эргэлдэж буй их мөнгийг хянах, иргэд бүрэн мэдээлэлтэй болж, сонголт хийхэд жинтэй хувь нэмэр оруулж, ардчилал, улстөрчдөд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх учиртай. гэхдээ нэн тэргүүнд сонгуулийн санхүүжилтийн зардлын тайланг олон нийтэд ил болгох нь чухал байгаа юм. Хэрэв сонгуулийн санхүүжилтийн зардлын тайланг шилэн болгож чадвал намуудын санхүүжилтэд хяналт тавих эхний алхам болно.

САНАЛ БОЛГОХ