“Аагий”, “Чаагий”, “Нээгий”-тэй танилц

Би үйлдвэрлэгч

Амт оруулагч, химийн нэгдэлгүй органик ундаа

Монгол орны хөрсөнд ургасан аньс, чацаргана, нэрс жимсээр хийсэн хүүхдийн цэлцэгнүүр  ундааг энэ удаагийн "Би үйлдвэрлэгч" буландаа онцолж байна. "Аагий", "Чаагий", "Нээгий" нэртэй цэлцэгнүүр ундааг үйлдвэрлэгч "Gold Kingberry" компанийн захирал Ш.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр бяцхан үрсэд зориулсан бүтээгдэхүүнээ 100 хувь органик хэмээн онцоллоо.

-Хүнсний үйлдвэрлэлийн зах зээлд хүүхдийн цэлцэгнүүр ундааг анх удаа нэвтрүүлжээ. Энэ үйлдвэрлэлийг эрхлэх санааг хэрхэн олсон бэ?

-Бизнесийн шинэ санаа хаа сайгүй л байна. гол нь тэр олон санаанаас алийг нь хэрэгжүүлэх вэ гэдэг нь тун чухал. Бид жилийн өмнөөс л Монголдоо байгаа бэлэн түүхий эдээ ашиглан хүнсний ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох талаар судалж, төлөвлөгөө гаргасан. Ингээд Монгол орны хөрсөнд ургасан байгалийн зэрлэг жимс аньс, чацаргана, нэрсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төрж, эхний ээлжинд хүүхдийн цэлцэгнүүр ундаагаа худалдаанд гаргаад байна. Үндсэн үйлдвэрлэл маань ундааны чиглэлийнх биш. Илүү том хүрээг хамарч байгаа. Бид хүүхдэд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, чацаргана, аньс, нэрснээс гадна хушганы самар зэрэг монголынхоо түүхий эдийг ашиглан нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьсан.

Өнгөрсөн хавраас эхлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон үйлдвэрийг ашиглалтад оруулж, анхны туршилтаа хийсэн. Ингээд улсын баяр наадмын өмнө “Аагий”, “Чаагий”, “Нээгий” нэртэй хүүхдэд зориулсан гурван төрлийн цэлцэгнүүр ундаагаа хэрэглэгчдийн гарт хүргэлээ.

-Байгалийн зэрлэг жимсээр ундаа хийдэг гэлээ. Жимсний гарц их, бага байх жил гэж бий. Түүхий эдийн нөөц ямар байгаа вэ?

-Чацаргана жимсийг бага хэмжээгээр тариалж байна. Харин нэрс, аньсыг Хөвсгөл, Булган, Завхан аймгийн нутгаас түүдэг. Тиймээс манай бүтээгдэхүүний амт, чанар таримал жимснээс тэс өөр. Үйлдвэрлэлээ дөнгөж эхэлж байгаа учраас манайхыг жилийн дөрвөн улиралд тасралтгүй хангах хэмжээний жимс Монголд бий. Хамгийн гол нь жимс боловсруулах технологи маш чухал. Манайхан найруулдаг жимсний шүүс үйлдвэрлэхдээ шим тэжээл, эрдэс бодисыг нь тос хийх зорилгоор гаргаж авдаг. Үүний дараа шим тэжээлгүй болсон шүүсэнд төрөл бүрийн бодис хийж, өтгөрүүлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Би хүүхэдтэй. Манай хүүхэд гадна, дотнын элдэв янзын зурагтай ундаа уудаг. Гэхдээ 100 хувь найдвартай бус. Тиймээс хүүхдэд зориулсан цэлцэгнүүр ундааг аль болох чанартай, эрүүл мэндэд тустай хийхийг зорьж, сүүлийн үеийн стандарт мөрдөж, нэвтрүүлсэн.


-Үйлдвэрлэлийн хүчин чадал болон өргөтгөх боломжийн талаар ярихгүй юү. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-Гурван төрлийн жимсээр хийж болох бүхий л бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөж, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө суурилуулсан. Нэг ээлжээр ажиллахад сард 150 мянган ширхэг ундаа үйлдвэрлэнэ. Зах зээл тэлж, борлуулалт нэмэгдвэл үйлдвэрлэлээ өргөтгөнө. Түүнээс биш зах зээлээс хэтийдсэн том үйлдвэр байгуулчихаад сул зогсохыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тиймээс шат шатаар хүчин чадлаа нэмнэ. Зарим хүн манай үйлдвэртэй танилцах хүсэлт тавьсан. Манайхан нэг зүйл хийхээр бүгд дуурайх хандлагатай байдаг. Тиймээс үйлдвэрлэлийн нууц гэж зүйл байх ёстой.


Ирэх долоо хоногт Монголдоо анх удаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргахаар тун завгүй ажиллаж байна. Манай улс түүхий эдээ гадагш нь хямдхан гаргачихаад, эргээд эцсийн бүтээгдэхүүн өндөр үнээр худалдаж авдаг. Тиймээс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ялангуяа Монголд байхгүй үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой байгаа. Хөрөнгө оруулалтын тухайд гаднын хөрөнгө оруулагч байхгүй. Өөрсдийн нөөц боломжоор бизнесээ хөгжүүлээд явж байна.

-Худалдааны сүлжээгээ өргөжүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Улсын баяр наадмын өмнө худалдаанд гарсан. Одоогоор хүнсний дэлгүүр болон супермаркетад худалдаалж байгаа. Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд саналаа өгсөн. Үйлдвэрийн үнэ 1000 төгрөг. Дэлгүүрүүд 200-400 төгрөг нэмж борлуулж байгаа. Савлагааны хэмжээ нь 150 мл. Борлуулах сүлжээгээ өргөжүүлэх тал дээр анхаарч байна. Япончууд биднийг маш их сонирхож байгаа. Экспортод гаргах зорилготой. Гэхдээ эхний ээлжинд Монголдоо танигдсаны дараа гадаадын зах зээлд гарахаар төлөвлөсөн.

-Хүүхдийн ундааны зах зээлд борлуулж буй бүтээгдэхүүнээс танайх юугаараа онцлог вэ. Тухайлбал, 100 хувь органик бүтээгдэхүүн гэж онцоллоо. Үүний баталгаа нь юу вэ?

-Бид аль болох түүхий эдийн эрдэс бодисыг нь бууруулахгүй, чанартай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. Хүүхдийн ундааны зах зээлд борлуулж буй дийлэнх бүтээгдэхүүн амт оруулагч болон хүнсний будагтай байдаг. Тэгвэл манайх цэвэр жимсээр нь үйлдвэрлэж байгаа гэдгээрээ онцлог. Мөн сахар орлуулагч, химийн нэгдэлгүй, цэлцэгнүүлэгч бодис нь ургамлын гаралтай. Тиймээс бид бүтээгдэхүүндээ 100 хувь органик гэсэн баталгааг ам бардам өгч байгаа юм.

-Бүтээгдэхүүний нэрс маш содон, анхаарал татаж байна. Нэрийг ямар утгаар оноосон бэ?

-Хүүхдүүд аливаа зүйлийг хялбар, энгийнээр илэрхийлдэг шүү дээ. Тиймээс хүүхэд хэлэхэд амархан байх талаас нь бодсон. Мөн Бат-Эрдэнэ гэдэг нэрийг ихэвчлэн Баагий л гэж товчилдог. Нөгөөтэйгүүр, манайхан чацарганаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан юм. Тэгэхдээ чацаргана гэж уртаар дуудахын оронд шууд л чаагий гэдэг байв. Тиймээс нэрийн тухайд содон, хэлэхэд амархан байдлыг нь бодож, “Аагий”, “Чаагий”, “Нээгий” гэж нэрлэсэн. Хүмүүст маш их таалагдаж байна лээ. Ингэж хүрнэ гэж бодоогүй шүү.


Бид бүтээгдэхүүндээ 100 хувь органик гэсэн баталгааг ам бардам өгнө
-Хүүхдийн эрүүл мэндэд ямар ач тустай вэ?

-Нэрс нь хаан жимстэй өрсөлдөхүйц хэмжээний эрдэс бодис, амин дэмээр баялаг. Хараа, ой тогтоолт сайжруулна. Аньс жимс C витаминаар баялаг, ханиад томуунаас сэргийлэх бол хаан жимс чацарганад бүх амин дэмээс гадна алимны хүчил, каротин, тос болон төмөр, кали гээд олон бичил элемент агуулагддаг.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зах зээл Монголд байхгүй. Дийлэнх нь импортоор орж ирдэг. Та бүхэн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байгаа вэ?

-Ирэх долоо хоногт чацарганы үрийн тосыг хушганы 100 хувь цэвэр тосоор баяжуулсан зөөлөн капсул “Чакра-Сакра” хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар зэхэж байна. Ингэснээр бид Монголын анхны superfood буюу supplement үйлдвэрлэгчид болж буй. Бүтээгдэхүүний хувьд бэлэн болчихсон. Одоо сав, баглаа боодол, хаяг шошго, оюуны өмчийн ажил үлдсэн. Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл гүн боловсруулалт хийж, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн гаргах зорилготой ажиллаж байна.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний борлуулалт Монголд хэр эрэлттэй байна вэ. Судалж үзсэн үү? -30 тэрбум ам.доллараар хэмжигдэх хамгийн том зах зээл АН У-д бий. Америкчуудын дийлэнх нь бургер, сэндвичээр хооллодог. Тиймээс хүнснээс авах ёстой бусад эрдэс бодисоо supplement буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авдаг. Манайд импортоор төрөл бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж ирдэг. Ингэхдээ сүлжээ хэлбэрээр, эсвэл хувь хүмүүс гар дээрээс шууд худалдан борлуулдаг. Сүүлийн үед монголчууд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь ихэссэн. Тиймээс бид зах зээл байгааг олж харж, өөрсдийн түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнээ санал болгож байгаа юм.
САНАЛ БОЛГОХ