Стив Жобсын амьдралаар дуурь бүтээжээ
Apple” компанийн үүсгэн байгуулагчийн амьдралыг сонгодог урлагт мөнхөлсөн “Стив Жобсын хувьс(г)ал” хэмээх дуурь АНУ-ын Шинэ мексик муж улсын Santa Fe дуурийн театрын энэ зуны онцлох үзвэр болжээ. Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх уг дуурь Стив Жобс асан анх Стив Вознъяктай хамтран компаниа байгуулж буйгаар эхэлнэ. Тэд “iPhone”-ийг бүтээж, Лаурен Пауэллтэй гэр бүл болж байсан гээд амьдралынх нь чухал үеийг харуулж буй аж.
Дуурийн хүүрнэлийг Стив Жобсын намтар, хэвлэлд өгсөн ярилцлагаас нь түүвэрлэсэн байна. Дуурийн хөгжим болох “Чимээгүй үдэш” бүтээлээрээ Пулицерийн шагнал хүртсэн Марк Кампбелл “Стив Жобсын тухай уншиж, бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг болохоор хүмүүс түүний тухай мэднэ гэж боддог. Түүний амьдрал агуу, гайхамшигтай байгаагүй. Бусдын л адил сул болон давуу талтай, хувь хүний онцлогтой байсан. Гэхдээ бид энэ дууриар түүнийг хүн байхын утга учрыг үлгэрлэсэн нэгэн гэдгийг харуулахыг зорьсон” гэжээ. Стив Жобсын талаар Майкл Фассбендер, Эштон Катчер нарын тоглосон бүрэн хэмжээний уран сайхны кино байдаг ч сонгодог урлагт өнөөг хүртэл “Стив Жобсын хувьс(г)ал”-аас өөр бүтээл байгаагүй юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй