Сонгуулийн мөчлөгт тушигдсан чөлөөт бүс

Нийтлэлчийн булан

Замын-Үүдийн чөлөөт бүс дөнгөж суурь дэд бүтцээ тавьж байна

Замын-Үүдийн боомтыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар Монгол Улс эртнээс зодоглосон. Одоогоос 13 жилийн өмнө захирагчийн ажлын албыг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь сүртэй гэгч нь эхлүүлж байлаа. Энэ эрчээрээ урагшилсан бол тэс өөр зүйлийн тухай энд өгүүлэх байлаа. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах хууль эрх зүйн орчин 2004 он гэхэд бүрдсэн тул тусгай нэгж өрхөө татаж, улсын төсвөөс жил бүр хөрөнгө мөнгө чамгүй хуваарилах болсон.


Гадаад худалдааны гол боомт энэ цагаас хойш эдийн засгийн чөлөөт бүс гэсэн тодотгол зүүж яваа нь энэ. Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдрыг хүн өөрөө олдог гэдэг. Хүнээр зүйрлэх юм бол их хүлээлт үүсгэсэн чөлөөт бүс маань сайхан нэрнээс цаашгүй байна. Замын-Үүдийн боомтоор өмнөд хөрш рүү зорчих иргэн болгон 1000 төгрөг бэлнээр тушаадаг. Хэрэв мөнгө тушаасан баримтгүй бол та хилийн зурвас алхах боломжгүй. Та бидний төлж буй энэ мөнгийг Замын- Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжилд зарцуулдаг гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. Гэтэл чөлөөт бүсийн өнгө зүс үнэхээр гундуухан. 1000 төгрөг бага мөнгө биш ээ. Энэ мөнгөөр та хоёр удаа нийтийн тээврээр үйлчлүүлж болно. Гэртээ 850 төгрөгийн үнэтэй талх авахад бас элбэг хүрэлцэнэ. Олон хүний 1000 төгрөг их наядаар хэмжигдэхгүй ч олон тэрбум руу дөхнө.

Замын-Үүдийн боомтоор хүний хөл огт тасардаггүй. Өдөрт л хамгийн багадаа 1000 гаруй хүн хилээр гарч байна. Олны урсгалд дарагдах боомтын аж байдал туйлын зутруу. Чухамдаа чөлөөт бүсийн үйл ажиллагаа зогсонги байдалтай он удаан жилийг үдэж байгаатай энэ нь шууд холбоотой. Бизнес эрхлэгч болон иргэдэд ямар ч шинэ боломж олгоогүй атлаа 1000 төгрөгийн “торгууль” авсаар. Зургаан жилийн өмнө анх Замын-Үүдийн чөлөөт бүсэд хөл тавьж байлаа. Үүнээс хойш их зүйл өөрчлөгдөж, хөгжсөн дүр зураг харах гэсэн минь талаар болов. Манай чөлөөт бүс урьдын янзаараа, цаг хугацаа энд зогсчихсон гэлтэй үнэхээр уйтгартай дүр төрх тосон авлаа.

Үе үеийн Засгийн газар чөлөөт бүсийг эрчимтэй хөгжүүлэх талаар төлөвлөгөө боловсруулдаг. Цаасан дээр буусан төлөвлөгөө, зорилт олон бий. Тэдгээрээс биеллээ олсон нь ховор. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлж ирсэн чөлөөт бүсийн талаар 10 гаруй жил төр засгийн түвшинд ярьж байна. Гэвч зурагласан дөрвөн чөлөөт бүсийн үйл ажиллагаа өдийг хүртэл даанч жигдэрч чадсангүй. Төсөв мөнгөний зовлонг бүхнээс урьтан захирагч нар нь ам уралдан тоочдог. Угтаа жил болгоны улсын нэгдсэн төсөвт чөлөөт бүс рүү чиглэсэн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, тус байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зардлын эх үүсвэр багтдаг билээ. Ийм атал “хоол”-оо чамлах нь түгээмэл.

Гадаад худалдааны гол боомт 2004 оноос хойш чөлөөт бүс гэсэн тодотгол зүүж яваа
Чөлөөт бүс өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд газар ашиглалтын хураамж, төлбөр зэрэг багагүй орлого төвлөрдөг. Дэлхий нийтийн жишиг ч үүнээс гажаагүй. Уг нь Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсээс эрс ялгаатай төдийгүй илүү хурдан хөгжих боломжтой. Учир нь, манай улсын гадаад худалдааны 60 гаруй хувь нь Замын-Үүдийн боомтоор дамжиж байна. Үүнийг дагаад үйлчилгээний салбар хөгжихөөр байгаа. Эрээн хоттой Замын-Үүдийг харьцуулах нь бий. Аль аль нь элсээр шуурсан говийн элгэн дээр боссон. Харин хөгжлийн эрэмбэ, хурдац нь сүүлийн жилүүдэд газар тэнгэр шиг ялгаатай болжээ. Эрээн хотын хөгжлийг гүйцэхийн тулд Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байна.

Төрөөс чөлөөт бүсийн хөгжлийг тодорхой хэмжээгээр анхаарч байгаа. Гэхдээ их биш. Тухайлбал, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн ажил мэлхийн хурдаар урагшилж явна. Энэхүү төслийн өртөг 58.8 сая ам.доллар. Монголбанкны зарласан албан ханшаар 144 тэрбум төгрөг болж байна. Ийм хэмжээний өрөөр босгосон хөрөнгөө төр зарцуулж байгаа. Төслийн хүрээнд дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга, авто замын ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж байна. Чөлөөт бүсийн захиргаа байгуулаад 13 жил болж буй. Энэ ойн босгон дээр суурь дэд бүтцээ дөнгөж байгуулж байна гэхээр хэдэн жилийн дараа хөгжихийг хэлж мэдэхгүй юм. Эдийн засгийн энэ чөлөөт бүсийг шоовдор хүүхэдтэй харьцуулж болох юм. Дэлхийн 130 гаруй оронд 45 мянга орчим чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байна. Түүний нэг нь Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс. Хэдий ийм боловч чөлөөт бүсийн стандарт, шаардлагаар олон улсад манайх гологдож мэдэх нь. Хүслээр болдог бол 60 гаруй сая хүнийг ажлын байраар хангаж, 500 орчим тэрбум ам.долларын бараа эргэлт гүйцэтгэдэг дэлхийн чөлөөт бүсүүдийн эгнээнд Замын- Үүд нүүр бардам нэгдэхсэн. Хаяг, тамгатай, хариуцах эзэд нь дөрвөн жилээр ирж, буцаж байдаг чөлөөт бүсийн гунигтай жишээ Замын-Үүдийнхээр дуусах болтугай.
САНАЛ БОЛГОХ