Доктор Ган Лантуу-Владимир Кличко

Спорт

Боксын хүнд жингийн аварга Владимир Кличко спортын замналаа дуусгаж байна

Владимир Кличко ширэн бээлийгээ тайлахаар болсноо наймдугаар сарын гурванд мэдэгдсэн. Бокс сонирхогчдоос аваргыг үнэлэх үнэлэлт янз бүр. Зарим нь түүнийг нь гарамгай боксчны хувьд төдийгүй бусад олон зүйлд үлгэр дууриал хэмээн үздэг. Харин нөгөө хэсэг нь түүний болгоомжтой тулалдах барил, амьдралынх нь зарим хэв маягийг шүүмжлэх нь бий. Тэр ч байтугай ах дүү Кличког спортоос төрсөн бизнесмэнүүдийн адилаар нухацтай тамирчин биш хэмээн өөлдөг хүн ч цөөнгүй.

Юутай ч Владимир, Виталий хоёр амьдрал, спортын онцгой хэв маягаа ягштал баримталдаг. Шилдэг нь байхыг эрмэлздэг тул зөвхөн аваргуудтай тулна гэдгээ ах дүү хоёр нэг бус мэдэгдэж байв. Ийм ч учраас ах дүү хоёр янз бүрийн ажил мэргэжлийн хүчирхэг баг ажиллуулдаг. Ажил үйлсэд жижиг зүйлс гэж байхгүй тул бүгдийг нэг бүрчлэн анхаар гэсэн зарчим дээр Владимир Кличкогийн спортын замнал суурилдаг.

Владимир 2013 онд зодог тайлж улстөрч болсон Виталий ахынхаа адилаар дахин ринг дээр тулалдахаа больж байна. Цаашид чухам ямар ажил үйлс эрхлэх нь хараахан тодорхойгүй. Магадгүй өөрөө ч мэдэхгүй байж болох юм. Түүний хувийн амьдрал хэдэн жилийн өмнөөс тогтворжсон. Амьдралынхаа ханиар сонгосон кино жүжигчин Хайден Паннетьери түүнд охин төрүүлж өгсөн тул жаргалтай аав, ээж хоёрын хийдэг бүхнийг хосууд хийж байгаа.

БОГИНО, ГЯЛАЛЗСАН ЗАМНАЛ
Владимир Владимирович Кличко 1976 оны гуравдугаар сарын 25-нд Казахын ЗБНУ-ын Семипалатинск хотноо цэргийн алба хаагчийн гэрт төржээ. Зөвлөлт армийн офицер эцэг нь үүрэгт албаныхаа дагуу ЗХУ-ын олон хотыг дамжсаар Киевт гэр бүлийнхээ хамт суурьшсан тул Украины нийслэлд ах дүү хоёрын хүүхэд, залуу нас өнгөрсөн байна. Хүүхэд байхаас ахынхаа үйлдэл бүхнийг даган дууриадаг байсны ачаар Владимир боксын спортоор хичээллэх болжээ.

Владимирт ахынх шиг нь дайчин тулаанч зан байгаагүйг ойр дотно нөхөд нь онцгойлон дурсдаг. Тэрбээр ах шигээ боксчин бус, цэргийн эмч болох мөрөөдөлтэй байснаа хожим хуучилсан. Гэвч боксоор хичээллэсэн нь түүний хувь заяаг өөрчилжээ. Ах дүү хоёрыг гарамгай тамирчин болоход сонирхогчийн дэвжээнээ дасгалжуулж байсан Владимир Золотарёв их үүрэг гүйцэтгэсэн.

Сонирхогчийн боксын замнал дардан байсангүй. Ялалт, ялагдал ээлжилж, гутрах үе тохиолдох бүрт ах дүү хоёрт тавьсан зорилго, сахилга бат нь тус болж байв. Ах нь сонирхогчийн боксын спортын оргилд хүрч чадаагүй бол Владимир чадсан. Тэрбээр 20 нас хүрсэн жилээ буюу 1996 оны Атлантын олимпод с о н и р хо г ч и й н боксын аварга болсон юм.

МЭРГЭЖЛИЙН БОКСОД ХӨЛ ТАВЬСАН НЬ
Олимпын тэмцээнээс хойш мэргэжлийн боксын промоутерууд ах дүү хоёрыг ивээлдээ авахаар өрсөлдөж эхэллээ. Өөрсдөд нь тавьсан сайхан санал бүрт ах дүү хоёр төрөлхийн нарийн чанд зангаараа болгоомжтой хандаж байв. Тухайн үеийн мэргэжлийн боксын бизнесийн хаан Дон Кингийн удаа дараагийн саналд Владимир, Виталий хоёр татгалзсан хариу өгсөөр. Хээнцэр америк эрийг зальхай, луйварчин болохыг нь таньсан ах дүү хоёр Европын шилдэг промоутерын нэг Клаус-Питер Коль хэмээх герман эрээс тавьсан саналыг хүлээн авч гэрээ байгууллаа. Гэрээний дагуу Германд шилжин байрласан Кличко Олимпын аварга болсон 1996 ондоо мэргэжлийн боксод хөл тавьсан юм.

Эхний жилүүдэд ах дүү хоёр учраа таарсан өрсөлдөгч нараа бокс сонирхогчдын хэлдэгээр дасгал сургуулийн зориулалттай “элстэй шуудай” аятай нүдэж байлаа. “Элстэй шуудай”-ны үе удаан үргэлжилсэнгүй. Владимир 1998 оны арванхоёрдугаар сард хар арьст, чийрэг америк эр Росс Пьюриттид санаанд оромгүй ялагдлаа. Ялагдал Владимирыг нугалж дийлсэнгүй. Тэрбээр 1999 оны есдүгээр сард тухайн үеийн германчуудын хайртай тамирчин Аксель Шульцыг нам унагаж, Европын аварга болсноор тус тивийн бокс сонирхогчдын шинэ од болов.

АВАРГЫН ГАРАА, ЯЛАГДАЛ
Владимир Германы бус АНУ- ын дэвжээнээ хүч үзэх нь ихсэж, спортын нэр хүндтэй HBO сувгаар хүртэл тоглолтыг нь нэвтрүүлж эхэллээ. Тэрбээр ахыг нь “гомдоосон” өрсөлдөгч болох хүч, хурд сайтай, хар арьст Крис Бердийг 2000 оны аравдугаар сард буулгаж авав. Амжилтынх нь түүхнээ онцгой үйл явдал болж мөнхөрсөн уг ялалтын э ц э с т тэрбээр WBO-д анх удаа дэлхийн аварга болов. Гэхдээ тухайн үед WBO-гийн аварга нь зэрэглэлийн хувьд WBC, WBA, IBF-ийнхээс доогуур байжээ.

Владимир Кличко таван удаа амжилттай тоглосныхоо дараа 2003 оны гуравдугаар сарын 8-нд хоёр дахь удаагаа санаанд оромгүй ялагдал хүлээлээ. Өмнөд Африкийн тамирчин, цагаан арьст Корри Сандерс аваргыг ердөө хоёр дахь тойрог эхлэх үед нам цохиж орхив. Ялагдал түүнийг дэмжигчдэд төдийгүй өөрт нь ч шок болжээ. Сэргэх зорилгоор цуцалтгүй дасгал сургуулилалт хийж, дахиад хоёр удаа ялалт байгуулсан тэрбээр Сандерсаас WBO-гийн аваргын бүсээ эргүүлэн авахаар шийдэв. Гэвч Сандерс WBC-гийн аваргын төлөө ахтай нь тоглох учраатай байсан тул хар арьст Лэймон Брюстертэй тулалдлаа.

Тоглолтын эхний тойрогт олон цохисондоо цуцсан Владимир өрсөлдөгчөө нокдаун унагаж дийлсэнгүй. Тэрбээр америк эрд цохиулсандаа бус ядарсандаа болоод дараалан унаж байв. Тойрог хоорондын завсарлагаанаар Кличкод уулгаж байсан усыг хордуулсан гэсэн цуу байдаг ч баримт нотолгоо байхгүй. Тэрбээр гуравдахь удаагаа ялагдлаа.

ЭРГЭЛТГҮЙ АЛХАМ
Гуравдахь ялагдлын дараа Владимирт зодог тайлахыг олон хүн зөвлөж байсныг ах дүү хоёр дурссан удаатай. Виталий ах нь ч түүнд ийм зөвлөгөө өгч байлаа. Чухам энэ үед Владимирын зан төрхийн онцгой нэг шинж илэрсэн юм. Тэрбээр шүдээ зуусаар шинэ дасгалжуулагч, Эммануэль Стюардтай хамтран дасгал сургуулилалтаа үргэлжлүүлэв. Ялалтын замнал аажимхан сэргэж эхэллээ. Нигерийн лут эр, аймшигт нокаутын эзэн, тухайн үедээ ганц ч ялагдаагүй Сэмюэль Питертой хийсэн тулаан эргэлтийн цэг боллоо.

Тэртээх 2005 оны есдүгээр сарын тоглолт Кличкод хүнд байв. Тоглолтын явцад тэрбээр гурван ч удаа нокдаун боллоо. Гэхдээ эхний хоёр нь Питер түүнийг шилэн хүзүүнд нь цохисноос шалтгаалсан юм. Гэвч Владимир тэвчээр заан хамгаалж, өөрийн брэнд болох шулуун цохилтыг угсруулсаар. Сүүлийн тойрогт өрсөлдөгчийн эрүүнд зүүнээр өлгөж цохиход цутгасан мэт хөлтэй африк эр тэнцвэр алдан унаж, шүүгчдийн оноогоор Владимир яллаа. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сард хуучин танил Крис Бердийг ялсанаар IBF-ийн дэлхийн аваргыг хугацаанаас нь өмнө хүртэв.

НОЁРХЛЫН ҮЕ
Владимир Кличко 2006 оноос хойш боксын хүнд жингийн ангилалд бараг арван жил ноёрхсон. Тэрбээр өөр өөр хамгаалалт амжилттай угсруулан хэрэглэх аргыг чадамгай ашиглаж байлаа. Ийм тоглолтын нэг нь 2007 оны долдугаар сард Лэймон Брюстерээс даагаа нэхсэн тэмцээн.

Жилийн дараа буюу 2008 оны хоёрдугаар сард Кличко WBO- гийн аварга, ОХУ-ын Султан Ибрагимовыг ялсанаар боксын хүнд жингийн аваргын бүх алдрыг хүртэгч боллоо. Дараа нь тэрбээр 2011 оны долдугаар сар хүртэл дэлхийн аваргын хоёр ч бүсээ амжилттай хамгаалж тоглов. Хүнд жингийн хоёр ч ангилалд дэлхийн аварга, чалчаа мэдэгдлээрээ зартай британи эр Дэвид Хэй шүүгчдийн шийдвэрээр ялагдаж аваргын алдраа Владимирт алдлаа.

Уг тоглолтоос хойш Тайсон Фьюрид ялагдах хүртлээ Владимир Кличко дэлхийн аваргын алдраа хамгаалах найман тулаанд дараалан ялалт байгуулжээ. Үүнээс хамгийн алдартай нь ОХУ-ын Александр Поветкинтэй хийсэн тулаан. Уг тулааны шагналд Владимир 17 сая ам.доллар авчээ. Мөн Болгарын Кубрат Пулевийг унагасан нь түүний ялалтын түүхнээ хамгийн харууштай нокаут болж үлдсэн юм.

Сөхөрч үзээгүй америк эр, хар арьст Брайант Женнингстэй үзэлцсэн нь Владимирын хувьд сүүлчийн ялалт байлаа. Удаан завсарлагааны эцэст Америкийн дэвжээнээ гарсан түүний хурд хүч, рефлекс тодорхой хэмжээнд саарсаныг мэргэжилтнүүд чухам энэ үед анх анзаарсан байна.

АВАРГЫН БҮСЭЭ АЛДСАН НЬ
Их Британийн аварга эр, 206 сантиметр өндөр Тайсан Фьюритэй хийсэн тоглолтын эхэнд Кличко бокс сонирхогчдын шүтээн хэвээр байв. Бүкмекерийн конторуудад Кличко, Фьюри хоёрт тавьсан бооцоо 5 х 1 харьцаатай байснаас үзэхэд олонх нь “Ган лантуу”-ны ялалтад эргэлзэхгүй байжээ. Гэтэл аварга хөшүүн Фьюри дэвжээнээ гайхмаар хурд, хүчтэй ажиллаж, онооны давуугаар ялсан юм.

Даагаа нэхэх тоглолт зохион байгуулахыг хүлээх зуур жил хагас өнгөрч олон жилийн туршлагатай тамирчныг нас дарлаа. Тэмцээний товыг удаа дараа сунгасан Фьюри эцэст нь боксыг орхиж буйгаа мэдэгдсэн тул Владимир 2012 оны олимпын аварга, мэргэжлийн дэвжээнээ шинээр тодорч буй од Энтони Жошуатай үзэлцэв.

Дөрөвдүгээр сард болсон уг тэмцээн хүнд жингийн боксын түүхнээ хамгийн сонирхууштай тоглолтын нэг байв. Бие биеэ дараалан нокдаун болгосон хоёр тоглогч санаачилгыг ээлжлэн гартаа авсаар. Эцсийн мөчид залуу нас туршлагыг дийлж 11-р тойрогт хоёр метрийн аварга хар эр Владимирыг гурван ч удаа нокдаунд оруулснаар тэмцээн өндөрлөв. Даагаа нэхэх тоглолтыг гэрээнд тусгасан байсан ч 41 настай Владимир удаан эргэцүүлсэний эцэст бээлийгээ хананд өлгөхөөр шийдсэн юм.
САНАЛ БОЛГОХ