Дэд бүтцэд "улаан гэрэл" асжээ

Эрчим хүч

Дулааны цахилгаан станцуудын дөрөв нь “тэтгэвэр”-т гарах болжээ


Барилга, нийтийн тээвэр, дулааны шугам сүлжээ гээд манай улсын дэд бүтцийн салбарын ихэнх хэсэгт “улаан гэрэл” асжээ. Манай орны өнцөг булан бүрт 1950-1960 оны бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон зам, барилга, байгууламжуудын ихэнх нь өдгөө ашиглалтын хугацаа нь дууссан гэсэн ангилалд багтаж байна.

Улаанбаатар хотын дулааны төв шугамын 49 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан тул задрах, бөглөрөх зэрэг гэмтэл цөөнгүй гардаг. Нийт 379.5 км урт шугамын тал нь буюу 185.9 км хэсэг нь засвар, шинэчлэлт хийхгүй л бол хэзээ мөдгүй “дэлбэрэх” эрсдэлтэй байгаа юм. Ер нь манай улсын дулаан болон цахилгаан дамжуулах, түгээх шугамын тэн хагас нь насжилт өндөртэйд тооцогддог байна. Цахилгаан дамжуулах, түгээх зориулалттай 41152 км шугамын 65 хувь нь буюу 26 мянга гаруй км-ийнх нь ашиглах хугацаа нь дуусаж, арай ядан үүргээ гүйцэтгэж буй. Мөн 5566 цахилгаан дамжуулах дэд станцын 50 хувь буюу 3300 нь энэ ангилалд багтжээ.



Харин 1961-1969 онд ашиглалтад орж байсан долоон дулааны цахилгаан станцын дөрөвт нь их засвар, шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжилтнүүд санууллаа. Тавь гаруй жил ашигласан “ДЦС-2”, “ДЦС-3”, “Даланзадгад ДЦС”, “Дархан ДЦС”-ын “тэтгэвэр”-т гарах хугацаа нь хэдийнэ болсон ч үүргээ гүйцэтгэсээр байна. Долоон станцаас нэг нь л эрсдэлгүй, тав нь дунд эрсдэлтэй ангилалд багтаж байгаа бол Даланзадгад дахь дулааны станцыг өндөр эрсдэлтэй, найдваргүйд тооцжээ.

Улс орон даяар ус дамжуулах, түгээх байгууламжууд ч мөн ийм дүр төрхтэй байна. Гүний худаг, усан сан, ариутгах татуургын сүлжээ, цэвэрлэх байгууламжуудын 10 хувь нь 1970 оноос өмнө, 35 хувь нь 1971-1990 оны хооронд баригдсан. Эдгээрт мэргэжлийн байгууллага судалгаа хийхэд, 160 гүний худаг, 44 усан сан, 30 гаруй цэвэрлэх байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг тухай бүрт нь хийгээгүйгээс шаардлага хангахгүй болсон нь илэрчээ.

Харин авто замын салбарын хувьд сүүлийн таван жилд багагүй хөрөнгө зарснаар нөхцөл байдал дээрдэж буй. Хатуу хучилттай авто замын сүлжээний 28 хувь буюу 825 км-ыг 2-5 жилийн өмнө барьсан зам эзэлж байгаа юм. 5-13 жилийн насжилттай замууд урсгал засвар хийхгүй л бол жолооч, зорчигчдод хохирол учруулах хэмжээнд хүрчээ. Түүнчлэн 13-аас дээш жилийн насжилттай, ашиглалтын хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн хуучин зам 17 хувийг эзэлж байна.

Замын ачааллыг багасгах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой гүүрэн гарцуудын хувьд мөн л эрсдэлтэй хэсэг нь жин дарж байна. Манай улсад нийт 860 гүүр, гүүрэн байгууламж байдгаас 39.2 хувь буюу 37.5 мянган метр хэсэг нь ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрч хуучирчээ. Үүний гол шалтгааныг жил тутамд арчлаагүй, дунд болон их засварыг хугацаанд нь хийгээгүйгээс үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Төсвөө танаж буй энэ үед их засвар хийх боломжгүй гэдэг хариуг төрийн байгууллагууд хэлдэг. Гэхдээ эдийн засгийн өсөлт өндөр байсан он жилүүдэд дэд бүтцээ шинэчлэх, ядаж л урсгал засвараа хийх боломж байсан.

Хариуцсан байгууллагууд нь үеийн үед хоноцын сэтгэлээр хандсанаас өдгөө ийм байдалд хүрчээ. Эвдэрсэн, нурсных нь дараа их мөнгөөр засаж байхаар орон нутаг, нийслэлийн удирдлагууд урсгал засвараа цаг хугацаанд нь хийгээд явбал иргэдийн аюулгүй байдал, улсын төсөвд учрах эрсдлийг багасгах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.
САНАЛ БОЛГОХ