Төрийн тэргүүн ард иргэдээсээ дэмжлэг хүсэв

Байр суурь
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөж, тамгаа гардан авсан цагаас хойш нэг сарын дараа МҮОНТийн “Цаг үе Үзэл бодол” нэвтрүүлэгт оров. Тэрбээр нэвтрүүлгийн эхэнд Ерөнхийлөгч болсноор намын гишүүнчлэлгүй болж байгаагаа онцлов. Мөн УИХаас баталсан ч цаасан дээр үлдсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа амлаж, ард иргэдийн дэмжлэг хэрэгтэй байгааг дурдлаа. Учир нь эрх баригч хүчин болох МАНыг энэ чиглэлд анхаарч ажиллахгүй байна гэсэн таамгийг тэрбээр дэвшүүлж, ийнхүү иргэдийн дэмжлэгийг хүсэв. Энэ хүрээнд цаашид эдийн засгаа тэлэх бодлого баримталж, томоохон бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ гэв. Зам тээвэр болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх даа санаачилсан төсөл хөтөлбөрүүдийг гацаанаас гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулна.

Тухайлбал, далайд гарцгүй орны хувьд гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд төмөр зам тавих ёстой. Гэхдээ гаалийн татвар өндөр байгаа тул анхны айлчлалуудаа хоёр хөршөөсөө эхлүүлж, татварын хэмжээг бууруулах талаар яриа хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга онцоллоо. Тодруулбал, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүтээгдэхүүнээ хоёр хөрш рүү хөнгөлөлттэй гаргах асуудлыг ажил хэрэг болгоно гэлээ.

Үүнээс гадна улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгох шаардлагатай байгааг хэлсэн юм. Учир нь хоёр ч удаагийн сонгуульд дамжин яригдсан МАНын 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байгаа гэв. Энэ хүрээнд АТГын удирдлагыг хоёр ч удаа дуудан уулзаж, хууль хүчний байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гаргажээ. Онцлоход, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа цаг үед шийдвэр гаргагчид амарч байгаад шүүмжлэлтэй хандав.

САНАЛ БОЛГОХ