Aspire Mining: Санхүүжилт татах хугацаагаа сунгалаа
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Prophecy Development” компани II улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Оны эхний хагас жилд тус компани 9687 нэгж хувьцаа гаргаж, 44 мянга 685 ам.долларын хөрөнгө татсан байна. Мөн зургадугаар сарын 30-ны байдлаар компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл 55 мянга 374 ам.доллар болсон талаар санхүүгийн тайландаа дурджээ. “Prophecy Development” компани АНУ, Канад, Монгол, Боливт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Компанийн Монгол дахь уул уурхайн эзэмшлийнх нь мөнгөн дүн 14.4 сая ам.доллараар хэмжигдэж байгаа талаар мөн тайландаа дурдсан. Монголд Улаан-Овоогийн нүүрсний ордод олборлолт хийж байна. Харин Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Нүүрстэй коксжих нүүрсний төслийнхөө эзэмшлийн хувийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг босгохоор ажиллаж буй. Энэ хүрээнд 200 сая ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 0.02 ам.доллараар үнэлэн дөрвөн сая ам.доллар босгохоор зорьж байна. Компанийн хувьд санхүүжилт татах хугацаагаа ирэх даваа гараг буюу наймдугаар сарын 14 хүртэл сунгахаар болжээ. Нэмэлт санхүүжилтээ амжилттай татаж чадвал компани Нүүрстэй төслийн 45 хувийг нэмж худалдан авах боломжтой болох юм. Одоогоор компани төслийн 45 хувийг эзэмшиж байгаа. Үүнээс гадна нэмэлт санхүүжилтээр Нүүрстэй төсөлд 2017 онд өрөмдлөг, хайгуулын ажил хийхээр төлөвлөж байна. Монголын хоёр дахь том коксжих нүүрсний орд болох Овоотын төслийг 100 хувь эзэмшдэг “Aspire Mining” компанийн мэдээлснээр бол Нүүрстэй төслийн Жорк нөөц 12.85 сая тоннд хүрчээ.
Үүнээс гадна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines”-ын хувьд мөн II улирлын санхүүгийн тайлангаа гаргасан. Компани Хармагтай талбайд хайгуулын өрөмдлөгөө үргэлжлүүлэн хийнэ. Мөн Оюут Улаан талбайд хийсэн өрөмдлөгийн дүнгээр хэд хэдэн хэсэгт алт, зэсийн өндөр агууламжтай илэрц гарсан. Цаашид хийх өрөмдлөгүүдээ компанийн 4.4 сая ам.долларын бэлэн мөнгөний нөөцөөс бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй