Хөгжих хүсэл ба бүрхэг бодлогын гацаа

Нийтлэлчийн булан


Бүсчилсэн хөгжлийн бодлого хариулт нэхсээр



Улс орон хөгжихийн хэрээр бүсчилсэн хөгжлийн бодлого үгүйлэгдсээр буй нь мэдрэгдэнэ. Уг нь манай улсад бодлого байхгүй биш, бий. даанч цаасан дээр бичиж орхиод ор тас мартчихаад байгаа юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж 2030 он хүртэл хэрэгжүүлэх том мөрөөдөл тээсэн зорилт байгаа. Тус баримт бичигт тусгаснаар манай улс 2030 он гэхэд хурдацтай хөгжсөн байх учиртай. ингэхдээ хот, хөдөөгийн ялгааг арилгаж, орон нутгийг үйлдвэржүүлэх, нэг хүнд ногдох үндэсний нийт орлогыг 17500 ам.долларт хүргэж, дунд орлоготой орнуудаас нэг хүнд ногдох орлогоороо тэргүүлэх нэлээд том зорилт тавьсан. гэвч энэ зорилт төлөвлөсөн хугацаандаа биелэх, эсэх нь эргэлзээтэй. энэхүү бүсчилсэн хөгжлийн бодлого өнөөдрийг хүртэл урагшаа огтхон ч ахисангүй. Үйлдвэржилт хөгжиж, бүх зүйл нь цэцэглээд байгаа аймаг тун ховор.

Нөгөөтэйгүүр хүн амын суурьшлын бодлого бүрмөсөн алдагдсан гээд хэлчихэд болно. Иймээс бүсчилсэн хөгжлийн зураглалыг дахин нягталж харахгүй бол төв суурин газрын төвлөрөл хэрээс хэтэрч, хөдөөгийн хүн ам жил ирэх тусам буурсаар байгаа. Ийм янзаар орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж бодоод ч хэрэггүй биз. Иргэд үйлчилгээг дагаж шилжих сонголтыг хийж буй болохоос төр иргэдэд үйлчилгээг ойртуулах бодлого барьсангүй. Түүнчлэн сумдыг хуучин нийгмийн үед нэгдэл, сангийн аж ахуй нэрээр байгуулж байсан тэр хэв маяг, зураглалаасаа өнөөг хүртэл салаагүй байгааг судлаачид шүүмжилдэг. Сумыг орчин үеийн зохион байгуулалтад оруулж хөгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх судлаач ч байна. Сум, багийн хөгжил үндсэндээ хоцрогдчихлоо. Төрөөс сум, багийг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авах нь бүрхэг хэвээр. Хүн ам цөөтэй сум, багийн хувьд хөгжих найдлага бүр ч алга. Хөдөөгийн иргэдийн дийлэнх нь арай хөгжингүй газар руугаа тэмүүлсээр. Ард нь төрөлх нутаг нь эзгүйрэх аюул нүүрлэнэ. Бодит амьдрал ийм байхад Монгол Улсын хөгжлийн бодлого цаасан дээр бичигдсэн хэвээрээ дуусах нь бололтой. Нэгэн сумын Засаг дарга “Манай суманд 2000 оноос хойш ганц ч шинэ барилга нэмж баригдсангүй. Эсгий үйлдвэрлэх гэж үзлээ. Бас л нэмэр болсонгүй. Бусад үйлдвэрийн тухай яриад ч нэмэргүй. Сургуулийн хүүхдүүдийн тоо ч эрс цөөрсөн. Төрийн хэдэн албан хаагч л сумын төвийг сахиж сууна. Цаашид яаж хөгжих талаар бодоод ч учраа олохгүй юм” хэмээн ярьж байв.

Манай улс урт хугацааныхаа хөгжлийн бодлогод газар нутагтаа хүн амаа тэнцвэртэй байршуулна гэж тусгасан байдаг.  Харин энэ мөрөөдөл чухам яг хэдийд биелэх нь тун бүрхэг. Учир нь өнөөдрийн байдлаар нэлээд хэдэн сум бараг эзгүйрчихээд байна. Байршил тархалтыг аваад үзвэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг байтал хүн амын тал хувь нь оршин сууж байна. Нягтралаараа нэг км.кв нутаг дэвсгэр дээр 300 хүн амьдардаг гэсэн үг.

Гэтэл төвөөс алслагдах тусам нягтаршил багасдаг. Тухайлбал, Өмнөговь, Говь-Алтай аймагт нэг км.кв нутаг дэвсгэрт 0.4 хүн оршин сууж буй тул байршил тархалтад хүн амаа хэрхэн жигд байршуулах асуудлыг хөндөхөөс өөр аргагүй.

Удирдлагын академийн багш Г.Жаргалын хүн амын бодлогын талаарх илтгэлдээ дурдсанаар бол Монгол Улс 2040 он гэхэд шилжилт хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах, хүн амын суурьшлын тэнцвэрт байдал ямар хэмжээнд хүрэх талаар тодорхой зураглал гаргаагүй байгаа аж.

Хүн амын тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр хөдөөд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин дутмаг болсон. Жишээлбэл, нэг багийн иргэд тун бухимдалтай байлаа. Иргэн Б.Лхагва “Сүүлийн үед хүүхдүүд их сургууль төгсөөд л байх юм. Гэтэл сум, орон нутаг, багтаа ирж ажилладаг хүн олддоггүй. Багийн дарга тушаал дэвшиж сумын орлогч болоод явсан. Гэтэл оронд нь дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн багийн дарга болчихлоо. Өргөдөл бичлүүлэх гэхээр бичиг үсэг тайлагдаагүй хүн бөөн алдаатай юм бичиж өгөх юм. Уг нь их сургууль төгссөн нэг охин өрсөлдсөн юм билээ. Хүмүүс их сургууль төгссөнийг нь биш дөрөвдүгээр ангийн боловсролтойг нь сонгочихсон. Ийм байхад баг хөдөөгийн хөгжлийн талаар ярих хэрэг байна уу” хэмээн халаглав. Тус багийнхан чадварлаг эмчтэй болох гэж нийтээрээ л хөдөлсөн юм байх. Хотоос эмч урьж аваачаад, малчид нь баахан хандив цуглуулж унаа авч өгөөд, гурван сар торгоогоод сураггүй алдчихжээ. Ингээд энэ хөгжилгүй газар хэн ч тогтохгүй юм байна гэсэн бодолтойгоо бүр мөсөн эвлэрсэн тухайгаа өндөр настан Лхагва гуай хэлж байв.

Энэ бол ердөө нэг сумын багт тохиолдсон явдал. Монгол орны алслагдсан сум, багийн хувьд иймэрхүү дүр зураг байсхийгээд л тохиолддог бололтой. Уг нь төр, засаг энэ бүхнийг бодлогоор зохицуулах учиртай. Харин тэр бодлого нь биелдэггүй нь гачлантай.


Хөдөөд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин дутмаг болсон



Эх орондоо тархан суурьшсан монголчуудынхаа ирээдүй хойчийн төлөө төр, засгийн удирдлагууд хөдлөх цаг болжээ. Цаашид ингээд жалгын нэг тарсан хэвээрээ байж нүүдлийн соёл иргэншлээ хадгалж байна гэсэн нүд хуурсан үгээр бамбай хийсээр суух уу. Эсвэл бүсчилсэн хөгжлийн менежмент боловсруулж орон нутгийнхныг аврах гаргалгаа гаргах уу гэдгийг мэргэн төрийн шийдвэр л мэдэж дээ.

Нөгөөтэйгүүр нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хязгаарлаж, зөвхөн дамжуулагчийн үүрэгтэй болгосноор засаг захиргааны үйлчилгээний чанар хүртээмж муудсан гэж судлаач дүгнэсэн байх юм. Төрийн үйлчилгээг нүсэр том чанаргүй бүтцээр үү, чадварлаг цомхон хүчээр хүргэх үү гэдэг дээр сонголтын асуудал үүсэж байна. Орон нутгийн хөгжлийн тулгамдсан зангилаа, суурь асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ гарсныг хэлэх хэрэгтэй.

Судлаачдын үзэж буйгаар бол орон нутгийг эдийн засгийн хувьд бие даасан тус бүрдээ хүний хөгжлийн төвүүд болгох, иргэдийн оролцоо, өөрийн удирдлагаар ажилладаг байхаар суурь асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд сумыг томсгох, багийг бэхжүүлэх хэрэгтэй. Үндсэн хууль, түүний үзэл баримтлал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумдыг томсгон 160-200 орчим, багийг бэхжүүлэн 800-1000 орчим болгож, сум дундын үйлчилгээг өргөжүүлэх гарц бий. Гэвч манай улсын өнөөдрийн барьж буй бодлого зөв чиглэл рүүгээ явахгүй байгаа нь нууц биш. Хөдөө аж ахуйг түшиглэн хөгжинө гэж 100 сая болтол малаа өсгөлөө. Үүний үр дүнд бэлчээр, цөлжилт, усны хомсдол гэдэг том аюултай нүүр тулсан. Уул уурхайг түшиглэн хөгжинө гэж баахан уурхайтай болсон. Гэтэл нөгөө мал аж ахуй, уул уурхай хоёрыгоо зохистой хоршуулж чадсангүй. Малчид, уул уурхай эрхлэгчдийн хооронд байнгын зөрчилдөөн байсаар ирлээ. Энэ хэдийгээр жижиг асуудал мэт боловч өнөөх хөгжлийн бодлоготой салшгүй холбоотой. Ийм бэрхшээл зөрчилдөөн гарах бүрт хөгжлийн бодлого хаана байна вэ гэсэн асуулт хариулт нэхсээр байдаг. Аль эрт гаргасан хөгжлийн дөрвөн бүсчлэлийн ахиц дэвшил ямар байгаад тодорхой хариулт өгөх хүн алга.

Орон нутгийг цаашид хэрхэн хөгжүүлэх нь өнөөдөр оньсого, таавар мэт байна. Байдал ийм болсон тул холбогдох мэргэжлийн эрдэмтэд хөгжлийн зураглал гаргаж, дахин бодлого боловсруулахаар өнгөрсөн гуравдугаар сард чуулсан. Энэ зураглал, бодлого бэлэн болж хөдөөгийнхний хөгжих мөрөөдлийг биелүүлэх гэсээр хэдэн оныг үдэхийг хэлж мэдэхгүй нь. Бүсчилсэн хөгжлийн талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол газар нутагтаа хүн амаа тэнцвэртэйгээр суурьшуулах зорилт замхрах бололтой.
САНАЛ БОЛГОХ