Цэвэр усаар “тоглодог” бизнес
Сурвалжилга
Угаалгын газрууд ундны усаар тоглосоор л байна
Нэг машиныг хэдэн литр усаар угаадаг болохыг ажилчдаас нь асуухад хариу хэлсэнгүй. Харин өдөрт дунджаар 30 орчим жолооч үйлчлүүлдэг болохыг дуулгав. Нийслэлийн удирдлагууд нэг үе хэрэглээнд саарал ус ашиглах талаар ярьж байсан. Авто угаалгын газрууд саарал усыг цэвэршүүлэн дахин хэрэглэдэг болчихвол цэвэр усаа хэмнэх сайн талтай. Харин одоогоор хаана ч саарал усыг хэрэглэхгүй байна. Уг нь энэ угаалгын газар үйлчилгээ сайтай гэдгийг зарим үйлчлүүлэгч нь хэлж байсан.
“Кузов”-ын байнгын үйлчлүүлэгчийн нэг, 10 гаруй жил таксинд явж буй жолооч ах “Энэ газраар үйлчлүүлдэг болоод удаж байна. Ихэнх нь мөнгөтэй айлын хүүхдүүд байх шиг харагддаг” гэсэн юм. Бэл бэнчинтэй айлын хүүхдүүд “G-class”, “Jaguar”, “Lexus”, “Benz” зэрэг унаа хөлөглөн ирж үйлчлүүлнэ. Гэвч татсан тамхиныхаа ишийг дуртай газраа шидэн, энд тэндгүй шүлсээ хаяхаас гадна хөгжмөө чангалан хангинуулж, замын эсрэг талын айлуудын амгалан тайван байдлыг алдагдуулж буй нь орчин тойрныхонд нь таатай санагддаггүй аж.
Өдөрт 80 орчим тонн цэвэр ус зүгээр л урсаж байна
Улаанбаатар хотод автмашины нийт 160 гаруй угаалгын газар үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгааг холбогдох газраас гаргажээ. Ус сувгийн удирдах газрын мэдээлснээр эдгээр угаалгын газрын 83 нь албан ёсны бүртгэлтэй, харин үлдсэн 80 гаруй нь бүртгэлгүй. Албан ёсны бүртгэлтэй газрууд хот суурин газрын унд, ахуйн төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургад холбогдож цэвэр ус хэрэглэхээс гадна хаягдал бохир усаа төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг гэж холбогдох албаныхан хэллээ.
Бидний дараагийн зорьж очсон газар III, IV хорооллын эцэс болон Модны хоёрт зам дагуу байрлах угаалгын газрууд. Бараг тавхан алхмын зайд авто угаалгын газрууд байрлахаас гадна үүдэнд нь усны гуталтай хүмүүс хажуугаар өнгөрөх жолооч нарыг бор алчуур эргүүлэн даллан зогсоно. Угаалгын газруудын гадаа талбайд автомашин угаасан ус явган хүний зам руу урсан, хүмүүсийн хаясан хогтой холилдон орчныг бүхэлд нь бохирдуулжээ. Харин Модны хоёрт бараг зэргэлдээ шахуу орших угаалгын газруудад орж үзвэл том талбайд ердөө 2-3 хэсэг жижиг паартай, энд тэндгүй будаг нь халцарч, тааз нь шарлаж, хөгцөрч, мөөгөнцөртсөн байгаа нь нүдэнд содон тусав. Бохир усаа хэрхэн гадагшлуулж байгаа нь ч эргэлзээтэй аж. Эдгээр газрын нэгийг ажилуулдаг Ц.Мөнхтөрийн хэлж буйгаар нэг машиныг даралттай мотороор шүршиж угаахад 15-20 литр ус зарцуулдаг юм байна. Хэрэв Улаанбаатар хотод байгаа 90 автомашины угаалгын газар тус бүр дунджаар 40 машинд үйлчилдэг гэж тооцвол өдөрт 3600 машин угаана гэсэн үг. Тэгвэл нэг машинд зарцуулагдах усны хэмжээг нийт угаах машины тоогоор авч үзвэл 80 орчим тонн цэвэр ус зүгээр л урсаад алга болж байгаа юм. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын албанаас мэдээлснээр нэг автомашин угаахад хамгийн багадаа 35 литр, ихдээ 80-90 литр ус зарцуулдаг аж.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2030 онд нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээ 360 гаруй мянга, 2050 он гэхэд 500 гаруй мянган шоометр болж нэмэгдэнэ. Тэгвэл дунджаар 2020 он гэхэд нийслэлийн иргэдийн ундны усны хэмжээ байгаа нөөцөөсөө давна. Машин угаах, бохир урсгах, зүлэг услахад зарцуулах нь байтугай нэг хүний өдөрт хэрэглэх усыг ч нийслэлийн усны эх үүсвэрээр хангах боломжгүй болно.
Гэтэл автомашин угаах үйлчилгээний бизнес гаднын орнуудад усны хэрэглээг багасгах зорилготой, байгаль орчинд ээлтэй буюу эко авто угаалгын газар болон хөгжиж байна. Тухайлбал, Европын орнуудад ердөө 500 грамм усыг угаалгын шингэнтэй хольж угаах боломжтой эко үйлчилгээ нэвтрүүлжээ. Мөн ОХУ-ын Шинжлэх ухааны академи болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас баталсан экологид ээлтэй бүтээгдэхүүнийг үйлчилгээний газрууд нь хэрэглэж ундны усаа хэмнэдэг аж. Гэтэл манайд байдал эсрэгээрээ. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автомашины 80 угаалгын газарт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Эдгээрийн 15 нь гүний худаг, 60 нь төвийн шугамтай холбогдсон бол тав нь зөөврийн ус ашиглаж байжээ. Харин 10 нь бохир усаа соруулдаг бол 70 нь төвийн шугамд нийлүүлдэг. Угаалгын газруудын 85 хувь нь гаднах талбайгаа цардсан бол 12.5 хувь нь цардаагүй, үлдсэн 2.5 хувийнх нь орчин бохирдолтой байсан байна.
Саарал ус ашиглах шаардлага амьдралд хэрэгждэггүй
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Угаалгын газрууд бохирдуулсан усаа шүүгээд дахин боловсруулах технологи ашиглах ёстой талаар дүрэм журам бий. Гэтэл бодит байдалд энэ нь хэрэгждэггүй. Ахуйн бохирын хоолой руу шууд урсгадаг. Энэ асуудалд Ус сувгийн удирдах газар хяналт тавих ёстой. Учир нь тэд гэрээ байгуулж төлбөр авч байгаа. Угаалгын газрууд усыг цэвэршүүлээд бохир усны хоолой руу нийлүүлэх стандартыг мөрдөх ёстой. Хэрэв стандартын хэмжээнээс хэтэрсэн ус нийлүүлбэл усыг хаах хүртэл арга хэмжээ авна” гэв.
Ийнхүү угаалгын газрууд ундны усаар “тоглосоор” л байна. Тухайлбал, X хороололд уурын машин угаалгын газар гэж байсан. Гэхдээ уураар угаахаа болиод бусад газрын нэгэн адил ундны усаар угаадаг юм билээ. Тус газрын үйлчлүүлэгч, жолооч Г.Наранцэцэгээс ундны ус хэмнэсэн газраар үйлчлүүлдэг, эсэх талаар асуухад “Уг нь хүн бүр л усаа хэмнэе гэж боддог. Гэтэл байгаль орчинд ээлтэй, ундны ус хэмнэсэн үйлчилгээ үзүүлдэг хуруу дарам цөөн газар нь бидний халаасан дахь хэдэн төгрөгөөс давсан үнэтэй байдаг” гэсэн юм. Уг нь бол саарал ус ашиглавал ундны цэвэр ус ашигласнаас экологийн хувьд хямд тусах учиртай. Гэвч эсрэгээр экологийн хор хохирол ихтэй ус хэрэглэж байгаа талаар үйлчлүүлэгч Г.Наранцэцэг ярилаа. Ингэж цэвэр усаа асгаад байвал ундны усны хомсдолд орох аюул хэзээ мөдгүй нүүрлэж мэдэх нь.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй