Хамгийн баян лигийн тамирчид хамгийн бага цалинтай

Спорт


NFL бол тоглогчийнхоо цалинд баталгаа өгдөггүй цорын ганц лиг



Америк хөлбөмбөгийн лиг- NFL-ийн тамирчдын цалин дөрвөн жил дараалж өссөний дүнд цалингийн доод хэмжээ 10 сая ам.долларт хүрлээ. Анх 2011 оны эхний улиралд тамирчдын үйлдвэрчний эвлэлээс тус лигтэй байгуулсан одоогийн гэрээ ёсоор нэг багийн цалингийн дээд хэмжээ 120 сая ам.доллараас 167 сая болж өсчээ. NFL-ийн багууд энэхүү дээд хязгаарт хүргэж цалин авах албагүй ч доош буулгаж үл болох тодорхой хязгаар бий.

Одоогийн гэрээ 2020 оны эцэс хүртэл хүчин төгөлдөр. Уг гэрээ ёсоор NFL-ийн нийт орлогын 47-48.5 хувь нь тоглогч нарынх болох ёстой. Телевизийн компаниудтай байгуулж буй гэрээний тоо, лигийн мөнгөн орлого байнга өсөж ирсэнтэй уялдан цалингийн дээд хязгаар төдийгүй, тоглогчдын авдаг цалин ч нэмэгдсээр.

Сүүлийн долоон жилд NFL- ийн цалингийн дээд хязгаарын өсөлт АНУ-ын мэргэжлийн спортын бусад лигээс илүү буюу 47 сая ам.доллар болсон нь МLB (Major League Baseball), NHL (National Hockey League) хоёрынхыг нийлүүлснээс ч их байгаа юм. Энэ хугацаанд NBA (National Basketball Associatio)- ийнх 36 сая ам.доллараар өссөн ч 24 сая нь ердөө өнгөрсөн жилийнх. Хувь үзүүлэлтээр дүгнэвэл хамгийн сайн өсөлттэй нь NBA (63 хувиар өссөн). NFL- ийн цалингийн дээд хязгаар 39 хувиар өссөн бол MLB, NHL- ийнх тус бүр 15, 23 хувьтай байна.

Гэхдээ цалингийн дээд хязгаарын өсөлт гол нь бус. Харин нэг тоглогчид очиж буй дундаж цалингийн хэмжээ NFL-д хамгийн бага байгаа нь сонирхол татна. Үүний учир шалтгаан тамирчдын тоонд СПОРТ БА МӨНГӨ Хамгийн баян лигийн тамирчид хамгийн бага цалинтай байгаа юм. Тухайлбал, NFL-ийн багийн албан ёсны гишүүдийн тоо 53 бол NBA-ийнх ердөө 14. NBA-ийн нийт тоглогчдын тоо NFL-ийн найман багийнхтай л тэнцэнэ. Ийм учраас NFL-ийн нэг тоглогчийн дундаж цалин NHL-ийнхтэй ижил буюу 3.2 сая байгаа юм. Харин NBA-ийн нэг тоглогчийн өнгөрсөн жилийн дундаж цалин хавьгүй их буюу 6.7 сая ам.доллар байв.

NBA, MLB, NHL-ийн тоглогчийн дундаж цалин нь нэг тоглогчид ногдох цалингийн доод хэмжээтэй тун ойролцоо. Харин NFL-ийн тоглогчийн 2016 оны дундаж цалин 1.6 сая ам.доллар байсан нь нэг тоглогчид ногдох цалингийн доод хэмжээ болох 3.2 саяас бараг хоёр дахин бага байв. Үүний шалтгаан нь улирлын явцад эхний багийн 53 тоглогчийг олонтаа сэлгэж, багийг бүрэн бус ашигладаг явдал нөлөөлдөг болов уу.

Нэг тамирчин лигт тоглох нийт хугацааны хувьд NFL дээр дурдсан дөрвөн лиг дотроо хамгийн богино буюу гурван жил гаруй. Үүнээс шалтгаалан нийт цалин нь ч хамгийн бага буюу 5.12 сая ам.доллар. Гэтэл энэ үзүүлэлт NHL-д гурав дахин, MLB-д тав дахин, NBA-д бүр 5.5 дахин өндөр буюу 30.2 сая ам.доллар байдаг.

Гол нь NFL бол тоглогчийнхоо цалинд баталгаа өгдөггүй цорын ганц лиг. Гэрээнд үнийн дүнгийн нийт хэмжээг заадаг мөртлөө цалингийн баталгаат хэмжээг тусад нь тохиролцдог. Жишээ нь, тоглогч таван жилийн хугацаа бүхий эхний хоёр жилд баталгаат цалин олгохоор заасан гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд баг нь ердөө хоёр улирлын дараа тоглогчтой гэрээгээ цуцалж болдог. Мөн багтаа ашигтай урт хугацааны гэрээ байгуулсан тоглогч гэрээгээр хүлээсэн үүргээ л биелүүлэхийн тулд зүтгэх болдог. Энэ нь тоглогчийн эсрэг бүх хөзөр NFL-ийн гарт гэсэн үг.


Олонх нь сая хүрэхгүй ам.долларын цалинтай бол одод нь 10 сая гаргаж авна



NFL-д тоглогч нарын цалингийн зөрүү маш их. Багийн 53 тоглогчийн олонх нь жилдээ сая ч хүрэхгүй ам.долларын цалинтай бол одод нь ганц улиралд 10 сая гаргаж авна. Жишээ нь, “New Orlean Saints”-д хоёрхон тоглогч жилдээ найман саяас дээш, найм нь таван саяас дээш ам.долларын цалинтай. NFL-ийн багийн гишүүдийн тал нь жилдээ нэг сая үл хүрэх ам.долларын цалин авч байхад хамгийн өндөр цалинтай таван тоглогч нийт цалингийн 30 хувь оногдоно. NFL бол хөгжөөн дэмжигч нарт ердөө орой нь харагддаг аварга мөсөн уул. NFL-ийн тоглогч нарын найман хувь нь спортоос холдсоны дараах хоёр жилд дампуурах юм уу санхүүгийн хүндрэлдтэй тулгардагт гайхах хэрэггүй биз ээ.

NFL-ийн өндөр үнэлгээтэй гэрээний ихэнх нь квотербек буюу дамжуулагч нарт оногддог. Хоёрдугаар сард тус лигийн шилдэг дамжуулагчийн нэг Антонио Браун “Pittsburgh Steelers”-тэй өөрийн карьерийн түүхэнд хамгийн их буюу жилийн 17 сая ам.долларын үнэлгээтэй гэрээ байгуулсан. Тэглээ гээд тэрбээр жилийн дундаж цалингийн үзүүлэлтээр NFL-д 23-р байранд орсон юм. NBA байсан бол мань хүн эхний 50-д ч орж чадахгүй байлаа. Тэгэхээр 2020 онд тамирчдын үйлдвэрчний эвлэл, лиг хоёр шинээр гэрээ байгуулах үед тоглогч нар лигээс илүү их баталгаа, орлогоос илүү их хувь шаардах нь гарцаагүй биз ээ.



САНАЛ БОЛГОХ