Оддын “үер” буулаа

Сурвалжилга


Аялал жуулчлалын шинэ жим


Жил бүрийн долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 20-ны хооронд манай оронд байгалийн содон үзэгдэл болох солирын бороо “ордог”. Гариг хооронд орших оддын жижиг хэлтэрхийнүүд буюу солир дэлхийн агаар мандалд асар хурдтай нэвтрэхдээ халж, улмаар шатаж, хурц гэрэл гаргадаг. Үүнийг бид од харвах гэж нэрлэсээр ирсэн. Харин олноороо нэгэн зэрэг харвахыг солирын бороо гэдэг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ жил хамгийн тод үзэгдэх Персейдийн ордны солирын урсгалын оргил үе тохиолоо. Баасан гарагаас бямбад шилжих 22.00-24.00 цагийн хооронд солирын бороо хамгийн тод ажиглагдана гэсэн судлаачийн таамгаар бид нийслэлээс 150 гаруй км зайтай Төв аймгийн Жаргалант сумыг зорив. Улаанбаатар хотод үүлэрхэг, хур тунадастай байсан тул хотод ойрхон, хамгийн цэлмэг тэнгэртэй байх магадлалтай газрыг зорьсон нь энэ юм.

Биднийг 22.30 цагийн үед зорьсон газраа хүрэхэд тэнгэрт сар хараахан гараагүй, оддынхоос өөр гэрэлгүй байв. Солирын бороо тэргэл сар гарсан үед бүдэг харагддаг тул ийм үед л хамгийн тод үзэгддэг юм байна. Тэнгэрт одод нэгэн зэрэг хоёр, гурваараа заримдаа хэдхэн секундын дотор хэд, хэдээрээ харвах нь сонин бас үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Харин энэ өдөр тэргэл сартай шөнө байсан учир төд удалгүй сарны туяанд од харвах нь цөөрөв. Гэхдээ цэлмэг тэнгэрт гэрэл цацруулан мэлтийх сар, түүнийг очир эрдэнийн шигтгээ мэт чимэх оддыг одон оронгийн дурангаар сонжиход нэн сонирхолтой байсан.


Солирын бороо үзэх аялал 35 мянган төгрөг бөгөөд нэг удаагийн аялал нь 50 хүний бүрэлдхүүнтэй


Билгийн тооллоор сарын эхэн буюу сүүлээр дэлхийгээс сар бүдэг харагддаг учраас оддын "үеэр"-ийг илүү удаан харах боломжтой. Солирууд 58 км секундын хурдтай дэлхийн агаар мандлаар дайран өнгөрдөг.


Солирын  урсгал өдрийн цагаар агаар мандалд орж ирдэг ч нарны хурц гэрэлд огт харагддаггүй

Солирын бороо энэ хугацаанд манай оронд илүү тод харагддаг. Хотоос гараад цөөхөн хэдэн км туулахад л байгалийн энэ үзэгдлийг харах боломжтой. Ялангуяа, гэрэл зурагчид, одон орон сонирхогчдын хувьд алдаж болохгүй боломж юм. Тиймээс байгалийн үзэсгэлэнт мөчийг үзэхээр гаднынхан Монголд цөөнгүй иржээ. Мөн Персейдийн ордын солирын урсгалыг харах хоёр ч аялал зохиогдсон юм. Аяллын үеэр гараг, эрхэсийг одон оронгийн дурангаар харж, мэргэжлийн хүнээс сонирхсон бүхнээ асууж болно. Энэхүү аялал Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркт очиж гараг, эрхэсийн талаарх үзүүлэнтэй танилцсанаар эхэлдэг юм байна. Аяллыг өнгөрсөн жил ч зохион байгуулсан бөгөөд жил ирэх тусам сонирхон аялагчдын тоо нэмэгдэж байгаа аж.


Зуны адаг сарын шинийн 19-ний сарыг "DOB 8" дурангаар 200 дахин татаж харсан нь


Байгалийн энэ ховор, содон үзэгдэл Монголд хамгийн тод харагддагийг сайтар сурталчилж чадвал аялал жуулчлалын бас нэгэн сонирхолтой жим болох боломжтой. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ажилтан Б.Алтан-Очир “Гараг, эрхэсийг сонирхон судалдаг хүмүүс эх оронч, байгаль дэлхийгээ хайрладаг сэтгэхүйтэй болдог. Солирын бороо хүмүүсийн сонирхлыг татдаг учраас үүгээр дамжуулан байгаль, орчинд анхаарлыг нь хандуулах боломжтой. Манай орны хувьд цэлмэг тэнгэртэй, гэрлийн бохирдол багатай тул одон орон судлалын таатай орчин болдог” гэсэн юм.
САНАЛ БОЛГОХ