Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг өөрчлөхгүй
Байр суурь
Иргэд саналаа шуудангаар үнэ төлбөргүй илгээх боломжтой
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг орон даяар үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд болон Өмнөговь аймагт хэлэлцүүлэг өндөрлөөд буй. Хэлэлцүүлэгт нийт 3000 орчим иргэн оролцож, тэдний 80.6 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх саналаа бичгээр өгчээ. Харин Баян-Өлгий, Увс, Төв болон Өвөрхангай аймагт хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар “эцэг” хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх заалттай. Тиймээс энэ оны эхнээс үе шаттай хэлэлцүүлгийг олон нийтийн дунд ээлж дараатай өрнүүлсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн Зөвлөлдөх зөвлөлийг УИХ-аас байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг орон даяар хоёр үе шаттай явууллаа. Тэдний өгсөн санал асуулгын дүнд Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын тогтоолын дагуу ийнхүү орон даяар зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэг ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
Тэгвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгээс хэлэлцүүлгийн явц, ард иргэдээс санал авах хэлбэрүүдийн талаар мэдээлэл хийж, иргэд саналаа шуудангаар үнэ төлбөргүй илгээх боломжтой болсныг дуулгалаа. Энэ удаагийн өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу төлөвлөгдсөн. Мөн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд өөрчлөлт орохгүй гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцоллоо.
Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гэнэт гарч ирээгүй. Энэ сэдэв сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын үед яригдаж байсан. Хамгийн сүүлд 2012-2016 оны парламентын үед УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Үүний дараа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, эрдэмтэд оролцсон төслийн баг УИХ-ын Тамгын газарт ажиллаж, Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд оруулах чиглэлийн дагуу УИХ- ын 45 гишүүний гарын үсэгтэй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Гэвч УИХ-аар хэлэлцэж амжаагүй тэрхүү төсөлд тусгагдсан нэлээд хэдэн заалт одоо хэлэлцэгдэж буй төсөлд орсон. Тухайлбал, УИХ, Засгийн газрын харилцаа, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой болгох асуудал багтсан” юм.
Мөн УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар номыг эмхэтгэн гаргав. Тус номд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалаас гадна УИХ-тай холбоотой найман өөрчлөлт, Ерөнхийлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой хоёр, Засгийн газартай холбоотой зургаа, шүүх эрх мэдэл, шүүхийн тогтолцоотой холбоотой дөрөв, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хоёр нэмэлт, өөрчлөлт болон бусад зохицуулалтын тайлбар, үндэслэл, ач холбогдлын талаар нийтэлжээ.
Баян-Өлгий, Увс, Төв болон Өвөрхангай аймагт хэлэлцүүлэг үргэлжилж байна
Ажлын хэсгийг хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан иргэдийн мэдээлэл, ойлголт дутмагаас үүдэн энэ удаа орон даяар явагдаж байгаа хэлэлцүүлгийг Ард нийтийн санал асуулга хэмээх ташаа ойлголт байгааг залруулав. Өөрөөр хэлбэл, энэхүү хэлэлцүүлгээр ард иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Үүний дараа УИХ- аас Ард нийтийн санал асуулга явуулах, эсэхийг шийдэх юм.
Харин “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар Монгол Улсын бүх сум, суурин газарт салбартай “Монгол шуудан” ХК бүх нийтийн үйлчилгээний хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу иргэдийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа шуудангаар үнэ төлбөргүй илгээх боломж олгож байгааг онцоллоо. Тэрбээр “Иргэд өөрийн амьдарч буй сум, суурин газарт хамгийн ойр байрладаг “Монгол шуудан” компанийн салбарт очиж тэнд байршуулсан саналын хуудсыг бөглөөд үүрэг бүхий Ажлын хэсэгт үнэ төлбөргүй илгээж болно” гэлээ.
Үүнээс гадна УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс олон нийтээс ирүүлсэн саналыг нэгтгэх тусгай программ бүтээжээ. Иргэдээс анкет, цахим болон шуудангаар ирүүлсэн бүх саналыг тухайн программд оруулан нэгтгэж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн заалт тус бүрт иргэдээс ирүүлсэн санал тайлан гаргах аж. Ингэхдээ хэчнээн хүн саналаа ирүүлсэн, тэдний нас, хүйс, боловсрол, иргэд аль саналыг илүү дэмжсэн талаарх мэдээллээс гадна аймаг, нийслэл, сум, баг, хороо тус бүрээр нь санал өгсөн иргэдийн тоог нэгтгэх юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй