“Эцэг” хуулийн өөрчлөлтөөс илүү чухал асуудал байгааг санууллаа

Засгийн газар

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ­-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын явцын талаар санал солилцов. Ерөнхийлөгч Х.Баттулга ихэнх аймаг, сумын нутагт ган гачиг болж, ургац алдах, зуд болох гээд цаг үеийн тулгамдсан бэрхшээл олон байхад УИХ нь нэн яаралтай биш Үндсэн хуулийн өөрчлөлтийг шавдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-­аар хэлэлцээд эхэлвэл дундуур нь өөр ямар нэгэн хуулийн төсөл хэлэлцэхгүй байх хуультай юм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 60 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэний дараа Үндсэн хуулийн өөрчлөлт ярих ёстойг сануулав. 60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг урьдчилан зарж бүрдсэн УИХ­-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрбээр УИХ­-ын гишүүний насны босгыг нэмж, төлөвшсөн хүн гишүүн болдог байхад ч анхаарах хэрэгтэй хэмээн саналаа хэлэв. 

Энэ үед Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт боллоо. Хэлэлцүүлэг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх эрх мэдэл, төрийн алба болон Mонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнөв. Хэлэлцүүлгийн эхэнд сэдэв тус бүрийн танилцуулга хийсний дараа иргэдийн саналыг сонсжээ. Тухайлбал, Өвөрхан­гай аймгийн Баруунбаян­-Улаан сумын есдүгээр багийн иргэн АИХ­ын депутат асан Ц.Төмөр­-Очир “Зөвхөн Ерөнхий сайдыг “давхар дээл”-тэй байхыг дэмжиж байна. Харин шүүгчийн насыг нэмж байгааг дэмжихгүй байна. Хуулийн төсөлд УИХ­-ын гишүүнд хариуцлага тооцдог зүйл, заалтууд оруулмаар байна” гэлээ. Mөн Хайрхандулаан сумын зургадугаар багийн ир­гэн C.Болооч “Хуулийн төсөлд төрийн албыг мэргэшсэн, тогт ­вортой ажиллуулах заалт байхгүй байна. Авлига авсан төрийн албан хаагчдад хариуц- лага тооцдог байхыг санал болгоё” хэмээн байр сууриа илэрхийлэв. Үүнээс гадна Баруунбаян­-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулуун багийн Засаг даргыг томилж, сумын Засаг даргыг сумын иргэд сонгодог байх ёстой гэв. Mөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил, УИХ­-ын бүрэн эрхийн хугацааг таван жил байх саналтай байгаагаа хэллээ.

Харин Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хэлэлцүүлэг Эрдэнэдалай сумаас эхэллээ. Тус сумын иргэн C.Mөнхбаатар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Mиний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2 дугаар зүйл заалтыг дэмжиж байгаа. Учир нь, баг, хорооны Засаг даргыг ард иргэд сонгодог байх нь олон талын сөрөг үзүүлэлттэй болох нь харагдаж байна. Хэн олон ах, дүүтэй нь багийн Засаг даргаар сонгогдож байна. Тиймээс цаашид сумын Засаг дарга нь багийн даргаа сонгодог болох ёстой. Багийн Засаг дарга нь боловсролтой, төрийн мэргэшсэн албан хаагч байх хэрэгтэй” гэсэн юм.

Mөн тус сумын иргэн А.Даш­даваа “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 57 дугаар зүйлд “Улсын чанартай хот байгуулах” гэж тусгасныг дэмжиж байна. Томоохон хотууд эдийн засаг, төсвөө бие даан бүрдүүлдэг, улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой. Иймээс цаашид томоохон, хүн ам ихтэй аймаг, сум хоттой болох хэрэгтэй. Энэ томоохон хотууд нь оршин суугчдадаа үйлчилдэг, захирагчийн ажлын албатай байвал сайн байна” гэлээ.




САНАЛ БОЛГОХ