Хэмнэлттэй хэрэглээний эхлэл

ЗГМ: Сэдэв


Цахилгаан хөдөлгүүрт машинд өдөрт хамгийн ихдээ 2400 төгрөг зарцуулна

Автомашины зах зээлд эргэлт гаргасан цахилгаан хөдөлгүүрт машинууд Улаанбаатар хотын гудамжинд мэр сэр үзэгдэх боллоо. Олон улсын зах зээлд хэдийнэ нэвтрээд буй зуун хувь цахилгаан хөдөлгүүрт автомашин энэ зунаас манайд орж ирээд байна. Уран зөгнөлт кинон дээр л гардаг цахилгаанаар тэжээгддэг төмөр хүлэг 1990 оноос нийтийн хэрэглээнд шилжжээ. Автомашин үйлдвэрлэгчид төрөл бүрээр туршиж үзсэнээс 2008 онд Tesla компани Roadster загварын цахилгаан хөдөлгүүрт автомашины 100 дахь борлуулалт хийснээр энэ зах зээлд шинэ хуудас нээсэн түүхтэй. Өдгөө дэлхийн зах зээлд ийм автомашины борлуулалт зогсолтгүй өсөж, хоёр саяд хүрээд буй.

Байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй зэрэг цөөнгүй эерэг үзүүлэлттэй энэ төмөр хүлэг манай орны нөхцөлд хэр тохиромжтой нь сонирхол татлаа. Дан хос хөдөлгүүрт автомашины худалдаа эрхэлдэг байсан Eco car center төв энэ сараас Nissan Leaf загварыг борлуулж эхэлжээ. 21 кв-ын мотортой, 109 морины хүчтэй, нэг цэнэглэхэд 110 км зам туулдаг уг машиныг Монгол орны уур амьсгал, орчин нөхцөлд тохирох, эсэхийг нэг сарын хугацаанд туршсаны эцэст ийм шийдвэр гаргасан юм байна. Nissan Leaf-ийн анхны загвар 2010 онд үйлдвэрлэгдсэн. Үүнээс хойш Япон болон Европын зах зээлд амжилттай нэвтэрч, өдгөө цахилгаан хөдөлгүүрт машины зах зээлийн 15 хувийг эзлээд байна.

Eco car center-ийн ерөнхий менежер Б.Санчир “Бид монголчуудын хамгийн их унадаг Prius 20 загварын автомашинтай дүйцэхүйц хямд үнэтэй, хэмнэлттэй машин оруулж ирэхээр маш их судалгаа хийсэн. Nissan Leaf шатахуун зарцуулдаггүй, загвар дизайны хувьд Prius 20-оос дутахгүй. Мөн үнийн хувьд ч ойролцоо. Манайх Nissan Leaf-ийн 2011, 2012 оны загварыг 15-16 сая төгрөгөөр борлуулж байгаа” гэв. Цахилгаан хөдөлгүүртэй машиныг монголчууд ихэд сонирхож байгаа ч танил бус тул борлуулалт удаан байгаа аж. Ийм машин манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд тохирохгүй, цэнэглэх станцгүй тул Монголд ашиглах боломжгүй гэх нь бий. Тэгвэл технологийн дэвшлийн ачаар энэ бүхэн үндэслэлгүй яриа болжээ.


• Зуун хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинаас 50 хувийн онцгой татвар авч байна.

• Мөнгөн дүнгээр тооцвол өдрийн цагаар цэнэглэхэд 100 км замд 2400 орчим төгрөг, шөнө цэнэглэхэд 1600 орчим төгрөгийн цахилгаан хэрэглэнэ.

• Манай улс замын түгжрэлийг 30-40 хувиар бууруулах, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн хэмжээг 13 хувьд хүргэх зорилт тавиад буй.


Тухайлбал, Nissan Leaf- ийн цэнэглэгчийг өрхийн хэрэглээний 220 вольтд залгаж, цэнэглэх боломжтой. Гэрийн нөхцөлд цэнэглэхэд 3-4 цаг зарцуулах бөгөөд үүгээр 110 км зам туулдаг. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол өдөр цэнэглэхэд 100 км замд 2400 орчим төгрөг, шөнө цэнэглэхэд 1600 орчим төгрөгийн цахилгаан хэрэглэх юм байна. Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагдсан гэр хорооллынхон машинаа үнэгүй цэнэглээд тэг зардлаар унана гэсэн үг. Мэдээж, өндөр хаазтай явах, агааржуулагч, халаагуур зэргийг ажилуулахад цахилгааны хэрэглээ нэмэгддэг.

Хэрэв үүнээс илүү хол зайд явдгийг сонирхвол үнэ нь дагаад өснө. Нэг удаа цэнэглээд 300 км болон түүнээс дээш зай туулдаг Тesla-гийн сонгодог загварууд бий. Chevrolet, Fiat, Volkswagen, Ford зэрэг “акул”-ууд бүгд л аль болох хол зай туулдаг төмөр хүлэг бүтээхээр өрсөлдөж байна. Nissan Leaf-ийн шинэ загварууд гэхэд 340 км зам туулах хүчин чадалтайгаар зах зээлд гарах гэж буй. Ийм машины хөдөлгүүр шингэн түлш хэрэглэдэггүй тул хөлддөггүй. Мөн хүйтний улиралд хөдөлгүүрээ халаах гэж цаг үрдэггүй давуу талтай.

Nissan Leaf-ийн сул тал нь хөдөө, хол замд унах боломжгүй. Түүнчлэн 50-аас дээш хэмийн халуунд хоёроос олон хоног, 25-аас доош хэмийн хүйтэнд тав хоног байлгавал зай нь мууддаг юм байна. Мөн түгжрэлд зогсоход цэнэгийнхээ 10 хувийг бардаг сул талтай.

Биднийг Eco car center-д борлуулж буй яндангүй машиныг сонирхохоор очиход Nissan Leaf шинэ эзэндээ очиж байв. Худалдан авагч Б “Би Lexus загварын машин унадаг. Эхнэр ийм машинаар хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөхөд зардал их гардаг. Би АНУ-д амьдарч байхдаа цахилгаан машины давуу талуудыг мэддэг болсон. Тиймээс Монголд борлуулдаг, эсэхийг нь судалж, энэ машиныг авлаа” гэв. Богино зайд явдаг цахилгаан хөдөлгүүрт машин хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөдөг, хотоос гардаггүй хүмүүсээс гадна такси үйлчилгээ эрхлэгчдэд тохиромжтой. Цэнэг нь дууссан тохиолдолд гэртээ ирж амрангаа машинаа цэнэглээд зардал гаргалгүй ашиг олох боломж бий. Мөн хот дотор бараа түгээж, борлуулдаг компаниудад багагүй ашигтай.



Өдгөө яндангүй машины зах зээлийг урд хөрш тэргүүлж байна. 2016 оны байдлаар тус улсад 645,708 цахилгаан хөдөлгүүрт машин борлуулагджээ. Ийнхүү зах зээлийг түүчээлэх болсон нь Хятад улс агаарын бохирдлыг бууруулахын тулд шатахуун хэрэглэдэг машины тоог бууруулах зорилт тавьсантай холбоотой. Тус улсад хорт хий ялгаруулах яндангүй машин худалдаж авбал 60 мянган юань буюу ойролцоогоор 9000 ам.доллараар урамшуулдаг. Таван хотод ийм машиныг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байх журам гаргажээ. Ер нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн Парисын хэлэлцээрт нэгдсэн орнууд цахилгаан машины хэрэглээг дэмжих бодлогыг ямар нэг хувилбараар хэрэгжүүлж буй. Нэг хүнд ногдох цахилгаан хөдөлгүүрт машины тоогоор тэргүүлж буй Норвегит 25 хувийн татвараас чөлөөлдөг. Мөн нийтийн тээврийн эгнээгээр явах, зогсоолд үнэгүй байрлуулах эрх өгдөг аж. Харин АНУ-ын Калифорни мужид 2500 ам.долларын урамшуулал олгодог. Японд Nissan Leaf худалдаж авбал 3000-7700 ам.доллараар урамшуулдаг юм байна. Манай улсын хувьд хүлэмжийн хийг бууруулах Парисын хэлэлцээрт мөн нэгдэн орж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Үүний тулд замын түгжрэлийг 30-40 хувиар бууруулах, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн хэмжээг 13 хувьд хүргэх зорилт тавьсан юм. Гэвч одоогоор дээрх орнууд шиг яндангүй машиныг дэмжих зохицуулалт, эрх зүйн орчин үүсээгүй байна. Зуун хувь цахилгаан хөдөдлгүүртэйгээс хос хөдөлгүүртэй машинтай адил 50 хувийн онцгой татвар авч буй. Тухайлбал, манайд орж ирээд буй Nissan Leaf-ээс 800 мянган төгрөгийн татвар авч байна. Яндангүй машинаас байгаль орчин бохирдуулсны төлбөр авч байгаа нь гайхмаар. Энэ татварыг багасгавал иргэдийн худалдан авах сонирхол нэмэгдэх нь гарцаагүй.

“Бичил глобус”, Төрийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудаас Nissan leaf машиныг зээлээр авах боломжтой. Мөн бусад банкны зээлд хамрагдах нөхцөл ч бүрджээ.

Манайд хорт хий бага ялгаруулдаг дизель хөдөлгүүртэй эко автобус үйлдвэрлэж буй “Номин Холдинг” компани цахилгаан хөдөлгүүрт машин цэнэглэх станц байгуулахаар судалж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн Eco car center төв ч ийм машинд зориулсан засварын төв нээхээр зэхэж буй. Энэ мэтээр байгальд ээлтэй автомашин Улаанбаатар хотод зах зээлийн жамаар хөл тавьж байна. Тиймээс Улаанбаатар хотын утааг багасгах, иргэдийн хэтэвчийг хэмнэх цахилгаан хөдөлгүүрт машины хэрэглээг дэмжихэд анхаарал хандуулах цаг иржээ.



САНАЛ БОЛГОХ