Оны эхний долоон сард нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өсжээ

Мэдээ

Оны эхний долоон сард нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өссөн нь Монгол Улсын нийт экспорт өсөхөд голлон нөлөөлсөн талаар ҮСХ мэдээллээ. Нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.долларт хүрсний 97 хувийг БНХАУ руу гаргажээ. Биет хэмжээ нь 90 орчим хувиар нэмэгдэж, 20.8 сая тонн болсон байна. Монголын нүүрсний экспорт огцом өсөхөд БНХАУ-ын нүүрсний зах зээл сэргэсэн, мөн Хойд Солонгосын нүүрсний худалдаанд хориг тавьсан нь нөлөөлсөн. БНХАУ-ын Гаалийн газрын мэдээллээр эхний хагас жилд хориг тавьсны дараа Монголоос БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 80 хувиар өссөн. Гол компаниудын тухайд, Гашуунсухайт-Ганц модны боомтоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа компаниуд голлон экспорт хийж байгааг боомтын захиргаа мэдээлсэн. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд эхний долоон сард 5.9 сая тонн нүүрс экспортолсон. “Mongolian Mining Corporation”-ы хувьд өнгөрсөн оны эхний хагас жилд 61.7 сая долларын алдагдалтай ажилласан бол энэ жил 250-375 сая долларын ашиг олох төлөвтэй байгаа талаар мэдээлсэн. Орон нутгийн “Таван Толгой” ХК хагас жилд 255 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь өнгөрсөн оны бүтэн жилийн орлогоос нь 44 хувиар давсан. Цэвэр ашиг нь 57.2 тэрбум төгрөг болсон.

Монгол Улс зэсийн баяжмалаа 100 хувь БНХАУ руу экспортолжээ. Оны эхний долоон сард 888.7 сая доллар болсон нь 2016 оны мөн үеийнхээс 14 хувиар буурсан талаар ҮСХ мэдээллээ. Биет хэмжээний хувьд нийт экспорт 10 хувиар буурч, 852.7 мянган тонн болсон байна. Үүнд “Оюутолгой”-н экспорт буурсан нь нөлөөлсөн аж. Хэдийгээр “Оюутолгой”-н олборлосон хүдрийн хэмжээ өссөн боловч II улиралд зэсийн борлуулалт өмнөх улирлаас 5.6 хувиар буурчээ. Энэ нь баяжмалын хэмжээ бага байсантай холбоотой. Мөн алтны борлуулалт өмнөх улирлаас 28.1 хувиар буурсан нь 2016 оны IV улиралд өндөр агууламжтай баяжмал борлуулсантай холбоотой гэж “Оюу Толгой” компани мэдээлсэн. Харин алтны экспорт 217.7 сая доллар болсон байна. Ингэхдээ 100 хувь Их Британи руу экспортолжээ. Биет хэмжээгээр 5.4 тонн алт худалдсан нь жилийн өмнөхөөс 36 хувиар буурсан дүн боллоо. Төмрийн хүдрийн баяжмалын экспорт оны эхний долоон сард 48 хувиар өсөж, 178.2 сая доллар хүрчээ. Биет хэмжээний хувьд 3.2 сая тонн болж үл ялиг буюу хоёр хувиар өссөн байна.



САНАЛ БОЛГОХ