Намын санхүүжилтийг төрөөс хуваарилах нь зөв

Ярилцлага


Намууд жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээлэх ёстой

Улс төрийн намын санхүүжилтийн талаар улс төр судлаач Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид болон намууд зардлын тайлангаа энэ сарын 10-нд СЕХ-нд хүргүүлсэн. Гэвч гурван сарын дараа тайланг олон нийтэд мэдээлнэ. Сонгуулийн уур амьсгал намжсан үед тайланг олон нийтэд мэдээлэх нь хэр зөв хувилбар вэ?

-Манай улс 1992 оноос Үндсэн хуулийн дагуу ардчилсан сонгуулийг зохион байгуулж ирсэн. Сонгууль бол ардчиллын хамгийн том баталгаа.

Сонгуулийг хэрхэн зохион байгуулах, нэр дэвшигч, нам, эвслүүд хэрхэн шударга оролцох нь мөнхийн асуудал дагуулдаг. Тиймээс сонгуулийн кампанит ажлын зардлын тайлан үүнд чухал нөлөө үзүүлдэг. Улс төрийн өндөр албан тушаалд очиж байгаа хүмүүс мөнгө санхүүд хариуцлагатай хандаж, улс төрийн соёлтой байх ёстой. Сонгуульд зарцуулсан мөнгөө ил тод, нээлттэй олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

АНУ-д улс төрийн намууд хэнээс хэдэн төгрөгийн хандив авснаа тухай бүрт нь олон нийтэд заавал зарладаг. Гэтэл манайд олон хоногийн дараа сонгуулийн санхүүгийн зардлын тайлан гаргаж байгаа нь тун хариуцлагагүй тогтолцоо. Энэ нь иргэдийн улстөрчдөд итгэх итгэлийг бууруулдаг нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс сонгуулийн зардлын тайланг бүх үйл явдал өнгөрсний дараа гаргах нь зөв тогтолцоо биш юм.

-Сонгуулийн зардлын тайлангаас гадна улс төрийн намуудын санхүүжилтийн тайлан үргэлж асуудал дагуулдаг. Намууд хаанаас санхүүжилт босгодог нь нууц байдаг. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байдаг уу?

-Сонгуульд өрсөлдсөн нам болон нэр дэвшигчид зардлын тайлангаа хугацаандаа өгч, хуулийн хүрээнд ажилласан дүр зурагтай байдаг. Сүүлийн үед зарим төрийн бус байгууллагууд сонгуулийн сурталчилгааны тайланд мониторинг хийж байна. Энэ нь зардлын тайланг үнэн бодитой гаргах зөв механизм юм. Тухайлбал, сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч хэдэн ухуулагч ажиллуулж, сурталчилгааны хэчнээн хуудас тарааж байгаад нь хяналт тавьж, бүх зардлыг тооцдог жишээтэй. Харамсалтай нь, манай улс төрийн намууд үүнд төдийлэн ач холбогдол өгөхгүй байна. Уг нь сонгуулийн үеийн санхүүжилт Сонгуулийн тухай хуулиар, бусад үеийнх нь Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагддаг. Өнгөрсөн парламентын үед яригдаж байгаад гацсан Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төсөлд нам жил бүрийн санхүүгийн тайлангаа аудитаар хянуулж, олон нийтэд мэдээлнэ гэж заасан. Нөгөөтэйгүүр, намын дотоод журмаар жил бүр тайлан гаргах ёстой боловч үнэндээ энэ журам амьдрал дээр хэрэгждэггүй.

-Намынхаа санхүүжилтийг гишүүд нь хянадаг тогтолцоо хэрэгждэг үү?

-Улс төрийн намууд орон нутаг бүрт салбартай, том аппаратаар ажиллаж байна. Тэдгээрийн урсгал зардалд их хэмжээний санхүүжилт гардаг учир том тайлан гарах байх. Гэтэл намын үйл ажиллагааг өнцөг булан бүрт хэвийн явуулахад санхүүжилт хэрхэн, яаж бүрдүүлдэг тухай санхүүгийн тайлан тооцоо байдаггүй. Мөн намууд сонгуулийн өмнө иргэдийн итгэлийг олохын тулд олон мянган гишүүнтэй гэдгээ зарладаг шүү дээ. Тэдгээр гишүүн Улс төрийн намын тухай хуулиар татвар өгөх ёстой. Гэтэл татвар төлдөг хэрнээ “Миний мөнгийг юунд зарцуулав” гэдэгт эргээд хяналт тавьдаггүй. Угтаа намынхаа хөгжлийн төлөө татвар өгсөн гишүүд өөрсдийнх нь мөнгийг юунд зарцуулсныг мэдэх, нам тэдэнд тайлагнах ёстой. Энэ бол улс төрийн том соёл юм. Ингэж байж дотоод хяналт сайжирч, гишүүдийн хандив өгөх итгэл сэргэж, намаа сонгуульд дэмжиж, санал өгөх зэрэг зөв систем үйлчилнэ.

-Ерөнхийлөгч хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа улс төрийн намын санхүүжилтийг хөндсөн. Үе үеийн парламентад энэ тухай ярьдаг. Одоо байгаа хуулийг шинэчлэх ёстой юу, эсвэл холбогдох зүйл заалтыг мөрдүүлэх нь зөв үү?

-Манайд хууль байхгүй биш, байна. Гэхдээ 2005 оны хуулиар намын санхүүжилтийг ил тод болгох заалтуудыг гаргаж тавьсан боловч огт хэрэгжүүлэхгүй байгаа нь асуудлын гол. Улс төрийн намууд жил бүр аудитын дүнтэй тайлангаа өгөх ёстой. Гэтэл бид үүнийг олж харах нь бүү хэл хэнээс шаардах нь ч тодорхой бус байдаг. Энэ тохиолдолд тайлангаа өгдөггүй улс төрийн намд хэн хариуцлага тооцох ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Өнөөдөр Шилэн дансны тухай хууль болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хамрах хүрээнд улс төрийн намуудыг оруулах ёстой. Учир нь парламентад суудалтай намууд төрөөс санхүүжилт авч байна.

-Сонгуулийн зардлын тайлан хэр бодитой гардаг вэ?

-Улс төрийг зөвхөн сонгуулиар харж болохгүй. Сонгуулийн зардлын тайлан гарахад ерөнхий дүн нь нэмэгдсэн үү, ямар нам их мөнгө гаргасан гэх мэт зүйлд л анализ хийдэг. Уг нь хэн, ямар компани хандив өгсөн, түүнд хамааралтай дам нөлөө байгаа эсэхэд нарийн шинжилгээ хийх хэрэгтэй. Жишээлбэл, аль нэг намд бизнесийн том компани хандив өгсөн байвал түүний охин компаниуд бас байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Тэндээс хэн, ямар эрх ашгийн зөрчилтэй байна вэ гэдэг нь харагдах юм. Энэ тогтолцоог хэрэгжүүлснээр улс төрийн санхүүжилт бэхжиж, иргэд сонголтоо хийхэд дөхөм байх болно.

• Тайлангаа өгдөггүй улс төрийн намд хэн хариуцлага тооцох нь тодорхойгүй.

• Мониторингийн арга нь зардлын тайланг үнэн бодитой гаргах зөв механизм юм.

• АНУ-д улс төрийн намууд хэнээс хэдэн төгрөгийн хандив авснаа тухай бүрт нь олон нийтэд зарладаг.


-Улс төрийн намын санхүүжилт олон улсад ямар байдаг вэ. Сонгодог байдлаар хэрэгжүүлдэг орон бий юү?

-Дэлхийн олон оронд сонгуулийн болон бусад үед улс төрийн намын санхүүжилтийг зохицуулахад анхаарч ажиллаж байна. Яаж ил тод нээлттэй байлгах, хэт ил тод, хатуу хууль гаргавал хууль бус үйл ажиллагааг дэлгэрүүлэх вий гэх мэтээр олон талаас нь судалж байна. Үүний нэг жишээ нь, зарим улсад төрөөс улс төрийн намуудад санхүүжилт олгож байгаа явдал юм. Ингэснээр намын санхүүжилтэд төрөөс хяналт тавих тогтолцоо бүрдэж байна. Мөн иргэд их, бага ямар ч хэмжээний хандив өгөхдөө боловсрол, эрүүл мэнд, улс төр гээд ямар салбарт хандивлахаа сонгодог болсон. Улмаар өөрийнх нь өгсөн хандивыг тухайн салбарт хэрхэн зарцуулсан тайланг харах, намууд хандивлагчиддаа мэдээлэх үүрэг хүлээж байх жишээтэй.

-Парламентад суудалгүй намууд төрөөс санхүүжилт авах тухай яригддаг. Ижил гараанд улс төрийн дэмжлэг авахын тулд адил байр суурьтай байх ёстой гэж үзэж байна. Үүнд ямар саналтай байдаг вэ?

-Намуудад төрөөс ижил тэгш санхүүжилт олгоно гэвэл хэдэн хүн ч хамаагүй нийлж байгаад нам байгуулж сонгуульд өрсөлдөх хандлага давамгайлна. Улмаар энэ нь бизнесийн, ашиг олох сонирхлын түвшинд хүрч, намууд компанийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Тиймээс үүнд босго тавих хэрэгтэй. Зарим улс оронд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны материалыг нэгтгээд, сэтгүүл гаргаж тараах гэх мэт зөв өрсөлдөөн бий болгодог. Манайд нэг хэсэг том самбаруудыг өндөр үнээр худалддаг байсныг болиулснаар өнгөрсөн сонгуулийн үеэр жижиг самбарууд хаа сайгүй нэг хөглөрлөө. Эндээс харахад, манай нэр дэвшигчид болон намууд хуулийн цоорхойг овжин ашиглаж байна. Тиймээс энэ сэтгэлгээ, улс төрийн соёл, хариуцлагыг өндөр түвшинд гаргах хэрэгтэй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар улс төрийн намыг хууль зөрчвөл 200-250, нэр дэвшигчийг 40-60 мянган төгрөгөөр торгох заалттай. Гэтэл 250 мянган төгрөг намын хувьд тийм ч их мөнгө биш. Нөгөөтэйгүүр, намуудыг торгож, хариуцлага тооцсон жишээ байдаг уу гэх мэт олон асуудал урган гарч байна.

САНАЛ БОЛГОХ