“Хөгжим элсэн зургийг амьдруулдаг”

Залуус

Уран бүтээлч хүний мэдрэмж дотоод ертөнц, сэтгэлээс урган гардаг

Монголын урлагт шинэ хэв маяг, өнгө аясыг авчирч буй элсэн зураг урлаач Б.Батзаяатай цахимаар холбогдож, ярилцлаа. Тэрбээр БНСУ-ын шилдэг 10 элсэн зураачийн нэг юм.

-Анх хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ. Яагаад зураач мэргэжлийг сонгох болов?

-Ер нь бага байхаасаа л зураг зурах их сонирхолтой байсан. Аав минь дулааны цахилгаан инженер мэргэжилтэй ч хөрөг зураг сайн зурдаг байсан учраас манай гэрт төрөл бүрийн зургийн хэрэгсэл байсан юм. Тиймээс зургийн хэрэгслүүдтэй ойр өсөж, илүү сонирхох болсон. Ер нь уран бүтээлч хүний мэдрэмж дотоод ертөнц, сэтгэлээс илүү урган гардаг байх. Тиймээс зураач болохоор шийдсэн. 1991 онд Дархан-Уул аймагт ахлах сургууль, 1998 онд “Сэтгэмж” дээд сургуулийг зураг урлал, дизайны чиглэлээр төгссөн. Төгссөнийхөө дараа мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаад 2007 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Анх европ хэв маягаар тосон зураг зурдаг байсан. Мөн керамик арт болон хошин чиглэлээр зурдаг. Харин элсэн зургийг анх 2012 оноос зурж эхэлсэн.

-Бусад төрлөөс элсэн зураг харьцангуй шинэ бас их хэцүү төрөл гэж сонссон. Яагаад энэ төрлөөр зурахад хүрэв?

-Мэдээж бусад төрөлд өрсөлдөгч ихтэй. Солонгост л гэхэд зураач мэргэжлээр жил бүр 5000 гаруй оюутан төгсдөг. Гэтэл зөвхөн зураг зураад, үзэсгэлэн гаргаад орлого олж амьдарна гэдэг хэцүү. Тиймээс олон хүн хийдэггүй хэрнээ сонирхол татахуйц чиглэлээр зурах шаардлагатай болсон. Энэ үед БНСУ-ын “Киюмжэни” театрын найруулагч надад жүжигт элсэн зургаар үзүүлбэр хийхийг санал болгосон. Ийнхүү зургаан сар гаруй хугацаанд дадлага хийж, жүжгээ амжилттай дуусгасан. Энэ үед найруулагч маань надад маш их урам зориг өгдөг байсан. Жүжгийн дараагаас элсэн зураг зурахаар бэлдэж эхэлсэн. Элсэн зураг нь Америкаас үүсэлтэй, харин Солонгост орж ирээд долоон жил болж байна. Хэцүү гэдэг нь үнэн. Тэр болгон хүмүүс зурж чаддаггүй. Аливаа зургийг зурахад эхлээд таталбар хийгээд дээр нь зурж, буддаг. Гэтэл элсэн зураг нь тийм биш. Ямар ч таталбаргүй, шууд зурдаг. Бас нэг онцлог нь доороосоо гэрэлтдэг цагаан шилэн тавцан дээр элс цацаж зурдаг. Гар бийр болдог. Хоёр гараа хоёуланг нь ашигладаг бөгөөд бүдүүн зураасыг эрхий хуруугаар, нарийн зураасыг чигчий болон хумсний үзүүрээр гаргадаг. Түүнчлэн үзэгчдийн сонирхлыг татаж, уйдаахгүйн тулд маш хурдан зурах шаардлагатай байдаг. Энэ хурд нь 1-2 секундээр хэмжигддэг. Мөн эхний зургийн санааг алдагдуулахгүй, угсарсан, ойролцоо сэдвээр дараагийн зургийг зурах хэрэгтэй. Үүнд хөгжим их чухал үүрэгтэй бөгөөд элсэн зургийг амьдруулж өгдөг. Тиймээс хөгжимдөө тохируулж зурна. Хамгийн чухал нь элс амархан сарнидаг учраас болгоомжтой, зөөлөн хөдлөх хэрэгтэй. Анх зурж эхлэхдээ удаан давтаж байгаад дараа нь хурдасдаг. Би өдөр болгон хоёр цаг, мөн чөлөөт цагаараа, тоглолт эхлэхээс өмнө нэг цагийн өмнө очиж бэлддэг. Тууштай хичээж, хөдөлмөрлөж байж сая нэг зургаа гартаа оруулж, мэдэрч эхэлнэ. Гартаа оруулахын тулд ердөө нэг л зургаа хэдэн зуу давтах хэрэгтэй болдог. Энэ төрөлд магадгүй авьяас гэхээсээ илүү бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй байх.

-Тусгай элс хэрэглэдэг үү?

-Хамгийн сайн, нарийн ширхэгтэй элс сонгож авдаг. Голдуу Монгол болон Арабын говийн элс хэрэглэхийг зорьдог. Мөн далайн элс байж болно. Элсээ илүү зөөлөн болгохын тулд бас шигшиж хэрэглэнэ. Ингэснээр хамгийн жижиг, зурахад тохиромжтой элс болдог.

-Та БНСУ-д хэдэн жил амьдарч байна. Таны уран бүтээлүүд хэр их үнэлэгддэг вэ?

-Солонгост 16 жил амьдарч байна. Нөхөр, хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг. Хүүхэд маань одоо есдүгээр ангид суралцдаг. Бас анимэйшн төрлөөр зураг зурах их сонирхолтой. Дунджаар нэг тоглолтыг урт хугацаандаа зургаан сараас нэг жилийн хугацаанд өдөр болгон тоглодог. Мөн өөр өөр хотоор явуулын тоглолт хийдэг. Одоогоор хоёр удаа бие даасан, хамтарсан хэд хэдэн үзэгсэлэн гаргасан. Анхныхаа үзэсгэлэнг гаргаж байхдаа бусад үзэсгэлэнг үзээд өөрөөсөө их ичиж байсан. Солонгосын зураачид чадварлаг байсан. Элсэн зураг их өндөр үнэлэгддэг. Анх “Хөсөгтөн” хамтлагийн дууг сонсоод үндэсний болон орчин үеийн хэв маягийг хослуулсан нь их таалагдсан. Улмаар “Алтаргана” дуунд нь таван минут орчим элсэн зургаар клип хийх санаа төрсөн юм. Энэхүү клип маань фэйсбүүк цахим сүлжээнд хурдан тархсан. Ийм хэмжээний клип захиалгаар хийхэд тав орчим сая төгрөг болдог.


Хүүхдүүдэд хэлэхээс илүү зургаар тайлбарлахад сонирхон хүлээж авдаг


-Дэлхийн болон Монголын зураачдаас хэний зураг илүү таалагддаг вэ. Таны сэтгэлд хоногшсон уран зураг байдаг уу?
-Ван Гогийг илүү үнэлдэг. Оюутан байхад сонирхолтой санагддаг байсан. Гэхдээ олон жил сураад, ойлгож илүү үнэлдэг болсон. Хамгийн гол нь гоё зурахдаа биш өөрийгөө нээн харуулж, чөлөөтэй сэтгэх нь чухал. Монголын зураачдаас
До.Болд гуайн зургууд таалагддаг. Мөн сүүлийн үед шинээр гарч ирж буй залуу зураачид их чадварлаг санагдсан. Сэтгэлд хоногшсон зураг бол миний хувьд алдартай эсвэл хэн нэгэн алдартны зурсан биш харин дурсамжтай зураг байдаг. Бага байхад ханан дээр халтар болоход тэрийг нь дүрс болгож хардаг байж билээ. Энэ дүрслэлүүд сэтгэлд их дотно үлджээ.

-Шавьтай болж амжсан уу. Энэ чиглэлээр суралцах сонирхолтой залууст ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Элсэн зургийн зуны сургалтад 2-3 жил багшилж байсан. Мөн зарим сургуульд Монголын урлаг соёлын хичээл заадаг. “Гарын” хоёр шавьтай. Тэд маань одоо тоглолт хийдэг. Хамгийн чухал нь хэн нэгэнд таалагдах гэж бүү хичээ. Эхлээд өөртөө таалагд. Түүнчлэн өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж зурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, морийг яг морь шиг зурах хэрэггүй.

-Монголдоо ирж уран бүтээл хийх төлөвлөгөө бий юү?

-Солонгост олон жил зурж байна. Сүүлийн үед Монголынхоо аж ахуй, зан заншил, соёл, хээ угалзыг зурах сонирхол илүү их төрөх болсон. Хамтран ажиллах уран бүтээлч, байгууллага гарч ирвэл татгалзахгүй. Элсэн зураг гэдэг нь зургаар хүмүүст ямар нэгэн мессеж хүргэх зорилготой урлаг. Тухайлбал, хүүхдүүдэд хэлэхээс илүү зургаар тайлбарлахад сонирхон хүлээж авдаг. Мөн зурж байгаа үйл явц нь шууд харагддаг болохоор тодорхой хэмжээний зургийн хичээл ч болдог. Дууны клип, хүмүүсийн амьдралын түүх, албан газрын сурталчилгаа, богино хэмжээний кино, амьд тоглолт гэх мэт олон зүйл илэрхийлэх боломжтой учраас Монголдоо энэ урлагийг дэлгэрүүлж, цаашид хөгжүүлнэ гэсэн бодолтой байна.


САНАЛ БОЛГОХ