Хар тахал хаалга тогшсон хэвээр

Нийтлэлчийн булан

Зургаан аймагт тарваган тахлын байгалийн голомт онц идэвхтэй байна

Онцгой байдлын алба хаагчдын өмнө тулгарах элдэв бэрхшээл дуусахгүй. Тэд хавар, зуны турш түймэр, үер усны аюултай тэмцсээр одоо л нэг уужим амьсгаа авахтайгаа болсон. Гэвч залгуулаад элдэв халдварт өвчний дэгдэлт дахин сэргэж, албаныхныг сандаргах үе ирлээ. Ялангуяа наймдугаар сар бол тарваган тахлын дэгдэлтийн оргил үе. Тиймээс мэргэжлийн хяналт, онцгой байдал, Зоонозын өвчин судлалын төв гээд мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд ханцуй шамлан оржээ.

Халдвар авсан даруйд нэн яаралтай эмнэлгийн байгууллагад хандахгүй бол амь насыг нь өршөөлгүйгээр авч оддог энэ аюулт өвчин монголчуудын танил болсон түүх их эртнийх. Бүр 1800-гаад оны дундуур гаднын эрдэмтэд тахлын нян Монголд байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байв. Харин 1911 онд Оросын шинжилгээний баг өвчтэй тарваганаас нян илрүүлснээр таамаг төдий байсан аюул дэргэд нэгэнт ирснийг нотолжээ.

Өнгөрсөн жилүүдэд бид тахалтай удаа дараа нүүр тулж, ялж, ялагдаж ирсэн. 1940-өөд оны сүүл, 1950-иад оны эхээр дэгдэлт оргилдоо хүрсэн түүхтэй. Тухайлбал, 1949 онд 37 тохиолдол бүртгэгдсэнээс 34 хүн амиа алдсан юм. Энэ үеэс хойш хөнөөлт тахлын дэгдэлт аажмаар буурсаар байгаа. Өнгөрсөн хоёр жил улсын хэмжээнд тахлаар хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй нь түүнтэй хийх тэмцэл үр дүнгээ өгсний илэрхийлэл. Гэхдээ тайвшрахад эрт байна. Аюул биднийг одоо ч отсоор байгаа. Үүнийг дараах хэдэн шалтгаанаар тодотгоё.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн долдугаар сард тахлын голомт бүхий бүс нутагт тандалт, судалгаа хийгээд иржээ. Дээрх судалгаагаар Баян- Өлгийн Ногооннуур, Улаанхус, Цагааннуур, Бугат, Ховдын Булган, Мөст, Алтай, Өвөрхангайн Хайрхандулаан, Уянга, Сант, Завханы Эрдэнэхайрхан, Төв аймгийн Сэргэлэн сум, Хөвсгөлийн зарим нутагт тарваган тахлын байгалийн голомт онц идэвхтэй, мэрэгч амьтдын дунд тахлын өвчлөл явагдаж байгаа нь тогтоогдсон байна. Эдгээр нутагт тарвага агнаж идвэл халдвар авах магадлал маш өндөр гэсэн үг. Ер нь улсын хэмжээнд 17 аймгийн 157 сум тарваган тахлын голомттой гэж бүртгэгджээ. Бараг нийт сумдын тал шахам хувьд нь тахлын тохиолдол илэрч байсан гэж бодохоор айдас төрөхөөс аргагүй.

“Мэрэгч амьтдын өвчлөл явагдах эрсдэл хамгийн өндөр үе бол наймдугаар сар. Тиймээс мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийдэг. Эрсдэлтэй бүс нутагт байгаа хүмүүсийг вакцинд хамруулах нь үр дүнтэй арга. Энэ жил улсын хэмжээнд вакцинжуулалт 80 гаруй хувьтай хийгдсэн тухай мэдээ ирсэн. Вакцин хийлгэснээр бүтэн жилийн дархлаа тогтоно.

Тарвага агнахыг хориглосон ч тоо толгой нь эрс багасчээ


Хамгийн гол нь иргэд сэрэмжлүүлэг, анхааруулгыг бүрэн мөрдөж чадвал тахлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой” хэмээн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч их эмч Д.Отгонбаяр хэлэв. Мэргэжлийн хүн ийн анхааруулсан ч иргэд тарваганаас татгалзаж чадалгүй хулгайгаар агнаж, зооглосоор байна. Энэ хэрээр тахал дэгдэх эрсдэл нэмэгдэх нь мэдээж. Уг нь манай улс 2014 онд тарвага агнахыг хуулиар хориглосон. Агнахгүй болохоор тоо толгой нь өсөх ёстой. Гэвч гадаадын амьтан судлалын байгууллагын хийсэн судалгаа тийм биш гэдгийг нь нотлоод өгөв. Тухайлбал, 1990 онд 20 саяд хүрч байсан тарваганы тоо толгой өдгөө 75 хувиар буурсан тухай цочирдом мэдээ дэлгэж байв. Хориглосон хэдий ч бид нууцаар агнасаар байгааг энэхүү баримт харуулна. Өнгөрсөн жил л гэхэд нэг дор 200 гаруй тарвага хот руу оруулах гэж байгаад баригдсан тохиолдол бий. Энэ жил ч гэсэн постууд дээр тарвага хурааж авсан тухай мэдээлэл ирсээр байна. Наймдугаар сарын 14, 15-нд Баянзүрхийн товчоогоор иргэд тарваганы тулам оруулж ирэх гэж байсныг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн юм.

Хүмүүс тахлын халдвар авсан тохиолдлыг ажихад дандаа анхаарал болгоомжгүйгээс болсон байдаг. 2015 онд гэхэд гурван хүн тахлын халдвар авч, хоёр нь амиа алдаж байв. Ховд аймгийн Булган суманд 16 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг өвчиж байгаад гараа эсгэж, халдвар авсан. Улмаар эмнэлэгт оройтож хандсаны улмаас эмч нар амийг нь аварч чадаагүй юм. Түүнчлэн Хөвсгөл рүү аялахаар явсан нэгэн залуу замаасаа тарвага худалдан авч, чануулахаасаа өмнө биед сайн гээд эрхтнийг нь түүхийгээр залгижээ. Үүнээсээ болоод халуурч эхлэхэд нь антибиотик ууж явсаар цаг алдсан байдаг. Эцэс сүүлд нь эмнэлэг бараадсан ч хүлээн авахын үүдэнд амьсгал хураасан харамсалтай түүх бий. Хөдөө, орон нутагт хүн ам тархан суурьшсан болохоор тахал дэгдлээ ч газар авахуулалгүй дарах боломжтой. Харин дөрвөн уулын дундах жижигхэн хөндийдөө багшралдсан нийслэл хотод энэ аюул нүүрлэвэл юу болохыг төсөөлөөд үзээрэй.


• Дөрвөн уулын дундах жижигхэн хөндийдөө багшралдсан нийслэл хотод энэ аюул нүүрлэвэл юу болохыг төсөөлөөд үзээрэй.
• Тарваган тахлын нян хөлдөөгчинд бүтэн жилийн турш байсан ч устдаггүй, аюултай эд.
• Хэрэв цаг алдалгүй мэргэжлийн байгууллагад хандвал эдгэрэх бүрэн боломжтой.

Хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон халдварт өвчнөөс хамгийн олон хүний амийг авч одсон нь тарваган тахал шүү дээ. Гэвч бид хөдөөнөөс тарваганы мах захин авчруулж идсэн хэвээр. Бас биед сайн гээд цөсийг нь залгина. Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд тахлын сэжигтэй тохиолдол илэрч, албаныхныг сандаргаад авсан удаатай. Хөдөөгөөс авчирсан тарваганы махаа жил шахам хөлдөөгчиндөө хадгалсан эр түүнийгээ гарган жижиглэж байгаад хуруугаа эсгэсэн юм. Азаар тэр хүнээс тахлын шинж тэмдэг илрээгүй. Тарваган тахлын нян хөлдөөгчинд бүтэн жилийн турш байсан ч устдаггүй, аюултай эд гэдгийг иргэд тэр бүр мэддэггүйн жишээ энэ.

Сүүлийн 20-иод жилийн статистикийг харвал 15-19 насны хөвгүүд тахлаар өвчлөх тохиол эрс нэмэгджээ. Аав, ах нарынхаа агнаж ирсэн тарвагыг өвчих үүрэг тэдэнд ихэвчлэн оногдоно. Ингээд өвчих явцдаа хуруу гараа санамсаргүй зүссэнээс болж өвчилдөг аж.

Хэрэв халдвар авбал 1-6 хоногийн дотор (ихэнхдээ 2-3 хоногт) шинж тэмдэг нь илэрдэг юм байна. Халдвар авсан бол халуурах, толгой өвдөх, бөөлжих, үе мөч, булчин өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрэв цаг алдалгүй мэргэжлийн байгууллагад хандвал эдгэрэх бүрэн боломжтой гэдгийг эмч нар сануулав. Харин оройтвол ямар ч авралгүй.

Бид л тарваган тахал гэж нэрлэдэг болохоос энэ халдвар зөвхөн тарвага биш, мэрэгч бүх амьтнаас хүнд халдана. Тэр ч байтугай нохой, муур, тэмээ хүртэл халдварын нян тээх тохиолдол байдаг гэнэ. Африк, Ази, Өмнөд Америкийн орнуудад ихэвчлэн илэрнэ. Ялангуяа Африкийн ихэнх орон, Мадагаскар, Хятад, Орос, Казахстан, Монгол Улс аюултай бүс нутгийн тоонд орно. Мадагаскарт гэхэд ганцхан жилийн дотор 119 хүн тахлаар өвчилж, тэдний 40 нь нас барсан байдаг. Манай Монгол Улс Африк тив болон Мадагаскартай харьцуулахад өвчлөл харьцангуй бага. Гэхдээ хэнэггүй зангаа засахгүй бол хар тахлын аюул биднийг отсоор байх болно.
САНАЛ БОЛГОХ