Эмчилдэггүй эмнэлэгт найдсаар байх уу

Үзэл бодол

Нэгэн танил эгч маань өөрт тохиолдсон явдлаа хэд хоногийн өмнө сонирхуулан хуучилсан юм. Тэрбээр нэгэн том эмнэлгийн орлогч даргад биеэ үзүүлэхэд “18-тай юм шиг л эрүүл саруул байна” хэмээн тайвшруулаад явуулжээ. Гэтэл удалгүй хамаг бие нь өвдөж эхэлсэн байна. Нарийн шинжилгээ хийлгэтэл хоёр жилийн өмнөөс уйланхай ургаж эхэлсэн нь тогтоогдов. Ингээд сандралд орж, нэлээд явдал болсны эцэст хагалгаанд орж эдгэрчээ.

Түүний ээжид бас иймэрхүү түүх тохиолдсон. 70 гарсан буурал өрхийн эмнэлгийнхээ хяналтад тогтмол байдаг, бараг долоо хоног бүр очиж үзүүлдэг гэнэ. Эмч нар нь “Таны бие ёстой сайн байна. Ямар ч хууч өвчин алга. Санаа зовох хэрэггүй” гэж явуулсаар цөөнгүй жилийг үджээ. Гэтэл саяхан элэгний төвд үзүүлтэл вирус нь идэвхжээд өчнөөн жил болчихсон байв.

“Би уг нь өг гэсэн бүх шинжилгээг нь өгөөд байсан шүү дээ” хэмээн хөөрхий хөгшин учирлаж байв. Хэрэв үр хүүхдүүд нь дагуулж очоод оношлуулаагүй бол вирус идэвхжсээр эцэстээ элэгний хорт хавдар болох байсныг үгүйсгэх аргагүй. Ганц гэр бүлд тохиолдсон жишээг дурдахад иймэрхүү.

Өвчнийг улам хүндрүүлдэг гол шалтгаан нь дүүрэг, өрхийн эмнэлэг болжээ

Өөр нэг танил маань гэнэт ухаан алдан унаж, дүүргийнхээ эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар оношийг нь зөв тогтоож чадалгүй ядаргааны эм уулгаж өчнөөн өдөр явуулсан юм байх. Эцэст нь Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт оношлуулаад өнчин тархины уйланхайтай гэдгээ мэдсэн гэнэ. Энэ хооронд өндөр үнэтэй эмээр багагүй бөмбөгдүүлснийг дурдах нь зүйтэй. Хэрэв эмч нар өвчнийг нь эртхэн, зөв оношлоод өгсөн бол ажил төрлөө алдаж, буруу эм өндөр үнээр авч уухгүй байв. Ер нь эмчийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой үүн шиг жишээ дурдаад байвал барагдахгүй. Бараг Монголын ихэнх гэр бүлд тохиолддог асуудал байх.

Уг нь бид эмч хүнийг бурхан мэт хүндлэн дээдэлдэг ард түмэн. Цагаан халаадтай эмч бүрийг аврагч мэтээр харж, тэдэнд өөрсдийн эрүүл мэндээ бүрэн даатгадаг байлаа. “Байлаа” гэж өнгөрсөн цаг дээр бичсэн учир нь өнөөх эмч нар маань бидний итгэлийг бага багаар алдсаар өдгөө нэр хүнд нь шалбаагтай хутгалдаж орхисон гээд хэлчихэд нэг их хатуудсан болохгүй байх. Ер нь улсын эмнэлэгт үзүүлнэ гэдэг тэвчээр шаардсан ажил болоод удаж байна. Хар үүрээр очиж дугаарлаж байгаад ааш муутай эмчид арайхийн үзүүлнэ. Харин үзүүлсэн хойно онош, эмчилгээ буруу байх магадлал өндөр байх вий. Гуравдугаар шатлалын том эмнэлгүүд нь арай л дээр. Харин дүүрэг болон өрхийн эмнэлгүүдэд итгэхэд бэрх гэдэг нь олон жишээн дээрээс харагдсаар байна. Үр дүнд нь иргэд өвчнөө мэдэхгүй явсаар хүндрүүлж бүр хорвоог орхино. Зовсон нэгнийг эдгээх биш, өвчнийг нь улам хүндрүүлэх гол шалтгаан нь дүүрэг, өрхийн эмнэлэг болжээ.

Өрхийн эмнэлэг гэдэг иргэдэд хамгийн ойр, анхан шатны тусламж үзүүлдэг маш чухал байгууллага. Тэгсэн хэрнээ дадлага туршлагагүй, шинэ эмч нараар дүүрэн. Угаас анагаахын сургууль төгссөн шинэхэн эмч өрхийн эмнэлэг дээр 2-3 жил дадлагажсаны эцэст дараагийн шатны эмнэлэгт дэвшин ажиллана гээд дүрэм журмандаа заачихсан. Ингэснээр өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн иргэд туршилтын туулай болж хувирснаас ялгаагүй болсон юм. Уг нь зовж зүдэрсэн хүмүүст анхлан хүрч буй энэ газарт чадвартай эмч нар байх ёстой ч бодит байдал дээр яг эсрэгээрээ. Хөдөө, орон нутгийн иргэд хавдар нь хүндэрсэн хойноо хот бараадаж, олон саяар эмчилгээ хийлгэхэд хүрдэг нь чухам үүнтэй л холбоотой. Учир нь тэнд өвчнийг нь зөв оношилж, хэрэгтэй зөвлөгөө өгч чадахгүй байна. Тоног төхөөрөмж угаас муу, дээр нь хөдөөд томилогдсон эмч нарын мэдлэг чадвар дэндүү хангалтгүй.

Эмнэлгүүдийн тухай бичихдээ эмч нарыг муулаад байж болохгүй л дээ. Угаас энэ салбар буруу тогтолцоогоор явсаар өдийг хүрлээ. Үүнийг хүн бүр мэддэг, шүүмжилдэг хэдий ч ахиц дэвшил огт алга. Эрүүл мэндийн салбарт улс төрийн оролцоо дэндүү их. Томилогдож ирсэн сайд нар нь бодлогоо зөв тодорхойлох чадваргүй. Тэгсэн хэрнээ тендерээс хэдэн “цаас” олж авах гэж хөөцөлдсөөр үүрэгт хугацаагаа дуусгах нь түгээмэл. Боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбар улс төрөөс ангид байх ёстой гэдэг ч Монголд лав тийм биш. Сонгуульд ялсан нам нь ар, өврийн хаалгаар халаа сэлгээ хийсээр мэдлэг чадваргүй боловсон хүчнээр дүүрдэг гаж тогтолцоо амь бөхтэй оршсоор.

• Гуравдугаар шатлалын том эмнэлгүүд нь арай л дээр. Харин дүүрэг болон өрхийн эмнэлгүүдэд итгэхэд бэрх гэдэг нь олон жишээн дээрээс харагдсаар байна.

• Өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн иргэд туршилтын туулай болж хувирснаас ялгаагүй.

• Улсын эмнэлэгт үзүүлнэ гэдэг тэвчээр шаардсан ажил. Харин үзүүлсэн хойно онош, эмчилгээ буруу байх магадлал өндөр байх вий.

Уг нь олон улсад эмч мэргэжилтэй хүн хамгийн өндөр цалинтай байдаг. Тэр хэрээр үүрэг, хариуцлага нь өндөр. Гэтэл манайд яаж байна. Эмч, багш нарынх нь цалин өчүүхэн бага. Ялангуяа өрхийн эмнэлгийн эмч нарын дийлэнх цэвэрлэгчээс ч бага үнэлгээгээр цалинждаг. Тэгсэн хэрнээ морь мал мэт их ачаалалтай зүтгэнэ. Ийм нөхцөлд хариуцлага, ёс зүй гэдэг зүйл угаас орхигддог жамтай. Үр дүнд нь ард иргэд эрүүл мэндээрээ хохирч, хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэв. Хорт хавдраар өвчлөгсдийн 75 хувь нь эмчлэгдэх боломжгүй болсон үедээ эмнэлэгт ханддаг гэсэн харамсалтай баримт эмч нарын буруу онош, хайхрамжгүй байдалтай салшгүй холбоотой. Эмнэлгийн тусламж үйлчилгээ дэндүү доогуур болохоор хүмүүс гадаадад очиж эмчилгээ хийлгэх нь улам нэмэгджээ. Хамгийн наад захын эмчилгээ л гэхэд замын зардалтайгаа нийлээд арваад сая төгрөг болно. За тэгээд хэдэн зуун саяыг гаргаж, гадагшаа эмчилгээнд явсан тохиолдол цөөнгүй. Энэ хэрээр бидний баялаг гадагшаа урсаж, харийн эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт болсоор байна. Монголчууд гадаадад эмчилгээ хийлгэхийн тулд ганцхан жилд хамгийн багадаа 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн багцаа тоо бий. Энэ мөнгөний ядаж тал нь эх орондоо үлдсэн бол эрүүл мэндийн салбарт асар их дэмжлэг болох байсан нь гарцаагүй. Тиймээс ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах чухал салбарыг тогтолцоогоор нь өөрчлөхгүй бол цааш явахгүй.

Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байх үедээ эмнэлгүүдийг 20 цаг хүртэл тасралтгүй ажиллуулдаг болгосон нь том ололт байв. Энэ хэрээр дугаар, дараалал эрс багассаныг олон хүн хэлдэг. Орой болтол ажиллах нь тодорхой тул заавал өглөө эрт очиж, бөөнөөрөө шихэлдэх шаардлагагүй байлаа. Харин одоо байдал өөрчлөгдсөн. Үдийн цайны дараа эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх гээд оролдоод үзээрэй, ёстой санасны гарз болох вий. Эмч нар өглөөгүүр хэдэн хүн үзчихээд үдээс хойш алга болоод өгнө. Байдал ийм байхад хүмүүс өглөөгүүр батгана шиг багшралдахаас аргагүй.

Бид шинэ Үндсэн хуулийнхаа хамгийн эхэнд нь “Монгол хүн амьд явах эрхтэй” гэсэн заалттай. Гэвч эрүүл мэндийн салбар ийм дорой болохоор бидэнд амьд явах баталгаа алга. Чадваргүй, сэтгэлгүй эмч нарт найдахын оронд зовлон үзсэн чавганцын зөвлөгөөг дагасан нь дээр болох гээд байна.
САНАЛ БОЛГОХ