Өдөр өнжүүлэх төвүүдийн төлбөр 100-450 мянган төгрөг байна

Мэдээ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн эцэг, эхчүүдийн хувьд хамгийн эрэлттэй зүйлүүдийн нэг нь "Өдөр өнжүүлэх төв" байдаг. ''Монголын өдөр өнжүүлэх-Хүүхэд хөгжүүлэх төвүүдийн нэгдсэн холбоо''-ны 2015 оны судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын хэмжээнд 256 өдөр өнжүүлэх төв бүртгэгдсэн байна. Харин судалгаанд хамрагдаагүй төвүүд энэ тоог бараг хоёр дахин нугалах хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж. "Өдөр өнжүүлэх төв"-үүдийн төлбөр нь байршлаасаа хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд 100-450 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Ихэвчлэн 6-12 насны хүүхдүүдийг хүлээн авдаг байна. Түүнчлэн "Өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжүүлэх төв"-үүд хүүхдүүдийн нийгэмших тал дээр анхаарч ажилладгаа онцолсон юм. Холбооны гишүүнчлэлтэй 30 төв байдгаас дурдвал “Гоо марал”, “Аз билэг”, “Энгэрийн мод”, “Нэгэн зүгт хамтдаа”, “Авьяас” зэрэг Өдөр өнжүүлэх төв байна. Дийлэнх төвийг дунд сургуулийн багш нар хувиараа ажиллуулдаг ажээ. “Гоо марал” хүүхэд хөгжүүлэх академийн дэргэдэх "Өдөр өнжүүлэх төв"-ийн хувьд, 4-5 насны хүүхдүүдийг вакум орчинд суралцуулдаг төдийгүй 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хүлээн авдаг байна. Гадаад хэл , математик, Монгол хэлний сонгонтой төдийгүй хэд, хэдэн төрлийн дугуйлан ажиллуулдаг аж.

Тус төв нь сургалтын тав тухтай орчин, аюулгүй байдал болон хүүхдүүдэд урлагийн хүмүүжил олгох зэрэгт анхаарч ажилладаг талаараа онцолсон юм. Харин энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог газар одоогоор байхгүй аж. Төвүүд ихэвчлэн харьяа дүүргийнхээ Боловсролын хэлтсээс сургалтын төвийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг байсан ч сүүлийн жилүүдэд зөвшөөрөл өгөхөө больсон гэж ''Монголын өдөр өнжүүлэх-Хүүхэд хөгжүүлэх төвүүдийн нэгдсэн холбоо'' мэдээлсэн юм.


САНАЛ БОЛГОХ