"Улаан гэрэл" ассан ДЦС-ууд

ЗГМ: Цуврал

Нийслэлийн гол ДЦС-ууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог

Өрх гэрээс эхлээд сургууль цэцэрлэг, аж үйлдвэр гээд улс орны эд, эс бүрийг гэрэл, дулаанаар тэжээдэг эрчим хүчний салбарын зүрхэн хэсэгт улаан гэрэл анивчиж байна. Манай улсын дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг төрийн өмчит долоон станц өвлийн хахир хүйтэнд дор бүрнээ бэлдэж, нөөцөө базааж буй.

Одоогоор эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна. Гэвч зөвхөн өвөлд бэлэн байх нь нуруун дээрээ асар хүнд ачаа үүрдэг энэ салбарын хувьд чухал биш.

Манай эрчим хүчний салбарт 1961-1969 онд их бүтээн байгуулалт өрнөж Дарханд нэг, Улаанбаатарт хэд хэдэн дулааны цахилгаан станц сүндэрлэсэн. Дараа нь 1980-аад онд Багануур, Эрдэнэтэд эрчим хүчний “үйлдвэр”-тэй болсон. Гэвч өнөөдөр эдгээрийн талаас илүү нь ашиглалтын хугацаа нь аль хэдийнэ дууссан ч тэтгэвэрт гарч чадахгүй, хэзээ мөдгүй сөхрөхөд бэлэн болчихжээ.

Уг нь дулааны цахилгаан станцын ашиглалтын хугацаа дунджаар 35 жил байдаг. Гэтэл төрийн өмчийн долоон станцаас дөрөв нь энэ хязгаарыг даваад байна. Эдгээрээс хамгийн хөгшин нь 56 “нас”-тай Дулааны хоёрдугаар цахилгаан станц. Дараа нь 52 “нас”-тай Дарханы, 48 “нас”-тай Дорнодын станцууд бичигдэж буй. Хэдийгээр 4-8 жил тутамд урсгал засвар хийдэг боловч аливаа гэнэтийн осолд бэлэн биш, эрсдэл даах чадвар нь нэн сул байна.

Ялангуяа, Улаанбаатар хотын эрчим хүчний гол эх үүсвэр болсон хоёр, гуравдугаар цахилгаан станц маш эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгааг МХЕГ анхааруулж байна. Учир нь энэ станцууд бүгд нийслэлийн баруун урд хэсэгт, газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд байдаг. Хан-Уул, Баянгол дүүрэг бол найман баллын идэвхтэй бүс. Хэрэв энэ хэсэгт газар хөдлөлт болж, станцуудын үйл ажиллагаа зогсвол нийслэлийн 80 гаруй хувь нь тог, цахилгаангүй болно гэсэн үг. Үндсэн барилгаас гадна ихэнх тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа хэтэрсэн тул бага хэмжээний газар хөдлөлт ч тоймгүй эрсдэл учруулах магадлалтай. Түүнчлэн, станцын амин судас болсон гол төхөөрөмжүүдийг нэг ч удаа солиогүй дутагдал нийтлэг байгаа нь эрсдэлийг хэдэн шат ахиулж буй.

Тухайлбал, Дулааны хоёрдугаар цахилгаан станцыг 1961 онд байгуулахад АК-6 маркийн хоёр турбингенератор суурилуулжээ. Хожим 1969 онд өргөтгөл хийхдээ ПТ-12-35/10 болон N6-3.43 маркийн гурван турбингенератор нэмсэн. Эдгээр нь бүгд ОХУ- ын хуучны “бүтээгдэхүүн” тул өдгөө эвдэрч, үйл ажиллагаа нь доголдоход гайхах зүйлгүй болчихжээ. Эднийх 1961 оноос хойш тоног төхөөрөмжөө 10 гаруй удаа сольсон. Гэхдээ турбингенератораа сольж байгаагүй тул хэзээ ч эвдэрч мэдэхээр нөхцөл бүрджээ. Үүнтэй адил Дархан, Эрдэнэт, Дорнодын дулааны цахилгаан станцын турбингенераторын ашиглалтын хугацаа дууссан, туслах тоноглолуудын засвар, шинэчлэлт хангалтгүй, ихээхэн хуучирч муудсан тул осол, саатал гарах эрсдэл хоног өдрөөр нэмэгдэж буйг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс харж болно.

Төрийн өмчийн долоон станцаас хамгийн их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн нь Даланзадгадын дулааны цахилгаан станц. 2000 онд буюу хамгийн сүүлд барьсан “отгон” нь учраас хамгийн эрсдэл багатай нь баймаар. Гэтэл эсрэгээрээ. Эднийх өнгөрсөн 17 жилийн хугацаанд байн, байн тэг зогсолт хийж иргэд, аж ахуй нэгжүүдийг хохироож байна. Даланзадгадын дулааны цахилгаан станц гэмтэл, саатлаараа улсдаа тэргүүлдэг. Анхнаасаа зураг төсөл нь буруу гарсан. Дээр нь янз бүрийн улсаас, өөр өөр стандарттай төхөөрөмжүүд суурилуулсан нь осол, гэмтэл гарах гол шалтгаан нь аж.

Эднийх Хятадаас уур боловсруулах зуух, Японоос турбингенератор, сүлжээний ус халаагч болон бусад тоног, төхөөрөмжөө авчээ. Тэдгээр нь хоорондоо тохирдоггүй, заримыг нь “монголчилж” өөрчилснөөс үйл ажиллагаа нь ийнхүү байнга доголддог юм байна. Мөн тоног, төхөөрөмжийн арчилгаа, тордолгооны хувьд ч муу дүн авдаг аж.

2011 онд өвлийн ид хүйтнээр буюу арваннэгдүгээр сард Даланзадгадын дулааны цахилгаан станцын хоёрдугаар үндсэн турбингенератор нь эвдэрч, тэг зогсолт хийсэн юм. Мөн сар хүрэхгүй хугацааны дараа зуухны галын хотлын бетон нь ховхорч унаснаас үйл ажиллагаа нь саатсан. Гэмтлийг нь засах сэлбэг Монголд байхгүй учраас багагүй зардал гарч байсан юм. Тус станцаас эрчим хүчээр тэтгэгддэг Өмнөговь аймгийн төв болон Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон сумдын 482 аж ахуйн нэгж, албан байгууллага, 6000 орчим өрх цахилгаангүй болж, хохирсон түүх бий. Тэр дундаа эмнэлгийн байгууллагууд иргэдэд яаралтай тусламж үзүүлж чадахгүй, хүндхэн давааг туулсан билээ.

Уг нь эрчим хүчний салбар бол бусад салбарын хөдөлгөгч хүч нь, зайлшгүй хэрэгтэй агаар, ус нь. Гэтэл өнөөдөр арайхийн өдөр хоногийг аргацааж, хэзээ юу болох бол гэсэн айдастай байна.

Энэ салбар хөгжиж байж, уул уурхай, аж үйлдвэрлэл хөгжих таатай нөхцөл бүрддэг зүй тогтолтой. Хэрэв энэ салбарт анхаарлаа хандуулж, зөв төлөвлөж чадвал ОХУ-аас эрчим хүчээр хараат бус байж чадна. Бүр цаашлаад Хятад, Япон, Солонгос зэрэг ойрхон бүс нутагт эрчим хүч экспортлох боломж бий.

Эдийн засгийн хөгжлийн суурь болсон энэ салбарыг зөв удирдаж чадвал хөрөнгө босгох, Монгол руу чиглэсэн мөнгөний урсгалын шинэ жим гаргах боломжтойг салбарынхан хэлдэг. Гэхдээ үүнээс өмнө хуучирч муудсан станцууддаа “амь тариа” залгуулж, гэнэтийн ослоос сэргийлэх хэрэгтэй байна.


Шинэ станцуудыг зүүн хэсэгт барина

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын ахлах байцаагч Б.Мөнхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дулааны цахилгаан станцуудаас ямар зөрчил хамгийн их илэрдэг вэ?

-Ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмж хэрэглэдэг, арчилгаа муу, урсгал засвар бараг хийдэггүй дутагдал их гардаг. Эрчим хүч бол асар их мөнгөөр хэмжигдэг салбар. Нэг мегаватт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихад хоёр сая ам.доллар хэрэгтэй. 100 мегаваттынхад бол 200 сая ам.доллар орно гэсэн үг. Тиймээс шууд шинэ станц барихад хүндрэлтэй. Хуучин станцаа нурааж, шинийг барина гэхийн оронд аюулгүй байдлыг хэрхэн хангахад түлхүү анхаарч, хуучирсан төхөөрөмжүүдээ нэг нэгээр нь боловч солих хэрэгтэй. Ингэж чадвал ашиглалтын хугацаа нь дууссан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бий.

-Нийслэлийн дулааны цахилгаан станцууд газар хөдлөлтийн хамгийн эрсдэлтэй бүсэд байна. Эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ?

-Анхнаасаа газар хөдлөлтийн эрсдэлтэй бүс гэдгийг тооцоогүй. Хэрэв газар хөдлөлт болбол нийслэлийн дулааны шугам, барилгууд хөлдөх аюултай. Эрчим хүчний үйлдвэрлэл энэ цэгт төвлөрч байгаа учраас хотын зүүн урд хэсэгт шинэ станцуудыг барих чиглэл баримталж байгаа. Тухайлбал, Амгалан дулааны станц Зүүн дөрвөн замаас зүүн тийшэх хэсгийн дулааны хэрэглээг хангаж байна. Ингэснээр сүүлийн хоёр жилд бусад станцын ачаалал харьцангуй буурсан. Мөн дулаан хангамж доголддог байсан хэсгүүд сайжирсан.

-Дулааны тавдугаар цахилгаан станц барих ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Техник, эдийн засгийн үзүүлэлтийг батлах шатанд явж байгаа. Барих газраа сонгоогүй учраас барилгын шавыг нь ч тавиагүй байна.


САНАЛ БОЛГОХ