Тав дахь Ерөнхийлөгчийн таамаглаагүй байр суурь

Нийтлэлчийн булан


Монгол Улс “ялах”-ын тулд хөрөнгө оруулагчдад найр тавих шаардлагатай тулгарч мэднэ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга анхны айлчлалаа ОХУ-д ирэх сард хийхээр товлож байна. Айлчлалын бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд Дорнын Эдийн засгийн чуулганд тэрбээр оролцох юм.

Владивосток хотноо болох тус чуулга уулзалтад Монгол Улс жил бүр өндөр ач холбогдол өгч, тогтмол оролцож ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын баримтлах эдийн засгийн гадаад бодлого олон улсад төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байна. Тангараг өргөснөөс хойш сар гаруйн хугацаанд эрс шийдэмгий олон шийдвэр гаргасан Ерөнхийлөгч маань хөрөнгө оруулагчдад хэр элэгтэй хандах нь одоогоор тааварлашгүй. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр одоогийн нөхцөлд бүрэн хэрэгжих боломжтой юу. Энэ асуултад хариулт олохыг хичээв.

Ерөнхийлөгчийн байр суурь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хамгаас чухал болчихоод байна. Хэдий Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалт татахаар ажиллаж эхэлсэн ч Ерөнхийлөгчийн дэмжлэг түүхэн хугацаанд голлох үүрэгтэй байж ирсэн.

Хоёр сар гаруйн өмнө нийтэд ил болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Эдийн засгийн хамтын ажиллагааг эн тэргүүнд тавьсан гадаад харилцааг дэмжинэ” гэж амласан. Уг өгүүлбэр өдгөө хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж эхэллээ. Гэхдээ тав дахь Ерөнхийлөгч хөрөнгө оруулагчдад хандан ямар нэгэн “бэлэг” задалсангүй.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 оноос хойш тасралтгүй буурсаар 2017 оны эхний хагастай золгов. Хөрөнгө оруулалт огцом буурснаар төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, ам.доллартай харьцах төгрөгийн ханш өнгөрсөн хугацаанд хоёр дахин буурсан. Ийм эгзэгтэй үед Ерөнхийлөгчийн байр суурийг харгалзаж үзэхээс аргагүй юм. Монголын бизнесийн зөвлөлийн ээлжит уулзалтад оролцсон төрийн тэргүүн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хамгийн эхэнд нь онцолсон. Тэрбээр Засгийн газартайгаа нэгдмэл бодлоготой байна гэдгээ энэ үеэр мэдэгдсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдад төдийгүй дотоодын эдийн засагт эерэг мессеж болон хүрлээ. Засгийн газар болон Ерөнхийлөгчийн эдийн засгийн гадаад бодлого нэг шугам дээр ийнхүү уулзаж байна.

Бизнесийн орчныг сайжруулах Ерөнхийлөгчийн байр суурь энэхүү уулзалтаар илүү тодорхой болсон юм. Энэ нь бизнесийн одоогийн орчныг өргөжүүлж, эдийн засгийг тэлэх бодлогыг Засгийн газартай ярилцаж, хамтарч хэрэгжүүлэх тухай байлаа. Одоо дөнгөж эхлэлийн шатанд явна. Хувийн хэвшилд ажиллаж байсан тав дахь Ерөнхийлөгч хөдөө аж ахуйн салбарт өргөн боломж байгааг бизнесийнхэн болон гадаадын хөрөнгө оруулагчдад сонордуулах болов. Төрийн тэргүүний хэлснээр манай улсын орхигдсон хамгийн том салбар нь хөдөө аж ахуй юм. Тус салбар дахь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд одоогийн Ерөнхийлөгч идэвхтэй ажиллах зорилготой байгаа. Энэ нь уул уурхайн салбарыг дэмжихгүй гэсэн үг биш юм. Харин уул уурхайтай эн зэрэгцэхүйц хэмжээнд хөдөө аж ахуйн салбарыг солонгоруулах учиртайг тодотгосон хэрэг.

Нийгэмд тулгарч буй ажилгүйдэл, ядуурлыг шийдэхэд хөрөнгө оруулалт чухал болчихоод байгааг тэрбээр бизнес эрхлэгч нартай уулзахдаа хэлж байсан. Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч болоход гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал гэдгийг олж харжээ.


Засгийн газар болон Ерөнхийлөгчийн гадаад бодлого нэг шугам дээр уулзлаа


Монголын эдийн засгийн бүтцийг шинэчлэх шаардлага бий. Олон тулгууртай болгоход бас л хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөгжиж буй эдийн засагтай орнууд хөрөнгө оруулалт татахаар хоорондоо өрсөлдөж байна. Энэхүү өрсөлдөөнд Монгол Улс “ялах”-ын тулд хөрөнгө оруулагчдад найр тавих шаардлагатай тулгарч мэдэх юм. Тэрчлэн гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын баялаг бүтээгч болсон үндэсний хөрөнгө оруулагчдаа тоох цаг иржээ.

Ерөнхийлөгчийн ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон дэмжих” гэж тусгагдсан. Мөн гадаад худалдаа, хөрөнгө оруулагчдын аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчилсөн технологи, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийн талаар дурдсан билээ.

Монголын хөрөнгө оруулалтын орчныг тандахын зэрэгцээ бизнесийн түнш хайх зорилго тээсэн хөрөнгө оруулагчид айсуй. Ирэх сард болох уул уурхай, хөрөнгө оруулалтын “Discover Mongolia”, “Coal Mongolia”, “Invest Mongolia” тэргүүтэй чуулга уулзалтад зочид дүүрэн байх магадлал өндөр байна. Энэхүү чуулга уулзалтад оролцогчдын хувьд Монголын төр, засгийн бодлоготой танилцах, ялангуяа хөрөнгө оруулалтын орчны талаарх өөрчлөлт, шинэчлэлтийг тольдох хүсэлтэй буй нь дамжиггүй. Ялангуяа Ерөнхийлөгчийн эдийн засгийн гадаад бодлого төв цэг нь байх учиртай. Хойд, өмнөд хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлогын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа тэлэх шаардлага бий. Энэ чиглэлд ч Ерөнхийлөгчийн бодлого чиглэж буй. Энэ нь гуравдагч орны хөрөнгө оруулагчдад Монгол ойрхон байгааг дахин сануулж байна.
САНАЛ БОЛГОХ