НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж буй. Өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь МАН- ын бүлгийн 16 гишүүн Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан юм. Үүн дээр нэмэгдээд НИТХ- д сонгогдсон Ардчилсан намын 11 гишүүн нэгдсэнээр нийт 27 гарын үсэг цуглараад байна. Тэд НИТХ-ын дарга Ц.Сандуйг ёс зүйтэй байж чадаагүй учраас ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн үзэж байгаа юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан 16 төлөөлөгч дунд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан багтсан нь олны анхаарлыг татаж буй. 2008 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр 2012-2016 оны хооронд НИТХ дахь МАН- ын бүлгийн даргаар ажилласан юм. Гэвч хоёр сонгууль дамнан яригдаж буй 60 тэрбум төгрөгийн хэрэгт түүнийг “буруутгасан” учир ийнхүү НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах “аян”-д нэгдэж, гарын үсгээ зуржээ. Түүнтэй “Оюуны ундраа” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Амарсайхан нэгдсэн. 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа түүний хувьд бизнесийн салбараас улс төрд орсон улстөрчдийн төлөөлөл юм.
• НИТХ-д сонгогдсон Ардчилсан намын 11 гишүүн гарын үсгээ зурснаар нийт 27 гарын үсэг цуглараад байгаа юм.
• 60 тэрбум төгрөгийн хэрэгт түүнийг “буруутгасан” учир ийнхүү НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах “аян”-д нэгдэж, гарын үсгээ зуржээ.
• Дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт НИТХ-ын ээлжит бус хуралдаан болох учиртай.
Харин Н.Батсүмбэрэлийн хувьд намын анхан шатны нэгжид ажиллаж байсан туршлагатай. 2006-2010 оны хооронд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байгаад 2010 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. Үүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Харин 2016 оны НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан тэрбээр өдгөө “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байгаа юм. Түүний хувьд 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаас МАН-ыг шинэчлэх, эрүүлжүүлэх аяныг идэвхийлэн өрнүүлж, Шинэчлэлийн хороог байгуулалцсан. Өнгөрсөн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан намдаа дахин “сөрөг хүчин” байгуулж, алдаа оноог нь засах, амжилт ололтыг нь дэмжиж, үзэл бодолдоо үнэнч байсаар ирсэн хүмүүсийн төлөөлөл. Нөгөөтэйгүүр, МАН дахь нэр цэвэр залуусын төлөөлөл хэмээн тодорхойлоход буруудахгүй байх.
Дараагийн төлөөлөгч бол Баянзүрх дүүргийн Засаг даргаар нэг хоногийн хугацаанд ажилласан Э.Бат-Амгалан. 2016 оны НИТХ-ын сонгуулийн дараа тус дүүрэг Засаг даргаа томилж чадахгүй нөхцөл байдалд хүрч, төрийн ажил цалгардах явдал үүссэн юм. Дүүргийн ИТХ-аас санал болгосны дагуу нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан. Гэвч энэхүү “томилгоо” шүүх дээр бүдэрч, хуучин Засаг дарга Д.Пүрэвдаваа ажлаа буцаан авснаар Э.Бат-Амгалангийн хувьд Баянзүрхийн Засаг даргаар ажиллах боломжгүйд хүрсэн. Тэрбээр 2012-2015 оны хооронд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуульд дүүргийн намын хороогоо удирдаж оролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мөн л огцруулах албан тоотод гарын үсэг зуржээ. 2016 оны НИТХ-ын сонгуульд МАН-аас анх удаагаа нэр дэвшиж, ялалт байгуулсан түүний хувьд НИТХ-д багагүй хугацаанд ажилласан. 2008-2012 оны хооронд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012- 2016 онд НИТХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажилласан юм. НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах “аян”-д хүч нэмсэн дараагийн хүн бол Б.Бямбадорж. 2008 онд анх НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон түүний хувьд Хот тохижилтын газрын даргаар хоёр дахь удаагаа ажиллаж байгаа юм. Багахангай дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Батнасан мөн л албан тоотод гарын үсэг зурж, хурлын даргадаа хариуцлага тооцохоор сэтгэл шулууджээ. Энэ жагсаалтыг Ч.Гантулга, Р.Дагва, Д.Мөнхжаргал, О.Мөнгөншагай, М.Халиунбат, Ш.Үнэнбат болон Т.Сүхбаатар нар үргэлжлүүлж буй. Тэдний хувьд НИТХ-д анх удаагаа сонгогдон ажиллаж буй. Харин Г.Төмөрбаатар 2000-2008 оны хооронд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа.
Дашрамд дурдахад, НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт НИТХ-ын ээлжит бус хуралдаан болох учиртай. Өөрөөр хэлбэл, энэ сарын 31-нд ээлжит бус хуралдаан болж, дээрх асуудлыг хэлэлцэх хуулийн зохицуулалт байгаа аж.