“Эрдэнэс Таван Толгой” компани “Aspire Mining”-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Бүтээн байгуулалт

“Aspire Mining” компани “Эрдэнэс Таван Толгой” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Талууд Таван Толгойн эрчим хүчний нүүрсийг Овоотын коксжих нүүрстэй хольж баяжуулан эцсийн хэрэглэгчдэд борлуулах боломжтой гэж үзсэн байна. Ингэснээр бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөх юм байна. Хэдий тийм боловч энэхүү асуудал одоохондоо зөвхөн туршилтын шатандаа яваа аж. Санамж  бичгийн хүрээнд талууд ажлын хэсэг гарган эдийн засгийн үр ашгийн тооцоо гаргахаар болсон байна. Хэрэв эдийн засгийн үр ашигтай гэж үзвэл дундын компани байгуулж, жилд 8-10 сая тонн нүүрс холих байгууламж бий болгоход хамтран ажиллах юм байна. Санхүүжилт босгоход талууд ижил үүрэг хүлээхээр тохирчээ. Таван Толгойн Цанхийн уурхайн олборлолтын үед их хэмжээний эрчим хүчний нүүрс олборлож байгаа юм. Харин Овоотын коксжих нүүрстэй хольсноор зах зээлд үнэд хүрдэггүй нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулна. Хольцод Овоотын нүүрс 25 хувь байх үед бүтээгдэхүүн БНХАУ-ын стандартын дагуу анхдагч коксжих нүүрсний ангилалд багтаж байгаа ажээ. “Aspire Mining” компани энэ чиглэлээр 2014 оноос хойш туршилт хийсэн байна. “Aspire Mining” компанийн зүгээс Овоотын уурхайг коксжих нүүрсний нөөцөөрөө Таван Толгойн Цанхийн ордын ард бичигдэх том уурхай гэж үздэг. Эдийн засгийн үр ашигтай нөөц нь 250 сая тонн. Хөвсгөл аймгийн Овоот уурхайгаас Таван Толгойн орд хүртэл 1300 гаруй км зайтай байгаа нь дээрх төсөл хэрэгжихэд хамгийн гол асуудал болоод байгаа юм. “Aspire Mining”-ийн өмнө нь гаргаж байсан мэдээллийн дагуу Сайншандад холих байгууламжийг байгуулбал мөн л ялгаагүй 1300 гаруй км зайтай учраас тус компани Овоот-Эрдэнэт чиглэлд 550 орчим км төмөр зам байгуулж УБТЗ-ын сүлжээнд холбогдох зорилт тавиад байгаа юм.


САНАЛ БОЛГОХ