Ерөнхий сайдыг нэр бүхий гишүүд огцруулахаар УИХ-д хандлаа

Байр суурь


УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналаа УИХ-д өргөн барилаа. Уг албан тоотод тус намын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зуржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар, Я.Содбаатар, Ш.Раднаасэд, Г.Занданшатар, Ц.Гарамжав, Д.Сарангэрэл, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан болон Ц.Даваасүрэн тэргүүтэй 30 гишүүн гарын үсэг зурсан байна. Ерөнхий сайд Ж.эрдэнэбатыг анх томилогдсон цагаасаа ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан гэв. Мөн зарим гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан нь огцруулах үндэслэл болсон хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюур сайхан тайлбарлав. Тэрбээр “Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна” гэлээ.

Тус албан бичигт хэд хэдэн асуудлыг тусгасан байна. Тухайлбал, Засгийн газрын нэг жилийн үйл ажиллагаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн үнэлэлт өгсөн. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсан боловч боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргасан. Засгийн газрын тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд, цөөн хэдэн хүнийг дэмжсэн үйл ажиллагаа нь намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн.

• Засгийн газрын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн үнэлэлт өгсөн гэв.

• МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хангалтгүй хэрэгжиж буй нь иргэдийн шүүмжлэлтэй тулгарч байна.

• Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимаа удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй гэж үзжээ.


Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хангалтгүй хэрэгжсэн нь иргэдийн шүүмжлэлтэй тулгарч байгааг албан бичигтээ дурджээ. Үүнээс гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг танхимаа удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй хэмээн дүгнэж, огцруулах шийдвэрт хүрсэн гэдгээ онцолжээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Хэрэв бид төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг итгэл үнэмшил нуран унана. Энэ бол төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ мэт зүйлийг цэвэрлэх цаг нь болсон. УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурна гэдэг бол асар том хүч. Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амласан. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг, нам нь нам шиг явах цаг болсон. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна” хэмээн гарын үсэг зурсан шалтгаанаа тайлбарлав.

УИХ-ын гишүүн Л.Оюунэрдэнэ “65 суудалтай намын Засгийн газар гэдэг бол Үндсэн хуулийг өөрчлөх саналыг дангаараа оруулах боломжтой. Зөвхөн дөрвөн жилээр биш 20, 25 жилийн томоохон реформыг хийх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж гаргаж ирэх зэргээр маш хурдтай, далайцтай, зангарагтай, хүчтэй Засгийн газар байх ёстой байсан. Гэтэл чадаагүй” гэлээ.

Харин УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Эрх баригч хүчний 30 гишүүн гарын үсэг зурсан тул зайлшгүй ярих ёстой. энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавьсан байх. Гэхдээ цаг үе хүнд байгаа энэ үед ажлаа хийж байгаа Засгийн газрыг муулж, сайлж яримааргүй байна. ээлжит бус чуулган зарлах хүрээнд манай бүлэг хуралдаж, саналаа нэгтгэнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
САНАЛ БОЛГОХ