"SUV" ангиллын автомашины эрэлт өндөр байна

Мэдээ

"SUV" ангиллын автомашин эрэлт өндөртэй байгаа талаар дотоодын дистрибьютор компаниуд мэдээлж байна. "МАDA"-д бүртгэлтэй дистрибьюторуудаас борлуулалтаараа тэргүүлэгч "Таван Богд" компани "RAV4" болон "Lexus RX 350" автомашиныг санал болгож байгаа юм. "RAV4"-ийн хувьд тоноглолоосоо хамаарч үнэ нь 90-103 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Баяр наадмын өмнө эрэлт нь огцом нэмэгддэг "SUV" ангиллын автомашины хамгийн сүүлийн үеийн загварыг дистрибьюторууд санал болгож буй. Тухайлбал, ирэх оноос "Volkswagen Tiguan" автомашины 2017 оны загварыг нийлүүлнэ гэж "Таван Богд" компани мэдээлсэн. Мөн 2017 онд үйлдвэрлэсэн 2015 оны загварын "Tiguan"-ийг ирэх 10 дугаар сараас 134 сая төгрөгөөр худалдаалж эхлэх аж. Харин Францын "Renault" брэндийг оруулж ирэхээр ажиллаж байгаа "Monnis Motors" компани "X-Trail", "Qashqai" зэрэг "SUV" автомашин санал болгож байна. 2017 оны "X-Trail" 90 сая төгрөг, харин "Qashqai" 75 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Тэгвэл "Бодиз Автомотив" компани 2015 оноос хойш "Mazda CX 5" автомашинаас 70 гаруйг борлуулсан талаараа мэдээллээ. Энэ автомашины үнэ "RAV4"-ийнхтэй ойролцоо буюу 99 сая төгрөг байгаа юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар бүрэн цахилгаан автомашиныг зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оруулахаар болсон. Гэхдээ энэ нь "SUV" болон бусад ангиллын энгийн хөдөлгүүртэй автомашины эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж "Бодиз Автомотив"-ийн төлөөлөл мэдээлсэн юм.



САНАЛ БОЛГОХ