Арилжааны банк бодлого тодорхойлогч институци биш

Ярилцлага


Эдийн засгийн суурь нөхцөл нь зээлийн хүүг тогтоодог

“Голомт” банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзоригтой зээлийн хүүг бууруулах стратеги, боломжийн талаар ярилцлаа.

-Монголд зээлийн хүүг тогтооход юу голлон нөлөөлж байна вэ?

-Монголын банкууд хоорондоо ширүүн өрсөлдөж байна. Энэхүү өрсөлдөөнийг аваад үзэхэд, АНУ-ын банкуудын өрсөлдөөний түвшинд хэдийнэ иржээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн ижил түвшинд байна. Үүнийг тодорхой судалгаанаас ч харж болно. Энэ нь эрүүл байгаагийн нэг шинж. Манайд өнөөдөр үйлчилж буй зээлийн хүү нь эдийн засгийн “эрүүл мэнд”-ийн индикатор. Энгийнээр хэлэхэд, судасны даралт, зүрхний хэм гэдэгтэй адилхан гэсэн үг. Эдийн засаг суурь өвчтэй байгаагийн илрэл нь нэгдүгээрт зээлийн хүү, хоёрдугаарт, та бидний сайн мэдэх ам.долларын ханшаар тод илэрч байна. Ханшийн зөрүү бидний амьдралд сүүлийн жилүүдэд маш хүчтэй мэдрэгдэж байгаа. Мөн өндөр хүүтэй зээл авахаар компаниудад өртөг нь нэмэгдэж дагаад хүндрэл үүсдэг. Том зургаар нь авч үзвэл, улс орны төсөвт алдагдал бий болоход хүрдэг. Ийм аюултай үзэгдэл байсаар байна. Тийм учраас яагаад зээлийн хүү өндөр байгаа учир шалтгааныг жил гаруй судалж, дүгнэлээ.

-Зээлийн хүүнд нөлөөлж буй гол шалтгаан нь юу байна?
-Монгол Улс өнгөрсөн 27 жилийн турш төгрөгийн ханшийг хамгаалахын тулд түүний үнэ болох хүүг нь зохиомлоор өндөрт барьж ирлээ. Жишээлбэл, банкны аль нэг салбар дээр очиход ам.долларын хадгаламжийн жилийн хүү зургаан хувь бол төгрөгийнх 15 хувь байгаа. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар, хадгаламжийн хүүнд зориудаар татвар тогтоож, буурууллаа гэх яриа бий. Төгрөгийн хадгаламжийн хүүг ам.доллартай адилхан зургаан хувь болгочихоё. Тэгвэл энэ тохиолдолд юу болох вэ. Ийм нөхцөлд төгрөгийн хадгаламжтай хүмүүс төгрөгөө шууд ам.долларт хөрвүүлэх нь нэмэгдэнэ. Энэ нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш өсөх эрсдэл бий болгоно. Үүнээс болгоомжилж ирсэн. Ам.долларын хадгаламжийн зургаан хувь, төгрөгийн хадгаламжийн 15 хувийн хооронд буй есөн хувийн зөрүү бол бид нарын төгрөгийн ханшийг хамгаалахын тулд төлж байгаа үнэ гэсэн үг. Иргэдийг төгрөгийн хадгаламжинд нь байлгахын тулд өндөр хүү төлдөг. Тэгэхгүй бол бүгд ам.долларын хадгаламж хийхэд бэлэн байна. Манай эдийн засгийн чадавхын хэмжүүр бол төгрөг.

-Төгрөгийн хүүг зохиомлоор өндөр байлгах сонирхол хэнд байна вэ. Банкуудад ашигтай гэж үү?
-Үүнийг зориудаар энд ухамсарлаж барьсан гэж итгэхгүй байна. Монголбанкны бодлогын хүүн дээр суурилж эдийн засгийн хүү гардаг. Энэ хүүг яагаад буулгаж болохгүй байгаа юм. Цаана нь төгрөгийн ханш үнэгүйдэх аюултай. Гурван хувь болголоо гэхэд ам.долларын өмнө төгрөгийн ханш чөлөөт уналт хийнэ гэсэн үг. Төгрөгийн ханшийг хүчтэй байлгахын тулд хорь гаруй эдийн засгийн алхмыг хэрэгжүүлснээр зээлийн хүү буурна. Энэ алхмыг дарааллаар нь хэрэгжүүлэх нь чухал. Тухайлбал, зээлийн хүүг бууруулахын тулд боловсролын салбарт шинэчлэл хийх шаардлагатай. Иргэдийн санхүүгийн боловсрол, чадалтай боловсон хүчний дутмаг байдал хүртэл нөлөөлж байгаа. Монгол Улсын компаниудын нэгдүгээр асуудал нь чадалтай хүн олох явдал. Иймээс бид зээлийн хүүг бууруулахын тулд боловсролын шинэчлэл зайлшгүй хийж таарна.

-Гаднын банк орж ирснээр зээлийн хүү буурах боломжтой юу?
-Гаднын банк бол 20 алхмын нэг жижигхэн хөдөлгөөн нь. Тодруулж хэлэхэд, манайд гаднын банк орж ирснээр зээлийн хүү буурахгүй. Гаднын банк эдийн засгийг эмчлэх гэж орж ирэхгүй шүү дээ. Ийм үүрэг, статус ч хүлээхгүй. Арилжааны банк санхүүгийн дэд бүтэц болохоос бодлого тодорхойлогч институци биш.

-Монголд банкны салбар хамгийн эрүүл төдийгүй өрсөлдөөнтэй. Гэвч зээлийн хүүг банкууд өндөр тогтоодог гэх хардлага бий?
-Иргэдийн санхүүгийн боловсрол сул байна. Үүнийг нь ашиглаж зарим улстөрч популизм хийдэг. Улстөрчид сонгуульд нэр дэвшихдээ мөнгө тарааж, халамжийг нэмэгдүүлж сонгогдох нь зөв үү, эсвэл зээлийн хүүг бууруулъя гэж сонгогдох нь зөв үү. Эндээс л бид эхлэх хэрэгтэй. Өнөөдөр зээлийн хүүг бууруулъя гэж ярьдаг улстөрч алга. Зээлийн хүүг бууруулах талаар хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн хүн нэг ч байхгүй. Гэтэл мөнгө тарааж сонгогдсон улстөрч зээлийн хүүгийн бурууг баялаг бүтээгчдэд тохдог буруу жишиг тогтож байна. Ийм гаж үзэгдэл гэх юм уу, ухамсаргүй үйлдэл бий. Энэ улсыг өнөөдөр чирж яваа 100 орчим мянган компани, аж ахуйн нэгж бий. Үүн дотор банкны сектор өөрийн үүргээ гүйцэтгээд явж байгаа. Банкны салбар мөнгийг дамжуулдаг институци. Түүнээс банкны сектор зээлийн хүү болон хадгаламжийн хүүг тогтоодоггүй. Харин эдийн засгийн суурь нөхцөл байдал нь зээлийн хүүг тогтоодог. Зээлийн хүү бол эдийн засгийн үзэгдэл. Үүнийг хэн нэгэн тогтоох боломжгүй. Үүнийг Монголбанк ч тогтоох боломжгүй, хүч нь хүрэхгүй. Тийм учраас бид өнөөдөр эдийн засгийн 20 гаруй цогц реформыг нэгэн зэрэг хийж байж эдийн засгаа эрүүл болгоно. Эрүүл болчихсон эдийн засгийн судасны даралтыг хэмжээд үзэхэд нэг оронтой тоонд орчихсон байна. Зээлийн хүү бидний суурь өвчний шинж тэмдэг гэдгийг нийтээрээ маш сайн ойлгох хэрэгтэй.

-Эдийн засгийн нөхцөл байдлаас гадна бодлогын алдаа ч энд нөлөөлж байгаа байх. Тухайлбал, бодлогын алдаанаас болж хөрөнгө оруулалт буурч байна?
-Манайх 2012 оноос эдийн засгийн хүндрэлтэй явж байна. Энэ нь нэлээд ужгирсан. Хонконгт жилд нэг удаа Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог. Харин энэ жил уулзалт болохгүй гэж сонслоо. Шалтгаан нь манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагч байхгүй нь. Эндээс дүгнэж хэлэхэд, бид нар хариуцлага гэдэг зүйлийг дээр, дороо ярих хэрэгтэй болжээ. Өнөөдөр УИХ-д сонгогдсон улстөрч хүн баялаг бүтээгчдийнхээ эсрэг иргэдийг буруу мэдээллээр турхирч болохгүй. Харин зөвөөр шүүмжилж болно. Угтаа өөрийнх нь хийх ажил бол зээлийн хүүг бууруулах байтал баялаг бүтээгчдийнхээ эсрэг ажиллах нь зохимжгүй. Ийм байдалтай олон жил явлаа. Үүнийг одоо л засах хэрэгтэй.

-Хөрөнгө оруулалт татахад зээлжих зэрэглэл чухал. Энэ үзүүлэлтийг хурдан хугацаанд хэвийн байдалд яаж оруулах вэ. Зээлийн хүүг бууруулахад уг итгэлцлийн хэмжүүр бас чухал шүү дээ? -Зээлжих зэрэглэл нь хэрэгжүүлэх хорь гаруй алхамын нэг нь. BBB гэж хөрөнгө оруулалтын зэрэглэл бий. Уг зэрэглэлд 4.2 их наяд ам.долларын зах зээл нээгддэг. Яагаад гэхээр Хөрөнгө оруулалтын сангууд бодлогын баримт дээр гурав болон түүнээс дээш зэрэглэлтэй улсад хөрөнгө оруулалт хийнэ гээд заачихсан байдаг. Энэ шалтгаанаас болоод 4.2 их наяд ам.долларын зах зээлээс бид нар хасагдсан. Манай улс “С” зэрэглэлтэй, харин BBB хүртэл дахиад хэдэн шат явах ёстой. Энэ зэрэглэлд гурван жилийн дотор хүрэхийн тулд гол баримтлах стратегийг тууштай хэрэгжүүлж чадвал хүрэх боломж бий. Өнгөрсөн хугацаанд үүнийг бид зорилгоо болгож чадаагүй.


САНАЛ БОЛГОХ