Төгрөгийн төсөөллийг төв банк тодотгов

Мөнгө ба бизнес


Хүнд үед сайн ажиллаж буй Монголбанкийг үнэлэх ёстой

Төгрөгт итгэх иргэдийн хандлага сэргэлээ

Төгрөгийн төсөөллийг төв банк өөрчилж байна. Төгрөгийг удирдах онцгой эрхтэй ганц байгууллага болох Монголбанк сүүлийн хэдэн жил ханшийн муруйд ч, хүмүүсийн сэтгэхүйд ч үнэ цэнээ алдсан манай мөнгөн тэмдэгтийн үнэлэмжийг эргүүлэн өсгөхөөр зорьж буй нь энэ. Монгол  төгрөгийн ханш сүүлийн дөрвөн жил тогтмол уруудсан. Ялангуяа ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2013 оны дунд үеэс унаж, монгол төгрөг ноён долларт дарлуулаад удлаа. Төгрөгийн ханш ийн унахын хэрээр төгрөгт итгэх хандлага, итгэл суларч иргэд төгрөгөөс татгалзаж эхэллээ.

Иргэд сүүлийн жилүүдэд төгрөгийг түлхэж, ам.долларыг атгах гэж хичээх болов. Төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн гурван жилийн турш төгрөгийн хадгаламж хумигдаж, валютынх өсөх үйл явц үргэлжлэв. Ханшийн үзүүлэлтээс харвал, төгрөгийн ханшийн муруй доош чиглэхийн хэрээр валютын хадгаламжийн дүн тэнгэр өөд тэмүүлсээр удсан. Харин он гарсаар энэ урсгал эсрэг зүг чиглэв. Төгрөгийн үнийн уналт тогтворжиж, валютын хадгаламжийн өсөлт зогсох нь тэр. Монголбанкны мэдээлснээр энэ оны эхний улирал гэхэд валютын хадгаламж 67 тэрбум төгрөгөөр буурчээ.

Харин төгрөгт итгэх иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны долдугаар сарын байдлаар төгрөгийн хадгаламж 103 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Товчхондоо, төгрөгт  итгэх иргэдийн итгэл сэргэжээ. Төв банкны Статистик, судалгааны газрын ахлах эдийн засагч А.Ананд “Төгрөгийн ханш чангарч, валютын үнэ суларч буйгаас иргэд, байгууллагууд валютын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлэх нь ихсэн байна” гэсэн нь үүний бас нэг нотолгоо. Хэдийгээр хугацаа богино байсан ч төв банк төгрөгийн үнэ цэнийг эргүүлэн өсгөж эхэлсэн нь энэ.

Хэдхэн сарын өмнө монгол төгрөг дэлхийн хамгийн муу гүйцэтгэлтэй валютаар “тодорч”, манай улсын төлбөрийн чадварт бараан төлөв дагуулж байлаа. Тэгвэл төгрөгийн төлөө авсан төв банкны арга хэмжээ монгол төгрөгийн үнэлэмж, эрэмбийг ахиулаад буй. Мэдээж, үүнд манай улсын төсөв болон төлбөрийн тэнцлийг “ундаалах”-аар болсон өндөр үнийн дүн бүхий мөнгөний чимээ нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ төгрөг тойрсон төв банкны цогц бодлого үүнд голлон нөлөөлсөн. Төгрөгийн үнэ цэнийг өгсөхийн тулд төв банк зөвхөн ханшийн үзүүлэлт дээр бодлого хэрэгжүүлж, үнийн уналттай хийх тэмцлээ хязгаарласангүй. Ханшийн муруйгаас гадна хүмүүсийн сэтгэхүйд ч монгол төгрөгийн үнэ цэнийг өсгөхөөр зорьсон.

Тухайлбал, Монголбанк өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хоёр сарын хугацаатай “Мөнгөний соёлтой хэрэглээ” аян зохион байгуулсан юм. Бид өдөр тутам “төгрөг”-тэй харьцдаг атлаа түүний талаар төдийлэн мэддэггүй. Үнэндээ төгрөгтэй харьцах монголчуудын хандлага хэрээс хэтэрсэн. Хайр гамгүй хандаж, үрчийж, хорчийтол нь базна. Бүр өргөл барьц болгоод овоо, тахилганд өргөчихдөг. Төгрөгийг төв банкнаас тараадаг их, бага тоотой зүгээр нэг өнгөт цаас гэж үзэх хандлага ч дэлгэрсэн нь нууц биш. Гэтэл төгрөг нь Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнол, санхүүгийн эрх чөлөөний баталгаа билээ.


Төгрөг зөвхөн ханшийн муруйд бус хүмүүсийн сэтгэхүйд ч үнэ цэнээ алддаг

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг “Сүүлийн үед бидэнд бага мөнгөн дэвсгэртийг боодол, боодлоор нь авах хүсэлт их тавих болсон. Ямар зорилгоор ашиглах гэж буйг нь асуухад байшингийн сууринд, шашны зан үйлд ашиглана гэдэг. Энэ бол буруу. Төгрөг нь үндэсний үнэт зүйл, зөвхөн төлбөр тооцооны зориулалтаар ашиглах ёстой төлбөрийн баталгаат хэрэгсэл” хэмээн ярьж байна.

Ер нь мөнгөн тэмдэгттэй хэрхэн харьцаж буйгаас улс орны хөгжил, иргэдийнх нь соёлыг тодорхойлж болно. Тодруулбал, хөгжиж буй орнуудын хувьд цаасан мөнгөн тэмдэгт дунджаар 2-3 жил насалдаг бол өндөр хөгжилтэй орнуудад 10- 12 жил байдаг. Тухайлбал, дэлхийн эдийн засгийг тэргүүлдэг АНУ- ын долларын эдэлгээ 5.3-8.2 жил болдог байна.

Хүчингүй болсон, хэрэглээнээс гарсан мөнгөн дэвсгэрт бүрийн цаана иргэдийн татвар урсаж байдаг. Төгрөг, мөнгөн дэвсгэрттэй зөв харьцаж, зөв зүйтэй хадгалж чадвал мөнгөн дэвсгэртийн гүйлгээнд эргэлдэх хугацаа уртсаж, тэр хэрээр улсын зардал хумигдана. Мөн олон нийтийн дунд мөнгөн тэмдэгтийн үнэлэмжийг өсгөхгүйгээр төгрөгийн үнэ цэнийг яриад ч хэрэггүй гэж салбарынхан үзжээ. Тиймээс бэлэн мөнгөтэй тогтмол харьцдаг банкууд, үйлчилгээний компаниуд болон иргэдийг хамарсан сурталчилгаа, мэдээллийн аяныг орон даяар  зохион байгуулсан. Энэ хүрээнд зурагт хуудас, самбар, хөдөлгөөнт инфографик зэргийг олон нийтэд түгээсэн юм. Цаашид ч энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэх аж. Мөн сэтгүүлч болон олон нийтийн дунд эссе, нийтлэл, шүлэг, зургийн уралдаан зарлаж шалгаруулснаас гадна хүнсний зах үйлчилгээний газруудад сургалт, өдөрлөг зохион байгуулсан. Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аянд Худалдаа хөгжлийн банк, Ариг, Капитал зэрэг банк идэвх, зүтгэлтэй оролцсон байна. Ийнхүү төв банк төгрөгийн үнэ цэнийг өсгөх зорилгоо зөвхөн санхүүгийн зах зээлд бус олон нийтийн сэтгэлгээ рүү чиглүүлэхээр шийдсэн нь энэ.

Тоон үзүүлэлт, ханшийн мэдээнээс харахад төгрөгт итгэх, түүнийг үнэлэх иргэдийн хандлага сэргэжээ. Энэ нь Монгол Улсын санхүүгийн салбарын ирээдүй, макро эдийн засагт эерэг дохио дагуулах нь дамжиггүй. Сүүлийн 3- 4 жил бүдгэрээд байсан төгрөгийн үнэ цэнийг иргэдийн сэтгэхүйд сэргээхээр зорьсон нь мөнгөний зах зээлд үгүйлэгдээд байсан цагаа олсон арга хэмжээ байсныг салбарынхан онцолж байна. Төгрөг тойрсон энэ арга хэмжээ нь богино хугацаанд үргэлжилсэн хэдий ч урт хугацааны турш үр дүнгээ өгөх бүтээлч ажил болов.
САНАЛ БОЛГОХ