“Улаан гэрэл” ассан саарал сүлжээ

ЗГМ: Цуврал


Хамгаалах зурвасын зөрчил зуу, зуугаараа нэмэгдэж байна


Манай улсын 330 сумын 315 нь дотоодын төвлөрсөн эрчим хүчний системүүдэд цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогддог. Үлдсэн 13 сум хоёр хөршөөс тог, цахилгаанаа хангаж байна. 1960-аад оны үед зөвхөн нийслэл гэлтгүй улс орон даяар өрнөсөн бүтээн байгуулалтын үр дүнд 41152 км урт шугам бүхий дөрвөн эрчим хүчний бие даасан сүлжээ бий болсон. Гэвч өдгөө улс орныг тог, цахилгаанаар хангаж буй энэ том “саарал” сүлжээний тэн хагасаас илүүгийнх нь ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэлтэй нөхцөл үүсчээ.

Улсын хэмжээнд цахилгаан дамжуулах сүлжээний 65 хувь, дэд станцын тэн хагасынх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Ер нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 30-35 жил байдаг.

Цахилгаан дамжуулах сүлжээний 65 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ

2011 оноос улсын төсөв, гаднын зээл, тусламжаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилгоор “Их тойруу” 110 кВ-ын 200 гаруй км урттай дамжуулах агаарын шугам, есөн дэд станцын барилга угсралтын ажил эхэлсэн байдаг.

Гэвч нөгөө л хот төлөвлөлт буруу, иргэд хууль дүрэм ойшоодоггүй зэргээс болж энэ ажил гацаанд оржээ. Тухайлбал, Зайсангаас Сонгино хүртэлх 110 кВ-ын 50 гаруй км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг холбож чадалгүй зургаан жилийн нүүр үзээд буй. Энэ хэсэгт олон компани газар авсан тул шугам татуулахгүй, газар чөлөөлөхгүй гэж ажлыг царцаагаад буй.

Хамгийн сүүлийн судалгааг сөхвөл, 0.4-35 кВ хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурваст 3853 өрх бууж, 336 гарааж, чингэлэг барьжээ. Мөн 110-220 кВ-ын шугам, дэд станцын зурваст 963 өрх амьдарч, 196 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хамгаалалтын зурвасын зөрчлийн тоо жилд зуу, зуугаараа нэмэгдээд байдаг. Гэтэл өмнөх зөрчил нь арилахгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй.

Жишээлбэл, “Камдер” ХХК Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 35/10 кВ-ын дэд станц руу хүрдэг цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэхдээ анкер тулгуурыг нь бохирын шугам дээр барьчихжээ. Энэ 35 кВ-ын шугам нь төрийн тусгай хамгаалалттай “Их тэнгэр” цогцолборын бохирын шугам дээр таарсан байна. Харин “Эрдэм транс” ХХК Баянгол дүүргийн 20 дугаар хороонд агаарын шугамын хамгаалалтын зурваст автобус баазын хашаа босгож, хууль зөрчжээ.

Мөн гурван жилийн өмнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн урд хэсэгт аюулгүй ажиллагааг умартаж, өндөр хүчдэлийн агаарын шугамын хамгаалалтын шугам дор 40 тоннын чингэлгийг өргөж байх үед автокраны сум хүчдэлийн нөлөөнд автаснаас уг чингэлэгийг гараараа чиглүүлж байсан 25-26 настай гэр бүлийн хоёр хүн өндөр хүчдэлд цохиулан түлэгдэж, гар, хөлөө тайруулсан гашуун түүх бий.

Хүний буруутай үйл ажиллагаа, эсвэл байгалийн гамшигаас болж нурах, осол гарах тохиолдолд эд хөрөнгө, цаашлаад хүний амь эрсдэх аюултай. Гэтэл хамгаалалтын бүсэд дур зоргоороо хашаа хатгах, гэр барих зөрчил жилд хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа нь харамсалтай. Наад зах нь, гэмтлийг засах гэхэд хашааны хаалгаа түгжсэн байдаг, том оврын автомашин нэвтрэх боломжгүйгээр замыг нь хаадаг зэрэг бэрхшээлтэй тулгардаг. Зарим нь бүр кабель шугам дээр гэрээ барьчихаад нүүхгүй гэж гүрийх нь ч бий. Мөн газарт нь шунаж, хашаагаа тэлдэг зөрчил ч цөөнгүй.

Олон жил болсон автомашин шатахуун их “идэж”, эвдрэл гэмтэл гарах нь олширдог. Дэд станц, цахилгаан дамжуулах шугам, кабель утаснуудад ч энэ хууль үйлчилдэг. Засвар үйлчилгээ хийхгүй олон жил болбол дэд станцын тоноглол муудаж, гэмтэл саатал гарах нь дамжиггүй.


Хамгаалалтын зурваст автобус баазын хашаа босгожээ


Сул эдийн засагтай манай орны хувьд инженерийн шугам сүлжээг нэг дор шинэчлэнэ гэдэг мөрөөдөл. Төсвөөс хэдэн төгрөг “шиднэ”, түүнд нь тааруулж өвлөөс урьтан урсгал засвараа арай хийж дуусгадаг гээд цөөнгүй бэрхшээл байдгийг салбарынхан хэлж байна. Өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх, өмнө нь өгсөн зөвшөөрлүүдээ цуцлах шаардлагатай. Мөн өөрсдийнхөө эд хөрөнгө, амь насыг юман чинээ боддоггүй, хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг үе шаттайгаар албадан нүүлгэмээр байна.


САНАЛ БОЛГОХ