Засгийн газрыг огцруулах нь бидний гол зорилго биш
Байр суурь
Хүчтэй сөрөг хүчин байхад анхаарлаа хандуулна
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичгийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.
Засгийн газрыг огцруулах саналд УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодит дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хямралын уг үндсийг зөв тодорхойлох нь чухал. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг л чухал болохоос аль нэг Засгийн газар огцрох, эсэх нь чухал биш. УИХ дахь Ардчилсан намын бүлэг ийм л байр суурийг баримталж байна. Эрх баригчид Засгийн газраа өөрчилж, солих нь тэдний дотоод асуудал. Бид өнөөдөр Засгийн газарт бус ард түмний эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг дээр санаа зовж байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хүргүүлсэн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хариу ирсэнгүй. Өвлийн бэлтгэлээ эртхэн хангахгүй бол зуд болох магадлал өндөр байна. Мөн бондын эргэн төлөлтийн асуудал ч сөхөгдөж эхэллээ. Уг нь өнөөдрийн төлөх гээд байгаа
өрийн хэмжээ тийм том асуудал биш. Манайх шиг байгалийн баялагтай улсад байдаг л өрийн хэмжээ. Гэвч байгалийн баялагийн хуваарилалт шударга биш байна.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа үед Засгийн газрын тогтвортой байдал чухал гэдэг байр суурийг зарим улстөрч төдийгүй эдийн засагчид онцолж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Аливаа Засгийн газрын талаар яриад эхлэхээр тогтвортой байдлын тухай асуудал хөндөгддөг. Сүүлийн долоо хоног хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар их ярилаа. Гэхдээ энэ асуудлаа эрт ярих ёстой байсан. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийв. Дандаа ард түмэн, сонгогчдын эсрэг үйл ажиллагаа явууллаа. Иргэдийнхээ эрх зүйн боломжийг нэмэгдүүлсэн нэг ч алхам хийж чадаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэд Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийлээ. Ардчилсан намын хувьд аль нэг Засгийн газрыг огцруулах нь бидний гол зорилго биш. Үнэмлэхүй олонх байгаа нам Засгийн газраа хэд огцруулж, солих нь тэдний өөрсдийнх нь асуудал. Манай намын оролцоогүйгээр асуудлаа шийдэх эрх мэдлийг сонгогчид өгчихсөн. Энэ том эрх мэдлийг яаж удирдаж авч явах нь тэдний л асуудал. Харин манай намын хувьд нийгэм, эдийн засгийн зөв бодлого явуулаасай, зөв алхам хийгээсэй л гэж хүснэ.
-Дээрх асуудлын хүрээнд МАН-аас танай намд яриа хийх санал тавьсан уу?
-Аль нэг Засгийн газрыг огцруулах асуудлыг баяртай хүлээж авах шаардлага бидэнд алга. Хүчтэй сөрөг хүчин байх, шүүмжлэлийг зөв явуулах тал дээр л бид анхаарлаа хандуулна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ талаар хуралдана. Нэгдсэн байр суурь илэрхийлнэ. Одоогоор Ардчилсан нам болон УИХ дахь АН-ын бүлэгт ямар нэгэн санал ирээгүй байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй