Гээгдсэн үнэт зүйл

Нийтлэлчийн булан


Сэтгэлгээний дархлаагүй учраас гаднын соёлд өртөмтгий байдаг

Монголчуудыг хэл сурахдаа авъяастай, хаана ч очсон аргаа олоод амьдарчихдаг гэж магтдаг. “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” явах нь нүүдэлчин удамтай монголчуудын хувьд нийтлэг чадвар бололтой. Гэвч энэ чадварын тун нь ихдээд ирэхээр эргээд хор болж байх шиг.

“Хөөгдчихгүй бол эргэж ирэхгүй” гэсэн урт хугацааны “виз”-тэй залуус жил бүр хэдэн зуугаараа хилийн дээс алхаж байна. Ер нь гадаадад сайхан, Монголд муухай гэсэн үзэл бидний тархинд шингэчихжээ. Ганц сар амьдарчихаад “Манай Америк” гэж яриад шившгээ дэлгэж байсан бодит жишээ ч байна. Мэдээж ажилгүйдэл, ядуурал бол монгол залуусын гадагш “зугтаж” буй хамгийн гол шалтгаан. Гэхдээ үүний цаана бусдын соёлд хэт өртөмтгий, амархан уруу татагддаг байдал ч нөлөөлж буй.
Японд очиход хэдийгээр орчин үеийн байшин, барилгууд сүндэрлэж байгаа ч цаанаа л үндэсний өв соёл, ахуй нь “үнэртэж” байдаг. Япон хүнийг азиудаас ялгах үнэт зүйл нь дэндүү хурц. Харин монголчуудыг бусдаас ялгадаг үнэт зүйл нь тийм гээд тоочих арга алга. Дэлхийг эзэлж байсан эртний түүхээ л ахин дахин ярихаас өөр зүйл бидэнд бий юу. Хэрэв хятад, орос, монгол гуравт яг ижил хувцас өмсүүлбэл бид юугаараа ялгарах вэ гэдэг сонин. Хятадуудыг суусан газраасаа шороо атгадаг гэдэг. Оросууд бол гүндүүгүй хэрнээ эмээж явбаас зохих хүмүүс гэж төсөөлөгддөг. Харин монголчуудад үзэсгэлэнт байгаль, баатарлаг түүх бий. Гэхдээ эд бол одоо цагт хувь хүн, үндэстнийг илэрхийлэх үнэт зүйлс биш.

Аливаа үндэстний бусдад автахгүй байх сэтгэлгээний дархлаа тогтоодог “хамгаалагч” нь оюун санааны үнэт зүйлс болдог. Оюун ухаан сэтгэлгээний дархлаа нь бага балчраас аажмаар бэхэждэг онцлогтой. Гэтэл бид солонгос савангийн дуурь, америк супер баатруудаар хүүхдээ хүмүүжүүлж, гаднын соёлыг тахин шүтэгчдийг бойжуулж байна. Хоёр настнууд “ээж, аав” гэж биш “baby” гэж хэлд орж байна. Гадагш сургуульд яваад ирсэн залуус хоорондоо англиар ярьж, үүнийгээ боловсролтой хүний жишиг гэж үздэг болж.

Энэ жил монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад 17 мянган сурагч хамрагдсанаас 11 мянга гаруй нь “F” үнэлгээ авсан. Гэсэн хэрнээ англи хэлний шалгалт өндөр үзүүлэлттэй гарсан байна. Хэл бол сэтгэлгээний хамгийн эхний цоожтой хаалга. Үр хүүхдээ “унаган” англи хэлтэй болгох хүслийн золиосонд төрөлх хэл маань шоовдорлогдоод байна.

Үндэсний үнэт зүйлсийг удирдагчид тээж явах учиртай
Арваад жилийн өмнө манайхан даяаршил гэгчийг оройн дээд шүтээн мэт дээдэлдэг байлаа. “Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах ёстой”, “Даяаршил бол хөгжлийн гүүр” гэх зэргээр их, дээд сургуулийн багш нар улиглаж, улстөрчид пиар хийдэг байв. Харин өнөөдөр энэ үзэл явцуу байсныг гэрчилж, дэлхийн цөөнгүй орон даяаршлын өмнө хаалгаа янгинатал түгжиж, үүний оронд дангааршлыг илүүд үзэх болжээ. АНУ гэхэд л цагаачдаас нүүр буруулж, дэлхий нийтэд гэхээсээ илүү америк хүнд ашигтай, эсэхийг эхэлж хардаг болоод буй. БНХАУ-ын хувьд кино урлагаар дамжуулан үндэстний үнэт зүйлээ тодотгож, сэтгэлгээний дархлаагаа бэхжүүлэх их аянд мордож, энэ нь ч үр дүнгээ өгч байна. Дотоодын уран бүтээлчдээ бодлогоор дэмжихээс гадна Холливудын том кино компаниудын хувьцааг эзэмших болсон. Хамгийн сүүлд гэхэд л эх оронч залуугийн тухай өгүүлдэг “Wolf Warriors 2” кино нь 813.1 сая ам.доллар олж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 100 киноны жагсаалтад багтаж чадсан юм.

Гэтэл манайх эсрэгээрээ. МҮОНРТ жилийн өмнө БНХАУ-ын олон ангит кинонуудыг таван жилийн турш гаргах гэрээ хийсэн. Тухайн үед үндэсний аюулгүй байдалд халдлаа гэж эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр түүнийгээ аль хэдийнэ мартаж, киног нь үдэш бүр шимтэн үзэж байх жишээтэй. Уг нь монголчууд “хятад” гэхээр “Бид Чингисийн монгол” гээд цээжээ дэлдэж, өрвөлздөг хүмүүс. Тэгсэн хэрнээ зарим үед тахин шүтэх нь холгүй болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ сэтгэлгээний  дархлааны хомсдолд орсноос Хятадын “зөөлөн хүч”-нд ийнхүү “идүүлж” суугаа бус уу.

Манай үндэстний үнэт зүйлс гэж юу болох, хаана байна гэж дахин нэг асууя. Монгол хүнийг тодорхойлох боломж алга. Сэтгэлгээний дархлаа, үндэсний үнэт зүйлсийг улс орны удирдагчид тээж явдаг учиртай. Бидний хамгийн сайн мэдэхээр, танхайдуу хэрнээ эр зоригтой оросуудыг В.Путин илэрхийлж чадна. Зөвхөн өөрсдийгөө дэлхийн төв гэдэг АНУ-ыг Д.Трампаар төлөөлүүлж болно. Харин Монголыг хэнээр төсөөлөх вэ гэдэг бүрхэг. Дээл өмсөж, моринд мордохоороо монгол хүн болчихно гэсэн улс төрчдөөр л дүүрэн байх шиг. Уг нь тэд оюун санаа, сэтгэлгээний луужин байх ёстой сон.

Монголчууд олон мянган жилийн турш эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, хоёр том гүрэнд уусалгүй оршсоор ирсэн. Байгальтайгаа зөв харьцдаг, өв соёлоо үр хүүхдэдээ өвлүүлдэг, уламжлалт ёсоо дээдэлдэг нь үүний гол “түлхүүр” байлаа. Мэдээж, байгальтайгаа зөв харьцах гэдэг нь бүгд хөдөө гарч, мал маллахыг хэлэхгүй. Зөвхөн Монголд л заяасан байгалийн хишгийг зөв зохистой ашиглаж, түүнийг мөхөөхгүй байх нь бидний үнэт зүйл. Хаана ч явсан уламжлал, өв соёлоо тээх нь сэтгэлгээний дархлаа юм. Гэтэл бид далан жил үргэлжилсэн социализмд нухчуулж, дараа нь зах зээлийн шуурганд бүдэчсээр үнэт зүйлээ хаа нэгтээ гээчихжээ.

САНАЛ БОЛГОХ