Хаалттай хурал ширүүн уур амьсгалд өрнөв
Байр суурь
Гарын үсэг зурсан зарим гишүүн байр сууриасаа буцаагүй
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, УИХ-д өргөн бариад буй. Уг асуудлыг хэлэлцэх МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хаалттай хуралд 65 гишүүнээс 48 нь ирсэн юм. Хуралд УИХ- ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар оролцлоо.
Үдээс хойш эхэлсэн бүлгийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах, эсэхэд гишүүд байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд байр сууриасаа буцсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас тодруулахад “Гарын үсгээсээ буцсан хүн байхгүй. Би Засгийн газраас тендер авч, төртэй холбоотой ажил хийж үзээгүй. Хувийн ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Гарын үсэг зурсан 30 гишүүн ч байр сууриа хатуу хадгална гэдэгт найдаж байна” гэв. Хурлын дундуур Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байр сууринаасаа буцаагүй гэдгээ мөн баталсан юм. Тэрбээр “УИХ-ын гишүүд гарын үсэг зурчихаад маргааш нь болилоо гэдэг хариуцлагагүй, замбараагүй үйлдэл гаргахгүй. Бид хэн нэгний шахалтад орохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хариуцлага тооцох асуудлыг хөндөж, хоёр ч сонгууль дамнан яригдсан 60 тэрбум төгрөгийн хэрэгт шүүмжлэлтэй хандсан. Бид намынхаа ирээдүйг бодож, асуудалд итгэл үнэмшлээрээ хандсан” гэв.
Түүнчлэн МАН хагарч, бутардаг улс төрийн хүчин биш. Асуудлыг дотроо эвтэй шийддэг. Хамгийн гол нь, Монгол төрийн ажил гацаж болохгүй, тасралтгүй явах учиртай. Бүлгийн хурлаар Засгийн газар болон нийслэлийн үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл ихээхэн гарч байна гэж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нэмж хэллээ.
Хаалттай хуралдааны “цаг агаар” тааруу байгааг гишүүд дурдаж байлаа. Учир нь хуралд оролцсон бүх гишүүн өөрсдийн байр сууриас асуудалд хандаж, хүн бүрээс янз бүрийн санал гарч байгааг нуугаагүй юм. Хамгийн чухал нь, хурлаас зөв шийдэл, гарц олохыг чухалчилж буйгаа гишүүд онцоллоо. Хурал хаалттай явагдсан учир гишүүдийн зүгээс үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байлаа.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гарын үсгийн тоог нэгээр нэмэв
Дугаар шилжих мөчид МАН- ын бүлгийн хурал үргэлжилж байсан бөгөөд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан мэдээллийг өглөө. Ингэснээр Засгийн газрыг огцруулахаар МАН-ын 31 гишүүн санал нэгджээ. Засгийн газрыг огцруулах, эсэх асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар бүлгийн санал дүгнэлтийг хэлэлцэх юм.
Дашрамд дурдахад, Ерөнхий сайд анх томилогдсон цагаасаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдгаргасан хэмээн огцруулах бичиг өргөн барьсан. Мөн зарим гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан нь огцруулах үндэслэл болсон хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тайлбарласан удаатай. Засгийн газрын нэг жилийн үйл ажиллагаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн үнэлэлт өгсөн. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсан боловч боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргасан. Засгийн газрын тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд, цөөн хэдэн хүнийг дэмжсэн үйл ажиллагаа нь намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн удаашрал нь иргэдийн шүүмжлэлтэй тулгарч байгааг албан бичигтээ дурджээ. Үүнээс гадна Ерөнхий сайдыг танхимаа удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй хэмээн дүгнэж, огцруулах шийдвэрт хүрсэн гэдгээ онцолсон юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй