Тооцоолоогүй шийдвэрийн уршиг

Тээвэр


Зүүн эргэхийг хориглосноор нэг автомашины явах зай 1.2 км- ээр нэмэгджээ

Хүнээр зүйрлэвэл, цусны даралт нь ихсэж хэзээ мөдгүй харвах дөхсөн болов уу гэмээр их ачаалал нийслэлийн авто замын “судас”-ыг лугшуулж байна. Гол судсыг эс тооцвол бусад хэсгийн цусны эргэлт бараг л зогсчээ.

Хичээлийн шинэ жилийг угтан хот руу чиглэдэг их нүүдэлтэй зэрэгцэн шийдвэрлэсэн авто замын хөдөлгөөний шинэ зохицуулалт нийслэлийнхнийг бараг л царцаачихаад байна. Хэрэгжиж эхлээд 14 хонож буй уг шийдвэрийн уршгаар нэг жолоочийн автомашиндаа өнгөрүүлэх хугацаа, зарцуулах түлш нэмэгдэж, хувь хүмүүс эдийн засгаараа чамгүй хохирч буй.

Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар, шинэ зохицуулалтын дагуу замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын нэг өдөрт туулах зай дунджаар 1.2 км-ээр нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлтэд эдийн засгийн багахан тооцоо хийхэд бэлтгэл, судалгаа дулимаг болсон эл шийдвэрийн хор уршиг арилгах аргагүй их гэдэг нь ойлгогдоно.

Замын хөдөлгөөнд оролцож буй 356 мянга гаруй тээврийн хэрэгсэл 100 км-т дунджаар 10 литр шатахуун зарцуулдаг гэж тооцвол жолооч нар нэмэлт 1.2 км тутамд 195 төгрөгийг зөвхөн түлшинд зарцуулж байна. Үүнийг нийт автомашины тоогоор илэрхийлбэл 69.4 сая орчим төгрөг болно. Цаашлаад 42.6 мянган литр бензинээр агаар бохирдуулж байна.

Хөдөлгөөнт тээврийн хэрэгслээс ялгарч буй утаанд 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг гэх судалгаа бий. Үүний зонхилох хэсэг нь нүүрстөрөгчийн давхар исэл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар энэхүү хий хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөгөөрөө цацраг идэвхт бодисын дараа буюу хоёрдугаарт ордог. Ийм хорт хийн 90 хувь хөдөлгөөнт эх үүсвэрээс бий болдог гэж олон улсад үздэг. Өдгөө дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг болоод буй хүлэмжийн хийн гол үүсгэгч ч нүүрстөрөгчийн давхар исэл. Ингээд бодохоор механикаар илүүчилсэн 1.2 км тутмаас бид хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар их сөрөг нөлөө бий болгож буйг түвэггүй ойлгохоор. Нөгөөтэйгүүр, туслах замуудын ачаалал эрс нэмэгдсэнээр автомашинд өнгөрүүлэх хугацаа өдөрт дунджаар 30 минутаас нэг цаг болж уртассан гэж жолооч нар бухимдаж байна. Тухайлбал, Баруун болон Зүүн дөрвөн замын хооронд ихэнхдээ хөдөлгөөнд оролцдог ДАР 0244 улсын дугаартай, спорт загварын “Toyota Verossa” маркийн машины жолооч, 25 орчим насны залуу “Ядаж л гэрээсээ маш эрт гарах хэрэгтэй болж байна. Түгжрэл дунд машиндаа өдөрт бараг 40 минут илүү өнгөрүүлдэг болж байна” хэмээв. Түүний машин 100-д 18 литр түлш зарцуулдаг аж. Өмнө нь өдөрт 10 литр бензин хийдэг байсан бол одоо энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Албаныхны хэлснээр бол бараг бүтэн жил судалж байж гаргасан эл шийдвэр бидэнд тэр бүр анзаарагдахгүй уршгийг бий болгожээ. Энэхүү шийдвэр тээврийн хэрэгслээр амьдралаа залгуулдаг хүмүүст хэрхэн нөлөөлж буйг сураглан “Улаанбаатар такси” компанийг зорьсон юм. Нийт 267 таксинаас 150 нь үйлчилгээнд байнга гардаг тус компанийн жолооч нар “Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийн сайн тал гэж огт алга” хэмээн хатуухан хэлж байна. Өдөрт 14-15 дуудлага хүлээж авдаг байсан бол одоо арай гэж 10 дуудлагад үйлчилж буй талаар тэд ярилаа. Тус компанид хоёр жил гаруй ажиллаж буй 50 орчим насны нэгэн жолооч “Төв зам дагуу явж байхад “Хобби” сургуулиас дуудлага ирлээ гэхэд “Багшийн дээд”-ийн уулзвараар зүүн эргэж болохгүй тул тойрч очно. Ингэж явсаар дуудлагын цагаас 5-10 минут хоцорч байна. Эсвэл түгжрэлд ороод таг зогсчихно. Бас үйлчлүүлэгчид 1500 төгрөг төлөөд хүргүүлчих байсан зай нь 2000 төгрөг болж нэмэгдэхээр бухимдана” гэсэн юм. Энэ мэт олон зүйл соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд маш их хүндрэл учруулж буйг жолооч нар учирлаж байна.

• Замын хөдөлгөөнд оролцож буй 356 мянган тээврийн хэрэгсэл 100 км-т дунджаар 10 литр шатахуун зарцуулдаг гэж тооцвол жолооч нар нэмэлт 1.2 км тутамд 195 төгрөгийг зөвхөн түлшинд зарцуулж байна.

• Үүнийг нийт автомашины тоогоор илэрхийлбэл 69.4 сая орчим төгрөг болно.

• Цаашлаад 42.6 мянган литр бензинээр агаар бохирдуулж байна.


Төв зам дагуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглосон шийдвэрээ эргэн харж, судалж үзэхийг Ерөнхий сайд хотын даргад үүрэг болгосон. Харамсалтай нь, энэ үүргийн биелэлт Бөхийн өргөөний уулзвараар хязгаарлагдаж, “нүглийн нүдийг гурилаар хуураад” өнгөрлөө. Мөн мягмар гарагт нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл хотын даргад зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрээ нэн даруй цуцлахыг хүссэн албан бичиг хүргүүлээд буй.

Замын хөдөлгөөнийг зохицуулах олон арга хэмжээ хэрэгжүүлж буй ч ачаалал буурахгүй байгаа нь нийслэлд автомашин багтаж шингэх орон зай байхгүй байгаагийн илрэл. Гэтэл номхон тэмээ ноолоход амар, ноомой хүн зарахад амар гэгчээр шийдвэрийг нь дагахгүй хаачих билээ гэж хүчлээд ч нэмэргүй болсныг шийдвэр гаргагчид мэдэхийн дээдээр мэдэж буй. Эцсийн дүндээ доголон судалгаа, харалган шийдвэрийн балгийг ард иргэд, аж ахуйн нэгжүүд нуруун дээрээ үүрэх гэж үйлээ үзэх учир ардчилсан нийгэмд баймааргүйсэн.

САНАЛ БОЛГОХ