Амь өрссөн хөдөлмөр
Сурвалжилга
Нэг эмч өдөрт 30 гаруй, доод тал нь 28 дуудлага авдаг
Их дэлгүүрийн замын эсрэг талд 40 орчим насны эрэгтэй гудамжинд таталт өгч байна гэсэн дуудлагаар Түргэн тусламжийн төвийн үүднээс их эмч Д.Батбадрал, жолооч Г.Бат-Эрдэнэ нар хөдөллөө. Бид яаралтай түргэн тусламж иргэдэд хэрхэн хүрдэг талаар сурвалжлахаар тэдэнтэй нэгдсэн юм. Дуудлага авсан түргэний тэрэг дуут дохиогоо хангинуулан 19.45 цагт хөдлөв. Замын түгжрэлтэй байсан ч 20 минутын хугацаанд зорьсон газраа ирлээ. Гэвч биднийг очиход нэг ч хүн байсангүй. Дуудлага өгсөн хүний дугаар руу хэд хэдэн удаа залгасан ч холбогдож чадсангүй. Ингээд өвчтөнөө хайж олохын тулд Их дэлгүүр орчмыг гурван удаа тойрч эргэлдсэний эцэст замын эсрэг талын байрны гадна нэгэн согтуу залуу хэвтэж байхтай таарлаа. Түүнийг Б.Бат-Эрдэнэ гэдэг бөгөөд хүйтэнд жиндэж, даарсан байв. Эмч өвчтөний даралтыг үзээд тайвшруулахын тулд долоогоны ханд уулгаж сэргээлээ. Энэ мэт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага өдөрт дунджаар 3-4 удаа ирдэг. Согтуу иргэд эмч нарыг хэл амаар доромжлох, гар хүрэх явдал ч энүүхэнд гэдгийг түргэний эмч учирлав. Уг нь архинд донтсон хүмүүс түргэн тусламж дуудахын оронд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй баймаар. Үүний оронд амь нас нь дээсэн дөрөөн дээр буй өөр хэн нэгэнд туславал дээр гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Их эмч Д.Батбадрал “Түргэн тусламжийн дуудлагаар гэрийн төрөлт их гардаг. Нэг биш бүхэл бүтэн хоёр хүний амь нас гарт минь байдаг болохоор даралт үзэхээс эхлээд хүүхдийн хөдөлгөөн, савны амсар хэдэн хуруу нээгдсэн гээд шаардлагатай бүх арга хэмжээг авч, эх барьж авдаг. Мэдээж ариун цэврийг дээд зэргээр сахидаг.
Арав гаруй жил ажиллахдаа 20 орчим хүүхэд эх барьж, хүй аав болжээ
Би гэхэд л ажилласан цагаасаа хойш 20 орчим хүүхэд эх барьж, хүйн аав болсон хүн шүү дээ. Мөн үүнээс гадна дөрвөн жилийн өмнө хадмуудыгаа гэр
бүлээр нь хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн, өөр дээрээ шатахуун цацаж шатаасан, галт тэрг дайруулж хоёр хөлгүй болсон гээд олон аймшигтай хэргийн дуудлагаар очиж байлаа” гэв. Энэ мэт олон мянган хүний амь насыг өөрийн биеэр хариуцдаг эмч нарын хөдөлмөрийг Монголын төр ердөө 580 мянган төгрөгөөр үнэлж байгааг ч дуулгасан. Ингээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Б.Бат- Эрдэнийг Улсын нэгдүгээр эмнэлэгт хүргэж өгөхөөр хөдөллөө. Арав хүрэхгүй минутын дараа 20.12 цагт зорьсон газраа ирж, өвчтөнөө эмнэлэгт хүлээлгэн өгөв.
Б.Батбадрал “Би арав орчим жил ажиллаж байна. Миний мэдэхээр ачаалалтай үед нэг эмч өдөрт 30 гаруй, энгийн үед 28 орчим дуудлагатай байдаг. Ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй осол, гэмтэл, хордлого болон даралт ихэссэн гэх дуудлага тасардаггүй. Мөн харьяа дүүргийнхээ эмнэлэгт очоод анхны тусламж, эмчилгээг авах боломжтой халуурч, бөөлжиж, гүйлгэсэн үедээ ч заавал түргэн дууддаг. Гэтэл ард нь жирэмсэн эхчүүд, цус харвасан хүмүүс, хорт хавдрын улмаас бие нь гэнэт муудсан зэрэг хүнд өвчтнүүд хүлээж байдаг. Нэг үгээр хэлбэл архины хордлого тайлах уу, хүний амь аврах уу гэсэн хоёр сонголттой болчихоод байна” гэв. Уг нь түргэний эмч гэдэг дотор, мэдрэл, зүрх судас, гэмтэл, эх баригч зэрэг бүх салбарын мэдлэг, чадвартай байхаас гадна сувилагчийн үүргийг хүртэл гүйцэтгэх хамгийн шалгуур өндөртэй мэргэжил. Одоогоос таван жилийн өмнөөс яаралтай түргэн тусламжийн эмчийг 1.5 жилийн хугацаатай тусгайлан бэлтгэх болсон. Сурах хугацаа бага боловч дадлагажиж, мэргэших хугацаа их урт. Ерөнхийдөө насан туршдаа суралцдаг гэхэд хилсдэхгүй хэмээн их эмч Д.Батбадрал дараагийн дуудлагандаа явах замдаа хуучлав. Түүний хэлж буйгаар түргэний эмч хамгийн өндөр шалгууртай бөгөөд байнгын шалгалтад ордог аж. Үүнээс гадна түргэний тэрэг барих жолооч нарыг ч мэргэшүүлэн бэлтгэдэг байна. Жолооч Н.Бат-Эрдэнийн хэлж байгаагаар дуут дохио асааж замын эсрэг урсгалаар явахыг зөвшөөрдөг боловч осол аваар гарсан тохиолдолд түргэний тэрэг хариуцлага хүлээдэг учир эмч нараас дутахааргүй өвчтөнд анхны тусламж үзүүлж, сонор сэрэмжтэй ажиллах ёстой аж.
ДУУДЛАГЫН ДИЙЛЭНХ ХУВИЙГ 20-40 НАСНЫХАН ЭЗЭЛЖ БАЙНА
Ингээд бид Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны гудамжинд 80 настай эмэгтэй ухаан алдсан гэсэн дуудлагын дагуу хөдөллөө. Төв зам түгжрэлтэй байсан учир аль сийрэг газраар сүлжилдсээр Хүүхдийн ордон өнгөрөөд төв зам руу орж чадалгүй түгжрэлд гацав. Арав орчим жил түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байгаа Г.Бат- Эрдэнэ дуут дохиогоо асаасан боловч хэн ч зам тавьж өгсөнгүй. Бүр эсрэгээрээ, урдуур нь дайрч байгаа нь харамсал, бухимдал төрүүлж байв.
Түгжрэлд гацсаар 20.30 цагт дуудлага өгсөн айлдаа ороход ухаан алдсан гэх өндөр настан аль хэдийнэ сэргэсэн байв. Эмч үзлэг хийж, харьяа дүүргийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэйг зөвлөөд гарлаа. 40 мянгат, архины хордлогод орж, даралт ихэссэн гэх гурав дахь дуудлагаа 21.10 цагт авсан боловч дахин яаралтай дуудлага ирж, түр хойшлуулсан юм. Тиймээс чиглэлээ өөрчилж, Баянгол дүүргийн 32 дугаар байранд цусанд хутгалдсан хүн хэвтэж байна гэх дуудлага авч, III, IV хороолол руу хөдөллөө. Ингээд тус байрны нэгдүгээр орцны үүдээр ороход архи, шээсний эхүүн үнэр хамар цоргив. Жижүүрийн өрөө өнгөрөөд хартал өвчтөн нэг давхрын цахилгаан шатны урд цусан дунд хэвтэж байв. Өвчтний толгой хагарахдаа артерийн судас таарснаас цус их алдсан аж. Ингээд эмч цус алдалтыг тогтоохын тулд толгойны хагарсан хэсэгт нь оёдол тавьж өгөөд гарлаа. Дараагийн очих газар төмөр замын GB орон сууцны хотхон. Энэ удаа мөн л архи хэтрүүлэн хэрэглэж, гэр рүүгээ явах замдаа машинд мөргүүлэн шидэгдсэн гэх ослын дуудлагад яаран очив. Биднийг үүдээр ороход өвчтний зүүн нүд хялар болчихсон, хөл гар нь чичрэн сууж байлаа. Гэр бүлийнхнээс нь асуухад мөргөсөн жолооч нь хэргийн газраас зугтжээ. Өвчтнийг асран хамгаалагчтай нь хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгөхөөр 22.28 цагт хөдлөв.
Улаанбаатар хотын нэг шөнө эх орныхоо төлөө дайтах бус архины халуунд хөлчүүрхэж, хүний амь бүрэлгэхээс ч буцахгүй явдлуудаар бужигнана. Юугаар ч үл хэмжигдэх хүний утсан чинээ амь шил архинаас ч дор үнэтэй болоод буй нь харамсалтай. Цааш гурван дуудлагад очиход залуучуудын ухааныг бүхлээр нь залгигч бор дарсны хар гайгаар эхнэр, нөхөр хоорондоо маргалдаж, нэгнийхээ хуйхыг дэлгэсэн, орцондоо зодуулсан, 20 гаруй насны залуучууд бүлэглэн 40 орчим настай хүнийг зодож, гэмтээсэн гэх нүд халтирам хэргүүд шил дараална.
• Түргэний эмч нарын цалин ердөө 580 мянган төгрөг.
• Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй осол, гэмтэл, хордлого, даралт ихэссэн гэх дуудлага тасардаггүй.
• Улаанбаатар хотын нэг шөнө эх орныхоо төлөө дайтах биш нэг лонх архины халуунд хөлчүүрхэж, нэгнийхээ амийг бүрэлгэхээс ч буцахгүй явдлуудаар бужигнана.
Үдшийн 20.00 цагаас хойш зодоон, маргаанаас үүдэлтэй толгой хагарсан, гэмтсэн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж буй хүмүүсийн 10 хүн тутмын долоо нь согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд эзэлдэг гэж албаныхан хэлж байсан. Тэгвэл энэ дүр зураг биднийг очиход нүднээ ил байв. Хөлөө гэмтээсэн, халуун цайнд түлэгдэж өвчиндөө шаналан уйлах балчир үрсээс авахуулаад гар, хөлөө хугалсан, босох чадалгүй болсон өндөр настнууд ээлж дарааллаа хүлээн чимээгүй зогсож байхад 20 гаруй насны залуучууд бор дарс хүртсэндээ хөлчүүрхэн өндөр дуугаар бархирч, бусдыг айлгаж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй