Тэрбумтны эгнээ нэгээр нэмэгдлээ

Мөнгө ба бизнес


Өмнө нь энэ жагсаалтад М.Жордан, Т.Вудс гэсэн хоёрхон тамирчин байв

Тулааны спортын түүхэнд үлдэх нэгэн чухал үйл явдал өнгөрсөн долоо хоногт болж, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мейведер холимог тулааны босоо аварга Коннор Макгрегорыг хүнд цохилтоор буулгаж авсан. Энэхүү тулааны талаар хэвлэлүүд хангалттай ихийг бичсэн тул дахин нуршаад яахав. Харин Мейведер 10 раундын тоглолтын дараа 400 сая ам.долларын шагнал авснаар тэрбумтан тамирчдын эгнээнд нэгдэн орж байна. Өмнө нь энэ жагсаалтад сагсчин Майкл Жордан, гольфчин Тайгер Вудс гэсэн хоёрхон тамирчин байв. Спортын талбарт амжилт гаргахын төлөө хөлс хүчээ харамгүй зориулж, эцэст нь тэрбумтан болтлоо баяжиж чадсан энэ гурван тамирчны замналыг сонирхуулъя.

ТАЙГЕР ВУДС
Цагтаа цалгиж, дэлхийн шилдэг гольфчдын тэмцээнд завсаргүй түрүүлж явсан үе түүнд бий. Гольф угаас шагналын сан өндөр спорт учраас тэр хэрээр хэтэвч нь зузаарсаар байлаа. Улмаар 2009 онд “Форбс” сэтгүүл түүнийг спортоос төрсөн анхны тэрбумтан болсныг албан ёсоор  зарлажээ. Тэрбээр ид үедээ жилд 100 саяыг олох нь энгийн үзэгдэл байв. Харамсалтай нь, энэ домогт тамирчин сүүлийн жилүүдэд барцадтай байна. Архи, шоу цэнгээнд донтохын хэрээр амжилт нь эрс уруудсан. Мөн согтуугаар машин жолоодож яваад осол гаргаж, цагдаад саатуулагдсан удаатай. Энэ мэт шалтгааны улмаас хөрөнгө нь нэлээд багасчээ. Гэхдээ л могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг их савны ёроол яаж дундрахав. Хамгийн сүүлийн тооцоогоор түүний нийт хөрөнгийг 740 сая ам.доллар гэж үнэлсэн байна.

МАЙКЛ ЖОРДАН
Тэрбээр сагсан бөмбөгийн талбайд ялан дийлэгч байсан шигээ бизнесийн салбарт ч амжилт олсоор явна. Майкл тамирчин байх хугацаандаа нийт 93 сая ам.долларын цалин авсан байдаг. Үүний хажуугаар Nike-тай байгуулсан аварга гэрээ нь түүнийг хамгийн баян тамирчдын жагсаалтад жил бүр оруулдаг байв. Улмаар зодог тайлснаас хойш бизнесийн салбарт шилжиж, 2010 онд “Шарлотт Бобкэтс” (өнөөгийн “Шарлотт Хорнетс”) багийг 278 сая “ногоон”-оор худалдан авсан юм. Чухам энэ наймаа түүний хөрөнгө зоорийг үлэмж арвижуулсан гэдэг. Майкл багаа зөв менежментээр удирдсаны ачаар 278 сая байсан багийн үнэлгээ нь өдгөө 780 сая болж өсчээ. Энэ өсөлт түүнийг спортоос төрсөн хоёр дахь тэрбумтан болгосон юм. “Форбс” сэтгүүлийн тооцоолсноор түүний Nike-тай хамтарч гаргадаг Air Jordan брэнд нэг тэрбумаар үнэлэгдэж байгаа аж. “Шарлотт” багийнх нь үнэлгээ ч жил ирэх тусам өссөөр байгаа. Энэ жил л гэхэд өмнөх онтой харьцуулахад дөрвөн хувийн өсөлттэй байв. Өдгөө Жорданы нийт хөрөнгө 1.3 тэрбумд хүрчээ.

ФЛОЙД МЕЙВЕДЕР
“Мөнгө” хочит энэ эр мэргэжлийн боксын бүх цаг үеийн түүхэнд дээгүүр байр эзлэх учиртай. Чанга хатуу мэргэжлийн рингэнд 49 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсны дараа зодог тайлсан домогт аварга. Улмаар боксоос хоёр жил завсарласны эцэст рингэндээ эргэн ирж, Макгрегорыг зодчихоод 400 саяыг өвөртлөөд харьж байна. Өмнө нь 2015 онд Филиппиний М.Пакьяог ялж, 240 саяыг авсан бол энэ удаа шагналын хэмжээгээ үлэмж өсгөж чаджээ. Түүнийг сайн боксчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүнчлэн сайн тулалдахаас гадна мундаг шоучин гэдгээ алхам тутамдаа мэдрүүлдэг. Нэг ёсондоо өөрийгөө рекламдаж, үнэд оруулж, олны дунд хүлээлт үүсгэхдээ хамгийн сайн нь. Тиймдээ ч түүний хийсэн тулаануудад асар их бооцоо тавигдаж, их мөнгө эргэлдэж байдаг юм.



САНАЛ БОЛГОХ