Унгар, Германыг дайлаар мордсон тэмдэглэл

Спорт


Жүдог үндэсний спорттойгоо хослуулан өөрийн арга барилыг бүрдүүлж чаджээ

Нэгэн цагт өвөг дээдэс маань зэр зэвсгээ агсаад буурал тивийг дайлаар мордож байлаа. Тэгвэл өдгөө спортоор дамжуулан улс орныхоо сүр хүчийг үзүүлдэг болжээ. Чөлөөтийнхөн хэдхэн хоногийн өмнө Францын нийслэл Парист гялалзтал барилдаж, алт, хүрэл медаль нэжгээдийг хүртсэн бол залгуулаад жүдочид Унгарын Будапештэд, боксчид Германы Хамбургт амжилттай “үзэлцэж” явна. Ердөө арав гаруйхан жилийн өмнө Монголын тамирчид дэлхийн дэвжээнээс медаль авах нь мөрөөдөл шахам байлаа. Хааяа л нэг медаль авчирна. Түүндээ хөөрч баярлана гэж жигтэйхэн. Тэдэн жил тасарсан медалийг авчирлаа гээд л. Гэтэл одоо байдал өөрчлөгджээ. Сая чөлөөтийн тамирчид нэг алт, нэг  хүрэлтэй ирэхэд голох маягтай байна шүү. Мэдээж үүнээс илүү амжилт гаргах боломж байсан болохоор ингэж хандсан. Харин одоо бокс, жүдогийнхноос бүр ч илүү амжилт хүлээн суугаа нь тодорхой. Жүдочдын хувьд дэлхийн аваргын гараагаа сайхан эхлүүлж, нээлтийн өдөр мөнгө, хүрэл медальтай болоод авав. Ингэснээр багийн дүнгээр аман хүзүүдэж, Японы ард бичигдэж эхэллээ. 2013 онд дэлхийн аварга болж, бөмбөрцөгт нэрээ данслуулсан М.Уранцэцэг хэдэн жил санасандаа хүртэл барилдаж чадахгүй байсны эцэст энэ удаа мөнгөн медалиар цуглуулгаа арвижуулав. Ингэснээр дэлхийн аваргын хос медальтай хоёр дахь бөх ийн болж байна. Хэвтээ барилдаанд хэнийг ч гаргаахгүй гэдгээ дахин нэг харууллаа, манай аварга. Бага зэрэг аз түшсэн бол дахин түрүүлчих ч боломж байв. Бүгдийн эмээж байсан дэлхийн аварга япон бөхийг түүртэлгүй ялахыг нь харахад яах аргагүй ид үедээ яваа нь ойлгогдоно. Жүдочдоо дэмжихээр Унгарт очоод буй шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга түүний медалийг гардуулсан нь тохиолдлын явдал биш байв. М.Уранцэцэгийн дараа буюу 2014 онд дэлхийд түрүүлсэн бөх бол Г.Болдбаатар. Шавилхан биетэй ч асар их бяртай, элдэвтэй барилдаантай тэрбээр энэ удаа хүрэл медаль дээр бууж, мөн л хос медальтны эгнээнд нэгдлээ. Олимпийн медальт узбек эрд цаг сунгаад хожигдоогүй бол шагналын дээд тавцанд дахин гарсан байхыг ч үгүйсгэхгүй. Тэрбээр тэмцээний дараа “Нэлээд хүнд сугалаа татсан. Шөвгийн наймд орохын төлөө сүүлийн хэдэн тэмцээнд дараалж түрүүлээд байсан Японы залуу тамирчинтай таарч хожлоо. Медаль авсандаа баяртай байна” хэмээн ярьжээ. Энэ өдөр өөр нэг монгол бөх шагналын тавцанд зогссон. Энэ бол Казахстаны нэр дээр барилдаж буй Г.Отгонцэцэг. Одоогоор казахууд ДАШТ-ээс ганц медаль аваад байгаа нь манай Г.Отгонцэцэгийнх. Бид дэлхийн хэмжээний тамирчин өчнөөнөөр нь бэлдэж, зарим нь дотооддоо багтаж шингэж  чадалгүй харь орны нэр дээр хүч үзэж эхэлсний тод жишээ нь энэ болж байна. Түүгээр ч үл барам Э.Базаррагчаа (48 кг), П.Буянхишиг (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) гэсэн өөр гурван бөх Азербайжаны нэр дээрээс барилдаж буйг энд онцолъё. Монголын хоёр бөх шагналын тавцанд зэрэгцэн зогсож байх  үед тэмцээний албан ёсны сайтын хөтлөгч нь манай орныг гуравхан сая хүнтэй хэрнээ гайхалтай авьяаслаг ард түмэн, жүдог үндэсний спорттойгоо хослуулан өөрийн арга барилыг бүрдүүлж чаджээ хэмээн магтсан. Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатар “Уг нь бид хоёр аварга болох зорилготой байсан. Отгоо маань жаахан хашир барилдчихлаа. Уг нь өөрөө мэх хийсэн боловч нөгөө талд оноо өгчихсөн. Гэхдээ ямар ч байсан олимп, дэлхийн медальтан боллоо. Сайхан байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Эхний өдөр манай гурван бөх тэмцээнээ өндөрлүүлсэн бол цаана нь дахин 16 хүчтэн ээлжээ хүлээж байна. Өчигдөр Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Ч.Аззаяа нар дэвжээнд гарсан юм.

Монголын гурван бөх Азербайжаны нэр дээр барилдаж байна


Боксын ДАШТ-д манайхаас харьцангуй цөөхөн буюу дөрвөн тамирчин оролцож байгаа. ДАШТ-д өрсөлдөхийн тулд тивийн аваргаасаа эрх авдаг болсон тул оролцох тамирчны тоо ийн цөөрчээ. Гэхдээ манайхан цөөхүүлээ гээд шантарсангүй, бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байв. Тэд урд шөнө медальтай үлдэх, эсэхээ шийдэх чухал тулааныг хийсэн. Олон улсын боксын холбоо (AIBA)-ны албан ёсны сайтад энэ талаар “Монголын боксчид 100 хувийн бүрэлдэхүүнтэйгээр медалийн төлөөх тулаанд гарч ирлээ. Боксын баялаг уламжлалтай энэ баг 2008 онд Э.Бадар-Ууган олимпийн аварга болсноос хойш дахин сэргэсэн. Харин одоо шинэ үе нь гялалзтал тоглож байна” хэмээн бичжээ. Өчигдрийн байдлаар 31 орны тамирчид медалийн төлөөх даваанд тунан үлдээд байсан. Узбекистаны есөн боксчин торойн хоцорч, бусдыгаа тэргүүлсэн бол Куба найм, Казахстан долоо, дэвжээний эзэн Герман зургаа, Колумб, Англи, Монгол, АНУ-аас тус бүр дөрвөн хүн үлджээ. Тивээр нь авч үзвэл Европын 27, Азийн 26, Америк тивийн 21 боксчин энэ даваанд шалгарсан юм.
САНАЛ БОЛГОХ